logo
Архи, тамхины онцгой албан татварыг хоёр дахин нэмлээ

Архи, тамхины онцгой албан татварыг хоёр дахин нэмлээ

2012/09/12
УИХ-ын 2012 оны ээлжит бус чуулганы есдүгээр сарын 11-ний Мягмар гарагийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар гурван асуудал хэлэлцсэний эхнийх нь Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд, Тогтоолд нэмэлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл байв.
Архи, согтууруулах ундаанд ногдуулах татвар байга байгаагаас сүүлийн жилүүдэд дотоодод үйлдвэрлэсэн архи, согтууруулах ундааны хэрэглээ өсөн нэмэгдэж архины хэрэглээгээр өндөр дэохийн улс орнуудын жишигт ойртон очиж байгаа тул иргэдийн архины хэрэглээг хязгаарлах, түүнийг зохистой түвшинд байлгах, архидалтын хор хөнөөлтэнй тэмцэх зорилгоор Онцгой албан татварын хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. Уг төсөлд дотоодод үйлдвэрлэсэн болон импортын архинд ногдох онцгой албан татварыг 40 хүртэл хатуулагтай, 40 ба түүнээс дээш хатуулагтай гэж ангилж байсныг 25 хүртэл хатуулагтай, 25-40 хүртэл хатуулагтай, 40 ба түүнээс дээш хатуулагтай хэмээн ангилахаар болж, 25-аас дээш хатуулагтай архинд ногдох онцгой албан татварыг хоёр дахин нэмэгдүүлэхээр тусгажээ.
Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн хоёр төслийг Засгийн газраас өргөн мэдүүлснийг Төсвийн байнгын хороо нэгтгэн хэлэлцээд зарчмын зөрүүтэй санал гараагүйн дээр УИХ-ын гишүүн Ч.Улаан хууль, тогтоолын төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал дэвшүүлснийг дэмжсэн санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг танилцууллаа.
Төсөлтэй холбоотойгоор гишүүд асуулт асуух болоход УИХ-ын гишүүн Ж.Батсуурь эх орны үйлдвэрийн бараанд ногдуулах татварыг дан төгрөгөөр авч байхаар хуульчилсан атал доллароор илэрхийлж байгаа нь хөдөө орон нутгийн үйлдвэр-худалдаа эрхлэгчдийг долларын эрэлд мордоход хүргэх эсэх, онцгой албан татварын хэмжээ нэмэгдэхээр татвар хурааж авах боломж улам дордох эсэхийг лавлалаа.
С.Баярцогт гишүүн үүнд хариулахдаа “2011 онд Монгол Улсад бүх татварын хэмжээг төгрөгөөр илэрхийлэхийг хуульчилж, тухайн үеийн УИХ үүнийг дэмжсэн. Үнэхээр үйлдвэрлэл нэмэгдээгүй байхад татвар нэмэгдэхээр архи спиртийн төрлийн бараан дээр далд үйлдвэрлэл ихсэх хандлага гардаг тул Засгийн газарт тодорхой үүрэг өгөх ёстой гэж үзэж байна” гэв.
Асуулт үүгээр дуусаж, УИХ-ын дарга дээрх төслүүдийг анхны хэлэлцүүлгээр батлах байнгын хорооны горимын саналын дагуу төсөл нэг бүрээр гишүүдийн саналыг хурааснаар дээрх 6 төсөл анхны хэлэлцүүлгээр батлагдлаа.
Энэ удаагийн хуралдаанаар мөн Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд тухайн асуудлаар Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Баярцогт танилцуулсны дараа эдгээр төсөлтэй холбоотойгоор асуулт тавих, санал хэлэх гишүүн байсангүй.
Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон, санхүүгийн жилийн явцад эдийн засгийн өөрчлөлтөөс шалтгаалан батлагдсан төсөвт төлөвлөсөн орлого орох боломжгүй болсон зэргээс шалтгаалан төсвийн тодотгол хийх санал боловсруулсан байна.
Төсвийн байнгын хорооны хуралдаан дээр Засгийн газраас өргөн барьсан төслүүдийг дэмжиж, Монгол Улсын 2012 оны төсвийн алдагдлыг ДНБ-ий 5 хувиас хэтрүүлэхгүй байх зарчмыг баримтлах нь зүйтэй гэсэн саналыг дэмжжээ. Мөн төсвийн орлогыг бүрэн дайчлах замаар орлогын төлөвлөгөөг бүрэн биелүүлж, үлдэж буй хугацаанд орлогын нэмэгдэл эх үүсвэр буй болгох, бүх шатанд хэмнэлтийн хатуу зарчим баримтлах замаар төсвийн зарлага, санхүүжилтийг бууруулахад Засгийн газар онцгой анхаарч ажиллах нь зүйтэй гэж үзсэн байна.
Төслийг боловсруулахдаа хэмнэж болох зардлууд болон хэрэгжиж эхлээгүй байгаа нэг удаагийн арга хэмжээг хойшлуулах, гадаад томилолт арга хэмжээний зардлыг бууруулах, тендер нь зарлагдаагүй, ажил нь эхлээгүй барилга байгууламжид төлөвлөгдсөн хөрөнгийг 2013 оны төсөвт шилжүүлэх зэрэг зарчмыг баримтлан төсвийн хөрөнгө оруулалтын зардлын тооцоо хийжээ. Хөрөнгө оруулалтын зардлаас нийт 312.3 тэрбум төгрөгийг ирэх онд шилжүүлэн тооцож, 30.5 тэрбум төгрөгийн хөрөнгийг багцад нь багтаан өөрчлөх замаар хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг 281.8 тэрбум төгрөгөөр бууруулахаар төсвийн тодотголд тусгасан байна.
Дээрх өөрчлөлтүүдийг Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуулинд тусгаснаар нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 495.0 тэрбум төгрөгөөр буурч 5,508.6 тэрбум төгрөг, нийт зарлага 160.6 тэрбум төгрөгөөр буурч нэгдсэн төсвийн нийт зарлага 6,307.1 тэрбум төгрөг болж, нэгдсэн төсвийн нийт алдагдал 334.4 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, 798.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 4.9 хувьтай тэнцэхээр байгаа аж.
Үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар удтал хэлэлцсэн нэг асуудал нь "Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх тухай асуудал байсан бөгөөд эхлээд хууль санаачлагчийн илтгэлийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг, дараа нь Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Р.Гончигдорж танилцуулав.
Засгийн газраас УИХ-д 2012 оны есдүгээр сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг Төрийн байгуулалтын байнгын хороо өнөө өглөөний хуралдаанаараа хэлэлцээд санал нэгтэй дэмжиж, УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ.
“УИХ-ын 2012 оны сонгуулийн үр дүнд шинээр байгуулагдсан Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн зорилт, арга хэмжээ нь иргэн хүний хүртэх үр ашиг, нийгэмд гарах үр дүнгийн өөрчлөлтүүдийг тусгаснаараа өмнөх хөтөлбөрүүдээс онцлогтойгоос гадна 2012-2016 онд хийх шинэчлэлийн зорилт, арга хэмжээ, хэргжүүлэх зарчим, үйл ажиллагааг тодорхой эрэмбэлэн тогтоож өгсөн учраас хэрэгжих бүрэн боломжтой” гэж уг дүгнэлтэд өгүүлсэн байна. Түүнчлэн “Ажил орлоготой Монгол хүн”, “Эрүүл чийрэг Монгол хүн”, “Эрдэм боловсролтой Монгол хүн”, “Аюулгүй орчинтой Монгол хүн”, “Эрх чөлөөтэй Монгол хүн” гэсэн 5 бүлгийн хүрээнд өргөн хүрээтэй ажиллаж, үр бүтээл гаргах үндсэн зорилтыг хэрэгжүүлэхээр тусгаж, Засгийн газрын бүрэн эрхийн 4 жилийн хугацаанд зорилтыг биелүүлэхийн тулд төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтнууд туйлын идэвх, чармайлттай ажиллаж, улс төрийн хүчнүүдийн нягт хамтын ажиллагаа, нийгмийн идэвхтэй дэмжлэг, оролцоотойгоор хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байгааг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдээс тэмдэглэн хэлжээ.
Байнгын хорооны хуралдааны явцад УИХ-ын гишүүн Н.Батцэрэг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд эдийн засаг дахь төрийн хязгаарлагдмал оролцоо гэдгийг зохистой оролцоо хэмээн тодорхойлох нь зүйтэй; УИХ-ын гишүүн С.Баярцогт дээрх хөтөлбөрийг боловсруулахдаа Ардчилсан намаас УИХ-ын 2012 оны ээлжит сонгуульд оролцохдоо сонгогч олон түмэндээ танилцуулж зөвшөөрүүлсэн хөтөлбөр болон олонхийг бүрдүүлж буй Иргэний зориг, ногоон нам, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн хөтөлбөрт үндэслэсэн учраас УИХ шуурхай хэлэлцэж батлах нь зүйтэй гэсэн санал тус тус хэлжээ.
Үдээс өмнөх нэгдсэн хуралдаан дээр дээрх асуудалтай холбоотойгоор олон гишүүн асуулт асууж тухайн салбарын сайд нараас дэлгэрэнгүй хариулт авсан юм.  
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш