logo
Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

2012/09/12
УИХ-ын ээлжит бус чуулганы 2012 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн үдээс хойших хуралдаан 16.50 цагт эхэлж, Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ.
УИХ-ын чуулганы дэгийн дагуу уг хөтөлбөрийг дэмжсэн болон дэмжээгүй гурав, гурван гишүүн өөрсдийн саналаа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Я.Содбаатар, А.Тлейхан нарын гишүүд, Засгийн газрын мөрийн хөтөлбөр бол төрийн чухал бодлогын баримт бичиг учраас чамбай, тодорхой байх ёстой. Гэтэл энэ хөтөлбөрийн үзүүлэлтүүд тодорхой биш байна. Иргэдийн нийгэм, эдийн засгийн амьдрал хэдэн хувиар, яаж өөрчлөгдөх, хэрхэн нэмэгдэх нь харагдахгүй байна. Цөөн хэдэн салбарыг хамруулсан байгаа нь учир дутагдалтай юм. Ойлгомжтой, шалгуур үзүүлэлт, дүгнэх арга зүйг тоо баримттай тусгах хэрэгтэй. Мөн уул уурхайн орлогыг хуваарилаад дуусгадаг тогтолцоог өөрчилж, өсгөдөг, үржүүлдэг, гарсан ашгаа иргэдэд хүртээдэг тал дээр анхаарах цаг болжээ. Хэлэлцэх явцад гишүүдээс гарсан санал тусгагдаад явна гэж ойлголоо хэмээгээд дэмжихгүй байгаагаа хэлсэн.
Харин Д.Оюунхорол, Н.Батцэрэг, Ж.Эрдэнэбат нарын гишүүд Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг дэмжиж үг хэлэв. Гишүүд намуудын мөрийн хөтөлбөрт тусгагдсан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг Засгийн газрын хөтөлбөрт оруулахыг санал болголоо. Эрх мэдлийн хуваарилалтыг Үндсэн хуулиараа зааглаж, цаг үетэйгээ зохицсон сонгодог тогтолцоог бий болгох нь томоохон реформ болно гэдгийг гишүүд онцолж байсан юм.
Ингээд гишүүд үг хэлж дууссны дараагаар Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжье гэсэн томъёоллоор санал хураалт явуулсан. Хуралдаанд оролцсон 51 гишүүний 35 нь дэмжснээр 68,6 хувийн саналаар хэлэлцэхээр болж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төрийн байгуулалтын болон бусад байнгын хороодод шилжүүлснээр хуралдаан өндөрлөлөө. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш