logo
Сомалийн шинэ ерөнхийлөгч сонгогдлоо

Сомалийн шинэ ерөнхийлөгч сонгогдлоо

2012/09/12
Сомалийн парламент шинэ ерөнхийлөгчийг сонгосон нь олон улсын дэмжлэгийг хүлээж байна. Дайн дажны хөлд нэрвэгдсэн энэ улсын засгийн газар хүч нөлөө султай учраас шинэ ерөнхийлөгчийг хүлээж буй сорилт цөөнгүй байгаа юм. Парламентын гишүүдийн дунд явуулсан санал хураалтаар улс төрд шинээр хөл тавьж буй Хассан Шэйх Мухаммад 190 хүний дэмжлэгийг хүлээж, ерөнхийлөгч Шэйк Шариф Шэйх Ахмедыг ялжээ. Мухаммад парламентын гишүүдэд хандан өөрийг нь сонгосонд талархсанаа илэрхийлжээ. Мөн тэрээр улс эх орноо сэргээн хөгжүүлэхэд хамтран ажиллахыг ард түмэндээуриалсан байна.
Мухаммад өнгөрсөн онд Энх Тайван Хөгжил нэртэй улс төрийн намаа байгуулжээ. Үүнээс өмнө тэрээр Менежмент, Засаг Захиргааны хөгжлийн институтид багшилдаг байсан байна. Шинжээчдийн хэлж байгаагаар Сомалийн хууль тогтоогчид Мухаммадыг сонгосон нь өөрчлөлт шинэчлэлт хийх зорилготой алхам болсон аж. Учир нь хуучин ерөнхийлөгч Ахмедын засгийн газар ихээхэн шүүмжлэлд өртдөг байжээ. Жишээ нь өнгөрөгч зургадугаар сард гаргасан тайланд түүний засгийн газрын гишүүд авилга авах явдал газар авсныг онцолсон байна. Ахмедын засгийн газар түүнчлэн далайн дээрэмчдийн зартай бүлэглэлийн толгойлогчийг өмгөөлж хаацайлж байсан тухай мэдээлэл ч байгаа юм.
1991 онд зэвсэгт бүлгийнхэн Сомалийг удаан хугацаанд дарангуйлан захирсан удирдагчийг төрийн эрхнээс түлхэн унагасны дараа зөрчил үймээн газар авсан билээ. Түүнээс хойш 2004 оныг хүртэл Сомалид төв засгийн газар байгуулагдаагүй юм байна. Харин 2004 оноос найман жилийн турш түр засгийн газар эрх барьсаар иржээ. НҮБ-ын дэмжлэгтэйгээр байгуулагдсан түр засгийн газрын бүрэн эрхийн хугацаа өнгөрөгч наймдугаар сарын 20-нд дуусгавар болсон байна. Үүний дараа шинэ ерөнхийлөгчийг томилох асуудал яригдах болсон юм. Гэвч улс төрчдийн санал зөрөлдөөн, сүрдүүлэг зэрэг олон шалтгаанаас болж шинэ парламентын 275 гишүүнийг сонгох ажил хойшилсон байна.
Даваа гаригт болсон ерөнхийлөгчийг сонгох санал хураалтад 269 хууль тогтоогч оролцжээ. Сомалид өнгөрсөн оныг бодвол мэдэгдэхүйц ахиц өөрчлөлтүүд гараад байгаа юм. Аль-Кайдатай холбоотой Ал-Шабаб зэвсэгт бүлгийнхэн засгийн газраа эсэргүүцэн тэмцсэн. Гэвч тус бүлгийнхнийг 2011 оны наймдугаар сард нийслэл Могадишу хотоос шахан гаргажээ. Түүнээс хойш Могадишу хотынхны амьдрал буцаад хэвийн байдалдаа орсон байна. Ал-Шабааб зэвсэгт бүлгийнхэн засгийн газрын хүчнийхэнд ялагдсаныхаа дараа Сомалийн хойд хэсэг боло Йемен рүү зугтжээ.
Э.АМАР 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш