logo
Уго Чавезыг залуу өрсөлдөгч нь

Уго Чавезыг залуу өрсөлдөгч нь "айлгаж" байна

2012/09/12
 Ням гаригт Венесуэлын сөрөг хүчний намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Энрике Каприлес одоогийн ерөнхийлөгч Уго Чавезын социалист бодлогыг эрс шүүмжилсэн байна. Энрикегийн хэлснээр катитализмын эсрэг хатуу байр суурьтай Чавез 14 жилийн турш төрийн эрхэнд байх хугацаанд Венесуэл нь хүн амины хэргийн гаралт хамгийн өндөртэй улсуудын тоонд орох болжээ. Мөн шоронгуудад үргэлж зөрчил үймээн дэгддэг, эрүүл мэндийн үйлчилгээ муу байгааг тэрээр шүүмжилсэн байна.
Каприлес ерөнхийлөгч Чавезыг холбоотон улсуудтайгаа түлш нийлүүлэх удаан хугацааны гэрээ байгуулж, Венесуэлын газрын тосны баялагийг үрэн таран хийж байна хэмээн буруутгажээ. Харин Чавез энэ мэдэгдлийг няцаагаад байгаа юм.
Каприлес хэлэхдээ "Бид гадны улсуудыг тэтгэж туслахад бус, эх орноо хөгжүүлэхэд газрын тосны баялагийг ашиглах үүрэгтэй" гэжээ. Тэрээр 10-р сарын долооны сонгуульд ялалт байгуулсан тохиолдолд хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө танилцуулах үеэрээ энэ мэдэгдлээ хийсэн байна.
Энрике Каприлес Радонски нь өрсөлдөгч Уго Чавезаас даруй 18 насаар дүү бөгөөд түүнийг залуучууд голцуу дэмжиж байгаа юм. Энэ нь Чавезыг болгоомжлоход хүргэж байгаа зүйлүүдийн нэг аж. Түүнчлэн Социалист удирдагч эрүүл мэндийнхээ талаар тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзсаар байгаа билээ.
Каприлес ялалт байгуулж, Венесуэлын дараагийн төрийн тэргүүнээр сонгогдвол инфляцийг бууруулж, цалингийн доод хэмжээг нэмэгдүүлэхээ амласан байна.
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш