logo
Канадчууд төрийн албыг шинэчлэх ажилд амжилт хүслээ

Канадчууд төрийн албыг шинэчлэх ажилд амжилт хүслээ

2012/09/13
УИХ-ын дарга З.Энхболд Канад улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Грегори Гөүлдхок, Канад улсын Төрийн албаны комиссын Ерөнхийлөгч асан хатагтай Мариа Баррадос нарыг /2012.09.12/ хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд З.Энхболд дарга Төрийн албаны зөвлөлтэй хамтын ажиллагаатай байдагт нь талархаад шинэ бүрэлдэхүүнтэй Засгийн газар төрийн албыг нийтийн алба болгож шинэчлэл хийх зорилготой байгаа гэдгийг онцоллоо. Түүнчлэн төрийн албанд хуучин системийн сэтгэлгээ салж өгөхгүй байгаа нь шинэчлэл хийх гол шалтгаан болж байгаа гэдгийг дурдсан. Тухайлбал, 1990-ээд оны эхээр төрийн албан хаагчдын цалин хувийн хэвшлийн байгууллагуудын цалингаас бага байснаас төрд ажиллах боловсон хүчин дутмаг болж байсан. Төр албан хаагчдаа авч үлдэхийн тулд төрд ажиллагсдын нэг хүүхдийнх нь их, дээд сургуулийн сургалтын төлбөрийг даах, тэтгэвэрт гарахад нь гурван жил хүртэлх хугацааны цалин өгөх, алдаа гаргавал халдаггүй байсан нь төрийн албыг яаж ч ашигласан болно гэдэг сэтгэлгээ суулгасан. Улмаар авлига авсан ажилтныг халж чаддаггүй болсон. Тиймээс төрийн албан хаагчийн ажлыг дүгнэж болдог,төрийн албанд муу ажилласан нь халагдаж цэвэршиж байх, соёлтой төрийн алба руу орох цаг нь болсон гэж энэ парламент, Засгийн газар үзэж байна хэмээн З.Энхболд дарга хэллээ.
Элчин сайд Грегори Гөүлдхок болон хатагтай Мариа Баррадос нар цаг гарган хүлээн авч уулзсан УИХ-ын даргад талархаж байгаагаа илэрхийлээд Төрийн албаны зөвлөлийг шинэчлэх ажлыг зоригтойгоор эхлүүлж байгаад нь амжилт хүсэв. Түүнчлэн “Төрийн алба иргэдэд үйлчлэх хамгийн сайн нөхөр байх ёстой. Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Төрийн албыг шинэчлэх ажлын хэсэг болон Төрийн албаны зөвлөлийнхөнтэй уулзаж байсан. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төрийн албыг шинэчлэхэд Канадын төрийн албаны комиссын төлөөлөгчдийн үүрэг, оролцоо өндөр гэдгээ бидэнд илэрхийлсэн. Бид энэ ажилд идэвхитэй оролцоно” гэлээ. Ноён Грегори Гөүлдхок манай улсад Элчин сайдаар ажиллах энэ хугацаанд төрийн албыг шинэчлэх ажилд оролцох нь хамгийн том ажил байх болно гэдгээ мөн хэлж байв.  Түүнчлэн Канадын Засгийн газарт ажиллаж байсан нэртэй хуульч ирээд байгаа гэдгийг УИХ-ын даргад дуулгалаа.
Уулзалтын төгсгөлд З.Энхболд дарга Монголын парламент хуулийн төсөл хэрхэн хэлэлцэж  баталдаг үйл явцын талаар сонирхуулж, улмаар төрийн албаны шинэчлэлд Канадын Төрийн албаны комиссынхны туршлага хэрэг болно гэдгээ илэрхийллээ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш