logo
УИХ-ын бүрэн эрхэд хамаарах зарим асуудлыг хасахыг дэмжив

УИХ-ын бүрэн эрхэд хамаарах зарим асуудлыг хасахыг дэмжив

2012/09/13
Хууль зүйн байнгын хорооны есдүгээр сарын 12-ны хуралдаанаар "Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хөтөлбөртэй холбоотойгоор хоёр гишүүн санал гаргасны нэг нь Ж.Батзандан гишүүн байсан бөгөөд тэрбээр Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн “Эрх чөлөөтэй монгол хүн” хэсэгт 20 гаруй нэмэлт, өөрчлөлт оруулах саналтай байгаагаа хэлээд тэдгээрээс зарим чухал гэснийг нь уншиж танилцуулсны дараа саналынхаа нийт томьёолллыг Ажлын хэсэгт өгөхөөр болов. 
Эдгээр өөрчлөлтөд нь ерөнхийдөө найруулгын болон тодотголын чанартай саналууд тусгагдсан тул тэдгээр заалтын талаар Байнгын хороодын гишүүдээс санал хураалгүйгээр бусад байнгын хороодоос ирүүлсэн саналуудтай нэгтгэе гэсэн саналыг гишүүд дэмжлээ.
Мөн УИХ-ын гишүүн Р.Гончигдорж Үндсэн хуулийн 25-р зүйлийн 1-4-т нэгэнт заасан учир Засгийн газрын мөрийн хөтөлбөр дэх УИХ-ын бүрэн эрхэд хамаарах зарим асуудал, тухайлбал, “УИХ-д Өргөдлийн байнгын хороо байгуулж, шууд ардчиллын элементийг парламентын хяналтанд оруулна; УИХ, Засгийн газрын нээлттэй сонсоголын хэлбэрүүдийг хуульчлан баталгаажуулна” гэсэн заалтуудыг мөрийн хөтөлбөрөөс хасахыг санал болгов.
Байнгын хорооны гишүүд дээрх саналыг дэмжсэн санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш