logo
Aмерик эрдэмтэд хөгжмийн аянд бүжиглэдэг робот бүтээлээ

Aмерик эрдэмтэд хөгжмийн аянд бүжиглэдэг робот бүтээлээ

2012/09/13
Жоржиагийн Техникийн их сургуулийн хөгжмийн технологийн тэнхимийн эрхлэгч Гил Вайнберг"Шими"нэртэй бүтээсэн байна. Энэ робот эзнээсээ команд авч хөгжим тоглоод зогсохгүй  хөгжмийн аянд бүжиглэдэг. Вайнберг хэлэхдээ "Хүн хөгжим сонсохдоо хийдэг гол гол хөдөлгөөнүүдийг роботод програмчилж өгсөн.Өөрөөр хэлбэл робот хүн шиг хөгжмийг мэдэрч байгаа мэт хариу үйлдэл үзүүлж чадна" гэжээ.
Вайнберг болон түүний судалгааны багийнхны хэлж байгаагаар Шими нь дараагийн үеийн чанга яригч системийг төлөөлж байна. Өөрөөр хэлбэл хэрэглэгчийн дуртай хөгжмийг тоглуулдаг робот туслах гэхэд болно. Шими нь "Music Information Retrieval" нэртэй технологид үндэслэсэн програмтай. Энэ програм нь авиаг  задлан шинжилж, хэмнэл, темп зэргийг ялгадаг учраас Шими робот хөгжмийн хэмнэлээр бүжиглэж чадна.
Вайнбергтай хамтран Шимиг хэрхэн зах зээлд гаргах тал дээр судалгаа хийсэн Иэн Кампбелл ярихдаа "Энэ төслийг хэрэгжүүлэхэд учирч байгаа бэрхшээлүүд байна. Учир нь шинжлэх ухааны судалгаа шинжилгээ хийснээс гадна 100 мянган доллар зарцуулсан. Гэхдээ үнийг бууруулж, хэрэглэгч худалдан авах боломжит үнийг тогтоох хэрэгтэй" гэжээ.
Вайнберг болон түүний багийнхан арай өөрөөр сэтгэж нэгэн шийдлийг олжээ. Тэд Шими роботод зориулсан нарийн төвөгтэй санах ой бүтээхийн оронд ухаалаг гар утсыг ашигласан байна. Вайнберг ярихдаа "Шимигийн тархи нь гар утас. Тиймээс энэ нь боломжийн үнэтэй.Та гар утсаа Шимитэй холбосноор ажиллаж эхэлнэ.Тиймээс интернэттэй холбогдсоноор сүүлийн үед хит болж байгаа дууг эгшиглүүлнэ. Шими тэдгээр дууны аянд яаж бүжиглэхээ мэднэ" гэжээ.
Шимиг бүтээхэд оролцсон Мэсон Бретаны хэлж байгаагаар робот ухаалаг гар утасны микрофон, камер, дуу хоолой таних програм болон бусад програмтай холбогдон ажилладаг юм байна.
Судалгааны багийнхан Шимиг роботыг бүтээх ажлаа дуусч байгаа бөгөөд үүнийг олноор үйлдвэрлэн зах зээлд гаргах зорилгоор хөрөнгө оруулагч хайж байна. Зах зээлийн үнийг нь зөв тогтоовол Шими олон мянган хүний өдөр тутмын хэрэглээ болно гэдэгт тэд найдаж байгаа ажээ.
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш