logo
Уго Чавез Сирийн ерөнхийлөгч Асадыг дэмжиж байна

Уго Чавез Сирийн ерөнхийлөгч Асадыг дэмжиж байна

2012/09/13
Мягмар гаригт Венесуэлын ерөнхийлөгч Уго Чавез Сирийн ерөнхийлөгч Башар Ал-Асад болон тус улсын ард иргэд "империалист түрэмгийллийн" эсрэг тэмцэж байгааг дэмжиж байна хэмээн мэдэгджээ.  Мөн тэрээр эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний орнуудын гаргасан Сирийн хямралыг шийдэх зорилготой саналыг судалж үзэхээ хэлсэн байна.
Чавез Сирийн ерөнхийлөгч Башар Асадыг дэмжсээр байгаа юм. Гэвч барууны улсууд Асадыг бослого гаргасан ард иргэдийнхээ эсрэг цэрэг армийн хүчээ ашиглаж, олон мянган хүний аминд хүрсэн хэмээн ширүүн шүүмжилж байна. Өнгөрсөн сарын сүүлээр Ираны гаргасан төлөвлөгөөнд  Венесуэл, Египет, Ливан, Ирак зэрэг эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний гишүүн улсууд бүлэг байгуулж, Сирийн иргэний дайныг зогсоох зорилгоор хамтран ажиллах талаар тусгасан. Энэ төлөвлөгөөг судалж үзнэ гэдгээ Чавез хэлсэн байна.
Ерөнхийлөгч Уго Чавез  Асадын засгийн газрыг огцруулахын тулд зөрчил үймээн дэгдээж байна хэмээн Америк болон түүний холбоотон улсуудыг буруутгаж байгаа.
Венесуэлын эрх баригчдын үзэж байгаагаар Сирийн хямралыг гадны улсуудын оролцоогүйгээр, энх тайван замаар шийдэх хэрэгтэй юм байна.
Чавез ирэх сарын долоонд болох ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө сурталчилгааы ажлаа эрчимтэй хийж байна. Тэрээр сонгогчидтойгоо уулзах үеэрээ "Есдүгээр сарын 11-ний халдлагын шалтгааныг хэн ч мэдэхгүй, Нэгдсэн Улсын эрх баригчид үүнийг далимдуулан түрэмгийлэл үйлдсэн хэмээн" мэдэгджээ.
Даваа гаригт Чавезын ерсөлдөгч Энрике Каприлес социалист удирдагчийг Венесуэлын газрын тосны баялгийг ашиггүй зарцуулж байна хэмээн буруутгасан юм.
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш