logo
Ливид болсон халдлагын үеэр Америкийн элчин алагджээ

Ливид болсон халдлагын үеэр Америкийн элчин алагджээ

2012/09/13
Ливийн зүүн хэсгийн Бенгази хот дахь Америкийн консулын газар луу зэвсэгт этгээдүүд халдаж, дөрвөн хүний аминд хүрчээ. Амь үрэгдсэн хүмүүсийн нэг нь Америкаас Ливид суугаа элчин сайд Кристофер Стивенс юм байна. Номлогч Мухаммедыг доромжилсон утга агуулгатай гэх Америкт бүтээгдсэн кино гарсны дараа Ливичүүд ийнхүү эсэргүүцлээ илэрхийлсэн тухай эх сурвалжууд мэдээлж байна. Зэвсэгт этгээдүүд консулын газрын барилга руу гал нээж, гар бөмбөг шиджээ.
Мягмар гаригт уг киног эсэргүүцсэн олон мянган Египетчүүд Кайр хот дахь Америкийн элчингийн гадна цуглаж, эсэргүүцлээ илэрхийлсэн юм.
Ливийн дотоод хэргийн дэд сайд Ванис ал-Шарифын мэдэгдсэнээр Бенгази хот дахь Америкийн консулын газрын бусад ажилтнуудыг аюулгүй газар луу нүүлгэн шилжүүлжээ.
Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар өнгөрсөн онд босогчид НАТО-гийн дэмжлэгтэйгээр Муаммар Каддафигийн дэглэмийг түлхэн унагасан ч Ливид  одоогоор зэвсэгт бүлгүүд олон байна.
Ийнхүү Ливи болон Египетчүүдийн уур бухимдлыг хүргээд байгаа киног Америкийн иргэн 52 настай Sam Bacile бүтээсэн гэнэ. Тэрээр лалын шашныг эсэргүүцдэг юм байна. Түүний бага төсвөөр бүтээсэн киноны трэйлерийг Араб хэл рүү орчуулж YouTube сайтад тавьжээ.
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш