logo
Дамбийжалцан буюу Жа Лам

Дамбийжалцан буюу Жа Лам

2012/09/14
Төв Азийн өргөн уудам нутгаас нууц далд увидас чадлаар олон түмнээ удирдан дагуулсан жигтэй хүмүүс олон гарч байжээ. Бид энэ удаа Жа ламын түүхийг XVIII зууны Өрнөд Монголын их жолоодогч Амарсанаагийн хойт дүр мөн үү, биш үү гэдэг талаар цухас дурдах болно.

 Дамбийжалцан буюу товчоор Жа лам гэгч нь 1911-1912 оны Монголын үндэсний тусгаар тогтнолын хөдөлгөөний тэргүүн боловч хачирхаптай нэгэн этгээд байв. Түүний амьдрал нууцаар дүүрэн, хаанаас ирсэн, юу санаж сэдэж явсныг хэн ч үл мэднэ.

 Түүний үйл ажиллагаа тоймгүй олон янз, үзэж харсан газар орон нь ч маш уудам тул түүний амьдралын тухай элдэв эрээн бараан мэдээ сэлтийг нэгтгэн учрыг нь тунгаах тун хэцүү. Түүний үйл ажиллагаа Астарханаас аваад Бээжин, Өргөөгөөс аваад алс өмнийн Энэтхэг хүртэл бүх Азийн өргөн уудам дайдад болж байжээ. Хувь заяаны эрхээр энэ аймшигтай ламтай холбоотой болсон монгол, түвэд, лам, хар хүмүүсээс түүний үйл ажиллагаа, зан төрхийн тухай мэдээ баримт цуглуулах боломж надад олдсон юм.

 Энэ жигтэй хүн бараг 35 жилийн турш Монгол орныг бүхэлд нь ховсдсон мэт мунхруулж байжээ. Бүр одоо ч, түүний үхсэнээс хойш 6 жилийн дараа ч зарим монголчууд түүний нэрийг дурдахаас ч айж, манай үндэсний баатрын хойт дүр хэмээн залбирч байна. Ар болон Цайдамын монголчуудын дунд явахдаа би тэр Жа лам гэгч үнэхээр бурхан, өөрөөр хэлбэл “хувилгаан” хүн байсан уу, аль чөтгөр шулам шүглэсэн дээрэмчдийн толгойлогч байсан уу гэж асуудаг байлаа. Энэ асуудлыг сайтар бодож дүгнэх чадвар мөхөс жирийн нүүдэлчид янз янзаар л тайлбарладаг байлаа.

Жа ламын үйл ажиллагаа хэдийгээр ер бусын байсан ч гэсэн түүний амьдрал бүхэлдээ дээрэмчдийн том толгойлогчдынхтой төстэй байлаа. Энэ хүн нэлээд дээгүүр санаархаж, бас ч гэж үндэс угсааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахыг оролдож байсныг хэлэх хэрэгтэй. Домогт энэ этгээд олон талын авъяас чадвартай хүн байлаа. Тухайлбал, жирийн хүний ойлгоход бэрх тарнийн номыг зэгсэн сайн эзэмшсэн, говь газарт шивээ бэхлэлт байгуулсан, дагасан хүмүүстээ цэргийн эрдэм өөрөө сургадаг байсан төдийгүй монгол овог аймгуудыг байлдан дагуулаад, сэргээн мандуулахыг мерөөдөж байв.

Түүнийг ер бусын увидастай гэдэг байсан боловч тэр Монголын цэргийн даргын бууны сумыг зайлуулж үл чаджээ. Түүний тухай тун сайн тодорхойлолт үлдээсэн Ф.Оссендовский “Хүмүүс, араатан, бурхад” номдоо түүнийг Түшээн гүн цолтой ламын нэрээр өшөө авагч байсан гэжээ. Түүний жинхэнэ нэр Балдан (түвдээр дПал-лден). Оросын өмнөд хязгаарын Астрахан мужид төрсөн. Бага Дөрвөд овгийн харъяат байв. Түүний хүүхэд насанд нь Монголд авчраад, Хятадын хил орчмын Долнуур хотын нэг том хийдэд шавь оруулсан гэдэг. Эндээсээ Түвэд ороод Гомон /мГо-манг/ гэдэг коллеж буюу сүмд бас хамгийн олон монгол ламтай Лхасын Дрепүн / Брас-дпунг/ гэдэг том хийдэд олон жил шавилан суужээ. Түвдэд байх хугацаандаа Энэтхэг орж, тэндхийн шашны түүх газруудаар явсан байх бүрэн боломжтой. Түвэдийн сүм хийдүүд, тэндхийн амьдрал ахуйг сайн мэддэг, бас дээрэмчидтэй тулалдсан тухайгаа их ярьдаг байж.
Тэр залуудаа нэр алдар хөөцөлддөг, цочмог түргэн зантай, харгис дээрэнгүй байв. Нэг өрөөнд суудаг нөхрөө алчихаад сүм хийдийн хатуу шийтгэлээс мултрахын тулд Лхасаас оргон гарсан гэдэг. Үүнийг нь ч Түвэд болон Монгол мэддэг байжээ. Хүн амины энэ хэргээс үүдээд л түүний амьдралд эрс өөрчлөлт гарч, элдэв адал явдал, хэрэг төвгөөр дүүрэн мэргэн түргэн бадарчин ламын бүтэлгүй замаар замнах болсон бололтой.

Түүнийг сайн мэддэг хүмүүс түүнийг шашны сургаал номлол, тарнийн ёсны өргөн мэдлэгтэй байсныг гэрчилдэг бөгөөд тиймээс ч Монголын дээд зиндааны лам нарын дунд их нэр хүндтэй байсан бололтой. Өөрийн нь ярьснаар бол нэг үе тэр Бээжин дэх Жанжаа хутагтын яаманд Да лам байсан аж. Сүмийн эрдэмтэй лам нар зурхай зурж, цаг тооны бичигр зохиодог, мэрэг төлөг тавьдаг Жа лам Энэтхэг, Хятад, Түвэд, Монгол орноор аялан явсан тухай үлгэр домог шиг түүх их яригдана. Тэр түвэд, монгол, хятад хэлээр нэвтрэлцдэг, санскрит, орос хэл бага зэрэг мэддэг байж. Жа лам Санкт-Петербургийн Их сургуулийн хууль зүйн факультетэд суралцаж байсан юм гэж лам нар надад хэлсэн боловч би түүнд нь итгээгүй. Ямар ч гэсэн тэр их өргөн мэдлэгтэй мэт харагддаг байж. Харин явж үзсэн газар орныхоо тухай тодорхой мэдээлэлтэй байсан нь үнэн бололтой.

Бас сэтгэлийн үнэнхүү тэнхээтэй, хүнийг амархан ховсддог гэж монголчууд шагширдаг байлаа. Жа лам анх 1890-ээд онд Ар Монголд үзэгдсэн бололтой байдаг. Профессор Позднеев “Монгол орон ба монголчууд” хэмээх алдартай бүтээлдээ түүний үйл ажиллагааны эхэн үеийн тухай товчхон мэдээлсэн байдаг. Шарын шашны нэн том хийдүүдийн нэг Амарбаясгалант хийдэд очиход нь нутгийн нэг түшмэл Позднеевт, нэг том лам Монголд 1890 оны намар орж ирээд, хилийн Улиастай өртөөгөөр дамжин Өргөө орсон тухай ярьжээ. Тэр лам алтан очир жинстэй, үнэгэн малгайтай байсан, ядуу хүмүүст эрдэнийн зүйл, зоос их тараасан. Явсан газар болгондоо би бол алдарт Амарсанаагийн хүү Төмөрсанаагийн дүү Дамбийжалцан гэж таниулдаг, түүгээр ч барахгүй бас би бол Амарсанаагийн удам төдийгүй Монголыг Хятадын дарлалаас чөлөөлөхөөр төрсөн түүний хойт дүр байна гэж ухуулж байжээ.

Энэ суртал нэвтрүүлэгт нь итгэсэн нүүдэлчид түүний барааг харж, түүнээс адис авахаар замыг нь тосон өртөө болгонд олноороо цугларах болжээ. Монголд ихээхэн нөлөө бүхий Жанжаа хутагт, Ялгуусан хутагт хоёр Жа ламын үйл ажиллагааг дэмжсэнээс болж, хятадуудад мөрдөгдөх болжээ. Энэ хоёр их санваартныг хардлага мөрдлөгөөс ангижруулахын тулд жирийн хоёр лам ихэс дээдэстээ тохогдох гэм бурууг өөтөө хүлээн цаазлагдах ялд унав. Тэд цаазлуулахынхаа урьд өдөр хор уугаад өөд болсон ажээ. Жа ламын суртал нэвтрүүлэг хүчтэй болсонд сандарч тэвдсэн хятадууд Өргөөд суугаа Цагаан хаант Орос улсын консулд хандан түүнийг баривчлах шаардлага тавьжээ. Консул Хятадын шаардлагыг хүлээн аваад явуулгатай ламыг Өргөөд орж ирмэгц баривчлаад Хиагт хүргүүлсэн байна. Үүнээс хойш нэг жилийн хугацаанд Жа ламын тухай сураг чимээ огт дуулдсангүй. Тэр Орост тийм ч удаан хоригдож байгаагүй.

 Удалгүй Түвд буюу Өвөрмонгол руу оргон одсон бололтой 1891 оны эцсээр мань хүн Ар Монголд дахин үзэгдэхдээ 2 сайхан цагаан тэмээтэй явсан учраас “Хоёр тэмээт лам” гэж алдаршив. Хятадууд түүнийг дахин баривчлаад, Улиастайд хүргүүлэв. Гэтэл тэр асуулт байцаалтанд хариулахаас татгалзаад, Астраханы халимаг Дамбийжалцан гэсэн паспорт үзүүлсэнд хятадууд түүнд нь итгээд суллан тавьжээ. Жа лам Улиастайгаас Ховд ороод тэнд хэдэн cap байж. Ховдоос Улиастай ороод тэндээс Өргөө орсон боловч дахин баривчлагдаад бас л Хиагтад хүргэгдсэн байна.

 Үүнээс хойш түүний сураг 10 жил тасарчээ. Энэ хугацаанд тэр хаагуур юу хийж явсан нь тодорхойгүй боловч Цайдам, Түвэдийн зүүн хойт нутгуудаар байн байн үзэгддэг байсан сураг бий. Хоёр илжиг унаатай, нэг дагуултай, Цайдамын баруун нутгуудаар Махайг дайран өнгөрч явахыг хэдэн удаа харсан гэж Цайдамын хүрлэг монголчууд надад ярьсан.

 Үүнээс үзэхэд тэр Түвэдтэй холбоо харилцаагаа таслаагүй, тийшээ байн байн очдог байсан бололтой. Генерал П.К.Козловын газарчин байдлаар тэр 1900 онд Түвэдийн Кам нутагт дахин үзэгдсэн байна. Тэр үе Шираб /Шез-раб/ лам нэртэй байсан гэдэг. Генерал Козлов хэдийгээр Далай ламд их бэлэг сэлт өгүүлсэн ч гэсэн шинжилгээний ангийг Но- мочу-гаас цааш нэвтрүүлсэнгүй. Козлов Түвдийн засаг захиргаатай хэлэлцээ хийлгэхээр Шираб ламыг Жа лам нэрээр Түвэд рүү илгээсэн бололтой байгаа юм. Тэндээсээ Ховдоор дамжин Өргөө ороод, Козловын шинжилгээний ангийг эрэхээр илгээгдсэн гэдэг.

Үүнээс хойш дахиад 10 жил алга болсон. Энэ хугацаанд түүний юу хийж явсныг бид огт мэдэхгүй. 1910 онд тэр Карашарт дахин гэнэт үзэгджээ. Карашарын орос худалдаачин Кряжевын хэлснээр бол Жа ламын гадаад төрх байдал эрс өөрчлөгдсен байжээ. Урд нь бавгар сахалтай байсан бол одоо мөлчийтөл хусдаг болж. Ламын шар орхимжийн цаана Европ цэргийн дүрэмт хувцас гэмээр юм өмссөн байсан гэнэ.

 Карашарт нэлээд удаан байсны дараа Ховд ороод, тэндээсээ 1912 оны намар Хангилцаг дахь Дөрвөдийн Түмэн гүний намаржаанд хүрч очжээ. Жа лам 1890 онд өөрийгөө алдарт Амарсанаагийн (1755 онд өөд болсон) хойт дүр гэдэг цуурхал тарааж явсан тухай дээр өгүүлсэн. Монголыг хятадын дарлалаас чөлөөлөх шинэ дайнд Амарсанаагийн хойт дүр Дамбийжалцан оролцоод ялалт байгуулж, Ойрадын хаант улсыг сэргээн тогтоох болно гэдэг лүндэн шашны ном сударт байдаг гэх бөгөөд зурхайч мэргэч төлөгч нарт итгэдэг жирийн олон сүсэгтэн Жа ламын ухуулгад амархан автагдах нь зүйн хэрэг юм. Ховд хавьд Жа лам дахин үзэгдсэн явдал ихээхэн үймээн шуугиан дэгдээв. Хятадын дарлалаас чөлөөлөх ариун дайнд уриалан дуудаж буй шинэ толгойлогчийг дагаад олон түмэн хуйларч эхэллээ.

Ахархан хугацаанд Жа лам зэсвэгт хүчирхэг бүлэг байгуулаад тэднийгээ Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэлд бэлтгэж эхэлсэн байна. Энэ үеэр хятадууд Өргөө, Улиастайгаас хөөгдөв. Ховдын амбан Манчуд хэрмийн түлхүүр өг гэсэн шаардлага тавив. Амбан Өргөөгөөс ирсэн шаардлагыг биелүүлэхээс татгалзан хэрмийн хаалгыг хаажээ. Хэрэм дотор босогчдын эсрэг тэмцэхээр зэхсэн хятад цэрэг, сайн дурынхан нийлээд 1000 гаруй хүн бүгсэн байв.

 Амбаны татгалзсан хариуг авангуутаа Жа лам хятадын цэрэгт дайн зарлажээ. Монгол, урианхай, дөрвөд, торгууд тэргүүтэн маш олон хүн Жа ламын захиргаанд орж, Хятадын хэрмийг дайлаар хөдлөв. Нийт 5000 орчим хүн байсан гэдэг. Энэ үед морин тэрэг өрнө зүг нүүгэлтэн хөдлөхийг Монгол орон дахин үзжээ. Энэ их цэрэг маузер, бердан буугаар зэвсэглэсэн, өвөрмөц шөвгөр малгайтай, шар буюу ягаан хүрэмтэй халхчууд, сумны мөнгөн тоногтой дайзаар цээжин биеэ чимсэн, намхан дугуй малгайтай цахарууд, шовгор үнэгэн малгай, үстэй дээлтэй Урианхайн ноёдууд, цэнхэр алчууртай, ногоон хүрэм савхин гуталтай Булганы торгуудаас бүрдэж байв. Цэргийн хороог албан ёсоор Сүрэн гүн захирдаг боловч үнэн хэрэгтээ Жа ламын санаачлага захирамжаар бүх үйл ажиллагаа явагдаж байв. Энэ үйл явдал 1912 оны 5 сард эхлээд 8 дугаар сарын 6-нд Ховдын хэрэм унаснаар төгсчээ.

 Хэрмийг түймэрдээд хятадуудыг хүйс тэмтрэв. Оросын консул, түүний хамгаалалтын цэргүүд хэдхэн хятад хүнийг аварч Бийскээр дамжуулан Орос руу явуулаад, тэндээс Хятад руу буцаажээ. Ховдын хэрмийг эзлэн авч, Хятадын эзэмшлийг устгасны дараа Жа ламын шууд удирдлага оролцоотойгоор хятад, мусальман худалдаачдаас бүрдсэн 10 хүний зүрхийг амьдаар нь сугалж тугаа тахьжээ.

 Хөрш залгаа Синьзян мужийн захиргаа энэ хэргийг сонсоод, ихэд сандран Ку-чен-га болон Шар сүмээс цэрэг хөдөлгөсөн боловч тэр нь Ховд хүрэлгүй, 200-аад бээр зайтай Цагаан Тонх гэдэг газар өвөлжихөөр буудалласан байна. Жа ламаар толгойлуулсан Монголын цэрэг тэднийг угтан байлдахаар яваад Улаан давааны наад талд байрлав. Тэгээд хятадын цэргийг буцахад Монголын цэрэг таран сарнисан гэдэг. Германы жуулчин Х.Констен саяхан хэвлэгдсэн “Монголын бэлчээр” номынхоо II ботид Улаан давааны хуарангийн тухай тодорхой бичсэн байна. Зохиогч өөрөө Жа ламтай нүүр учраагүй боловч энд тун эмх цэгцтэй, дэг журамтай, цэвэр цэмцгэр байдлыг үзээд тун их гайхсан гэнэ. Үүнийг Жа ламын хатуу шаардлагын үр дүн гэж түүнд ойлгуулсан аж.

 Монгол улс тусгаар тогтнох үйл хэрэгт оруулсан гавъяаг нь өндрөөр үнэлэн Жа ламд Түшээ гүн цол шагнаад, дараа нь бас Номун хан хутагт хэргэм хөхүүлэн олгосноор барахгүй Ховд хотоос жараад бээр зайтай Ховд голын хөвөөгөөр орших бүхэл бүтэн хошуу захирах эрх олгох болсон байна. Мөн холбоотнууд нь түүнд сүрэг сүргээр адуу, үхэр бэлэглэн, олон айл өрхийг албат болгон нийлүүлсэн гэдэг. Ийнхүү Жа лам Ховд нутгийг захирах жанжин төдийгүй бүх Монголдоо хамгийн хүчирхэг ноёны нэг болжээ.

Жа лам өөрийн эзэмшил хошуундаа нэлээд өөрчлөлт шинэчлэлт хийж эхэлсэн бөгөөд энэ ажиллагаанаас нь түүний олон талын санаачлагатай хүн болох нь харагдаж байв. Үүнд тэр албат нартаа аж ахуйгаа хэрхэн сайжруулахыг зааж, Оросоос хөдөө аж ахуйн зарим машин авчирсан байв. Мөн тогтмол өвөлжөө хаваржаатай бол өвс хадаж, өвөл малаа онд оруулахад хэрэглэ гэж зааварладаг байв.

Үлгэр жишээ болох дэг журамтай сүм байгуулж, лам нарын тоог цөөрүүлэн, тэднийг цэрэгтээ дайчлан авлаа. Цэргээ европ зүгийн цэргийн сургуулиар сургаж, үхрийн үүлдэр угсааг сайжруулах зорилгоор Оросоос сайн үүлдрийн мал оруулж байв. Жа лам дайсандаа маш харгис хэрцгий ханддаг, дагалдагчиддаа бараг итгэдэггүй хүн байж. Дагалдагчдынх нь ярьснаар бол тэр олзлогдсон хүмүүсийг өөрөө байцаадаг, тэгэхдээ нурууных нь арьснаас зурвас зурвасаар огтлон, халуун төмрөөр хайрч тамладаг байжээ.

Улаангомын хүрээний хэсэг лам түүнийг эсэргүүцээд цөм үхтлээ зодуулсан гэдэг. Бас нэг орос худалдаачныг үг даалгавар биелүүлсэнгүй гэж тамлан алсан байна. Ховд хязгаарын бүх тайж, ноёд түүнээс ухаангүй айдаг, түүнд барлаг зарц мэтээр үйлчлэн морийг нь эмээллэн, дөрөөгий нь түшин мордуулдаг байж.

 Жа лам Ховдод суугаа Оросын консулын хамгаалалтын цэргүүдэд гэнэт баривчлагдан Орос руу хүргэгдэх хүртлээ буюу 1914 он хүртэл хошуугаа захирсаар байжээ. 1914 оны эхээр Жа ламын харгис хэрцгий үйлдлийн тухай мэдээ Оросын засаг захиргаанд хүрчээ.

Сибирийн хасаг цэргийн морьт сумангийн талыг аваад Баруун Монголын Ховд хотын орчимд байгаа Жа ламын үйл ажиллагааг зогсоо гэдэг тушаалыг ахмад Булатов 1914 оны 2-р сарын 6-нд хүлээн авсан байна. Хасаг цэргүүд Жа ламын цэрэгтэй хэд хэд тулгарсны эцэст ламыг баривчлаад, харгис хэрцгий үйл ажиллагааг шалгажээ. Ингээд тэд Жа ламын тушаалаар амьдаар нь өвчсөн хоёр хүний арьсыг олж авсан байна.

Энэ хоёр арьсны нэг нь Монгол Алтай дахь Киргизүүдийн удирдагч Хайсаных аж. Алтайн уулсын дундах газар нутгаас болоод Жа лам киргизүүд хоёрын хооронд зөрчил үүсээд хэдэн жил болжээ. Эцсийн ширүүн мөргөлдөөнөөр Киргизүүдийн удирдагч Хайсан баригдаад, Жаламын шоронд оров. Ар гэрийнхэн нь их хэмжээний золиос амлахад Жа лам Хайсаныг суллахаар амласан байна.

 Ингээд киргизийн удирдагчийн эх хамаг байдаг алт мөнгөн зүүтгэл чимэг, ангийн арьс үсийг хамж аваад Жа ламын хуаранд ирэхэд монгол лам тун элэгсэг дотноор хүлээн авчээ. Хайсаны эхтэй ярилцан, золиосны зүйлсийг үзэж байх яг тэр үед Жа ламын үнэнч зарц нархүүгийнх нь арьсыг амьдаар нь өвчиж байв. Тэд Хайсаны арьсыг өвчөөд эхэд нь амьдаар нь үзүүлэх ёстой байж. Гэвч Хайсан энэ тамлалтыг даалгүй үхсэн учир арьсыг нь шургаагт тохоод, эхэд нь үзүүлэхэд хөөрхий эх хүүгийнхээр арьсыг үзэнгүүтээ ухаан алдан унаж л дээ. Үүнийг үзээд зандалчин Жа лам марсайн инээж байсан гэдэг.

Жа ламын харгис хэрцгийн баталгаа болсон жигшүүрт үйл явдлыг одоо ч Алтай нутгийн малчид хүүрнэн буй. Жа лам эхлээд Томскт жил хэртэй хоригдож байгаад Якут руу цөлөгдсөн байна. Тэндээс Астраханд хүргэгдээд 1918 он хүртэл хоригдож байв. Гэтэл 1917-1918 оны бужигнаанаар суллагдаад, Сэлэнгээр дамжин дахин Монголд орж иржээ. Хуучин дагалдагсад нь түүнийг талархан угтаж авлаа. Түүний нөхөр, туслагч байсан Жалханз хутагт түүнтэй Улиастайд уулзаад, Монголын баруун өмнөд хязгаарт байсан орлогч асан Жалцан бэйсийнд хүргэж өгчээ.

Дахин үзэгдсэн Жа лам Өргөөний захиргаанд ихээхэн төвөг учруулах болсон тул түүнийг баривчлах захирамж гаргасан байлаа. Монгол улс дотор орогнох боломжгүй болсон Жа лам говийн зэлүүд нутаг, Юм бэйсийн сүмээс урагш 250 бээр зайтай Бага Маажин сан ууланд шинэ хуаран, бэхлэлт байгуулахаар шийджээ. Хуучин дагалдагчид нь ирж нийлсээр удалгүй түүний асрын эргэн тойрон 500-аад майхан боссон байв. Энэ үеэс эхлэн маш сайн зэвсэглэсэн Жа ламын зандалчид ойр хол ялгалгүй их аюул учруулах болов. Монголын тусгаар тогтнолын хөдөлгөөний толгойлогчдын нэг ийнхүү зандалчдын толгойлогч боллоо. Тэр үед өмнө хэн байсныг нь үл харгалзан нааш харсан хүн бүхнийг өөрийн бүлэгт элсүүлэн авч байв. Тэдний дунд цэргээс оргосон хятадууд, дээрэмчин монголчууд, түвэдийн хонторваандууд, киргизийн адууны хулгайчид гэх мэт есөн шидийн гэмт хэрэгтнүүдээс гадна торгууд анчид ч байв. Их хүчтэй болсон Жа лам Монголын баруун өмнөд хязгаарт байн байн аюул учруулах боллоо. Энэ нутгаар аянчин жинчин ч явах боломжгүй болов. Жишээ нь Юм бэйсээс Аньси ордог их замаар энэ хугацаанд амар мэнд нэвтэрсэн хүн үгүй гэдэг. Жа ламын дээрэмчид өдөр шөнөгүй, хааяагүй тэнүүчлэн шиншилж, аянчин жинчид явдаг нарийн хавцалд отож байгаад дээрэм тонуул хийж байлаа. 1919 онд Хятадын генерал Сюй Шү Чжен цэргийн хүчээр Өргөөг эзэлж, Монголын автономийг устгав. Хятад цэргүүд Өргөө, Улиастай зэрэгт эзэгнэн суух болсноор барахгүй Оросын хилээр нэвтрэн Хиагт, Троицко- савскаар үзэгдэх болов. Тэд хааяагүй түйвээж, жирийн хүмүүсийг ч алж устгах нь олшров.

Монголын ард түмэн эх орондоо амар тайван сууж чадахаа больсон энэ үед ардын чөлөөлөх хөдөлгөөн өрнөж эхэлсэн бөгөөд Жа лам ч бас зүгээр суусангүй. Монголын баруун өмнөд хязгаарт хятадууд руу довтлон ихээхэн гарз хохирол учруулсан гэдэг. 1921 онд Сюй Шү Чжений цэргийг бут цохин Өргөөг чөлөөлсөн Барон Унгернтэй Жа лам холбоотой байсан гэдэг мэдээ бий. Монголын журамт цэрэг Барон Унгерний цэргийг бут цохиод Монгол оронд шинэ журам дэглэм тогтооход Жа лам хуучныг санагалзагчдын дунд гол хүчин болж үлдэв.

Хөх хотын хятад захиргаадтай, мөн Умард Цайдамын хүрлэг монголчуудтай найрсаг харилцаа тогтоосон байлаа. Ховдын хязгаарын хүн амын дунд Жа ламын нөлөө бас ч гэж унаж доройтоогүй байсан бөгөөд цаашдаа Өргөө рүү хөдлөн, Монголын шинэ тогтсон засаг захиргааг түлхэн унагаагаад Азийн элгэн дээр Монгол, Түвэд, Хятадын Туркестаныг нэгтгэсэн их гүрэн байгуулахаар санаархаж байжээ.


Жа лам байдлаа бэхжүүлэх зорилгоор алс зэлүүд газарт нэгэн бэхлэлт байгуулсан нь Туркестан, Түвэдийн барилгын хэв загварыг дууриалгасан сонин байгууламж байв. Түүний 4 зүгт алсын хараатай толгойн оройд харуулын байр байгуулжээ. Бэхлэлт нь чулуу тоосгоор өрсөн өндөр хэрэмтэй. Үүнийг “Дамбийжаагийн байшин” гэж нэрлэх болжээ.

Олзлогдсон хүмүүс, хоригдлууд Бага Маашин сан уулын ар бэлийн нэн алс бөглүү газарт нэн хүнд бэрх нөхцөлд энэ бэхлэлтийг босгосон хэрэг. Эргэн тойрон гүвээ толгодоор хүрээлэгдсэн энэ хөндий дээрэмчдийн бүгэхэд нэн тохиромжтой газар байлаа.

 Горхины хөвөө, уул толгодын бэлээр ургадаг өвс ногоо тачирхан ч гэсэн Жа лам, түүний дагалдагчдын адуу, малд хүрэлцээтэй бэлчээр байв. Бэхлэлтийн зэвсэгт хүч гэвэл эндхийн нөхцөлтэй тохирсон дэг журамтай, ямар нэгэн хэмжээгээр байлдааны сургууль хийсэн 500- аад хүн байв. Тэдний олонх бердан, маузер, гар буугаар зэвсэглэсэн, цөөнх нь хятадаас олзолж авсан япон винтовтой байв. Монголын ардын намаар удирдуулсан шинэ засгийн газар тогтоход хуучин дэглэмийн үлдэгдэл, нутгийн зарим тайж нар өөрсдийгөө Монголын цагаантнууд гэж нэрийдээд, Жа ламтай нийлэх бодолтой болсон байна.

Өөрийгөө цэргийн их жанжин, мэргэн түргэн лам гэж алдаршуулсан Жа ламаас хүн болгон айдаг байлаа. Ламын хувиар адис тавьж, ном айлдан дүвчигнэнэ. Жанжны хувьд гэмгүй номхон аянчин жинчдийгдээрэмдэнэ, алж тална.

Жингийн тэмээ мал, бараа таваарыг хурааж аваад, жинчдийг дор нь ална. Нэг монгол лам 1920 онд Монголоос Түвэд орох гэж яваад дээрэмдүүлсэн тухайгаа ингэж ярьсан юм. Огт санаандгүй явж байтал Жа лам гэнэт довтлон орж, жин тээж явсан хар хүмүүсийг дор нь буудан хороогоод хамаг эд барааг хураан авсан.
Харин нөмөрсөн жанчнаас өөр юу ч үгүй хоцорсон бидний хэдэн ламыг тавьж явуулсан. Гэвч юу ч үгүй хоосон хоцорсон бидний хэд нь Кансу нутгийн захад хүрэлгүй өөд болсон.

 Дашлхүмбэ хийдээс Юм бэйсийн хийд орж явсан Түвэдийн худалдааны төлөөлөгч Жа ламд баригдаад түүний шоронд үхжээ. Түүнтэй хамт явсан хүмүүсийн ихэнхийг устгаад, үлдсэнийх нь чихийг огтолж, боол болгож, хүнд хүчир ажил хийлгэдэг байсан гэж мэдэх хүн надад ярьсан юм.

Ийм маягаар Жа лам өдий төдий хүнийг олзлон авч боол болгон ажиллуулдаг байв. Түвэдийн лам, худалдаачид, Монголын мөргөлчид, жинчид, Жа ламын өстнүүд, хятад худалдаачид, киргизийн ноёд, цөм энд боол болон ажиллаж, тоосго шатааж, чулуу бэлдэж, хана хэрэм, байшин барилга барьж байв. Төөнөм халуун нөхцөлд хүнд хүчир ажилд нухлагдсан хүмүүс бүтэн жил амьд байх нь ховорхон. Нэг бол өлбөрч үхнэ, эсвэл оргож босоод алуулна.

 Цайдамын нэг монгол Жа ламд баригдаад хэрэмд хоригдож байгаад оргосноо надад ярьсан юм. Тэр хүн түвэдийн худалдаачидтай жин тээгээд Ар Монгол орохоор говь дундуур явж байжээ. Аньсигаас зүүн урагш 100-гаад бээр газар амар тайван явж байтал гэнэт хажуугийн гүвээн дээгүүр морьтой хүмүүс гарч ирлээ. Дээрэмчид яах ийхийн завдал өгөлгүй буудахыг нь буудаад, занчихыг нь занчаад тэмээ мал, эд барааг хаман одлоо. Жингийн толгойлогч Түвэдийн баян худалдаачин эд баялгаа хамгаалан тэмцээд хамгийн түрүүнд алагдсан. Бид хэдэн Монгол жинчид эсэргүүцсэн боловч хүчинд автан баривчлагдлаа. Ингээд бид Жа ламын ажилд хэдэн cap зүтгэлээ. Түлш бэлдэнэ, тоосго цохино, барилга барина. Өдөр шөнөгүй хүнд ажилд нухлагдан олон хүн ядарч туйлдан үхдэг байлаа. Зарим сүйхээтэй хэд нь оргож босно. Би нэг шөнө харуулын хүнийг цохиж унагаагаад буугий нь аван зугтсан. Эндхийн нутаг орны байдлыг сайн мэддэг тулдаа л нэхсэн хүмүүст олдолгүй амьд гарсан юм гээд Жа ламын тухай, түүний хүрээ хуарангийн тухай тодорхой ярьсан билээ.

1922 онд Өргөөд нэгэн хуйвалдааныг илрүүлж нөлөө бүхий олон хүнийг баривчлан заримыг нь цаазалсан гэдэг. Монголын албан ёсны мэдэгдэлд өгүүлснээр бол тэд цөм Жа ламтай нууц холбоо тогтоон, Хятадын цэргийг оруулж ирэхээр завдаж байсан аж.

 Засаг төрөө шинээр төвхнүүлэн байгуулсан монголчууд Барон Унгернийг устгасныхаа дараа Баруун өмнөд хязгаарт түйвээж буй Жа лам, түүний дээрэмчдийг устгах зорилго тавьжээ. Монгол Оросын хамтарсан анги говь нутгийг самнан, Нань Шань уул, Хөх нуур хүрсэн удаатай. Дараа нь 1923 онд Жа ламын байдлыг ажиглан, бололцоо олдвол түүнийг устгуулахаар домогт баатар Балдандоржоор ,/Пал-лден Дорже/ удирдуулсан морин цэргийн суманг илгээсэн байна. Хилийн будлиан үүсгэхээс аль болохоор зайлсхийх ёстой тус анги тун болгоомжтой явсаар Жа ламын бэхлэлтэд дөхөж очжээ. Балдандорж Жа ламтай халз тулж, цус урсгахаас болгоомжлон заль хэрэглэхээр шийдэв. Тэгээд цэргүүдээ нууц газар байрлуулаад, өөрөө мөргөлчин болж хувираад, нэг нөхрөө дагуулан хүрч очжээ. Жа ламд хадаг барьж адис хүртэх гэсэн юм гэж гуйхад ёсыг бодож уулзуулахаар болсон байна. Тэгээд хэрэм дотор майхан барьж алс холоос ирсэн гэх энэ хоёр мөргөлчнийг түр байрлуулжээ.

Жа ламд бараалхаж, хадаг барих цаг болоход Балдандорж гар буугаа хадаг дороо нуугаад, хадгаа өргөх үедээ ламыг дор нь нам буудсан байна. Гэтэл Жа ламын бараа бологчид ямар ч эсэргүүцэл үзүүлж чадсангүй. Учир нь муу санаатай Жа лам бүх муу зэвсгийг хурааж аваад тусгай газар хадгалдаг, хэрэг болоход тарааж өгдөг байж. Буу зэвсэггүй хүмүүс Балдандоржийн эсрэг хөдөлж чадсангүй. Бууж өгөх нь бууж өгөөд, зугтаах нь зугтаагаад, Жа ламын цэрэг сарниж ямар ч хор хохирол учруулалгүй устаж үгүй болсон байна.
Ингээд Балдандоржийн суман бэхлэлтийг амархан эзлээд, Жа ламын дагуулуудаас нэн их гэм буруутай хэдийг баривчлан бусдыг нь тавьж явуулжээ. Жа ламын бүх эд бараа, буу зэвсгийг хураан аваад, 2000 гаруй хонь малыг энд боолчлогдож байсан хүмүүс болон нутгийн ядууст тараан өгсөн байна. Жа ламын толгойг огтолж аваад Улиастайн зах дээр олны хөлийн газар өндөр шонд өлгөсөн байсныг хүмүүс үзээд, цагаан толгой гэдэг байж. Түүнийг хожим нь формалинтай том лонхонд хийгээд Өргөөд аваачсан бөгөөд тэнд хэсэг хугацаанд гар дамжин явдаг байснаа нэг мэдэхэд алга болжээ. Нар салхинд удаан байснаас нүүрний хэв загвар, өнгө зүс өөрчлөгдөн танихын аргагүй болсон аж.


Жа лам талийгаач болох үедээ бараан царайтай, цагаан үстэй байсан гэдэг. Харин гэрэл зурагт ганган мундиртэй, чийрэг биетэй, өргөн дугуй царайтай, намхан хамартай, дунд насны эр дүрслэгдсэн байдаг. Ер нь Жа лам европ маягийн цэрэг хувцсаар гангарах дуртай байсан гэдэг. Энэ хүн үхсэн ч түүний тухай одоо ч монголчууд ярилцсаар байна. Бидэнд газарчилж явсан Эзний голын нэг торгууд Маажин сан уулын хавьцаа хэдэн жил нутаглаж байсан гэж ярьлаа. Дээрэмчид хөлхөж байсан энэ нутагт олон жил нутаглаж байсан хэрнээ хэрхэн эсэн мэнд үлдсэнээ өөрөө ч тайлбарлаж чадахгүй, бидэнтэй хамт яваа хэдэн монгол түүний үгэнд итгэхгүй байсан юм. Тэр торгууд хүн болохоороо моринд гарамгай мэргэн бууддаг хүн байв.

Гэтэл аймхай гэж жигтэйхэн, бас зан ааш тогтворгүй. Нэг удаа Жа ламын тухай дуу дуулж явахыг нь би сонсоод, тэр дуугий нь дахин дуулуулах гэж оролдоод ядлаа. Гэтэл мань эр сүүлд тэмээгээ хариулж явахдаа тэр дуугаа дуулах нь сонсогдсон. Би аяыг сонсоод үгийг нь сайн ойлгохгүй өнгөрсөн. Амарсанаагийн хойт дүр гэгдэх Дамбийжалцан буюу Жа ламын тухай энэ дууг бидний дэргэд дуулахаас татгалзсан атлаа хөдөө хээр дуулж явдаг байна шүү. Хүнгүй хээр дуулах ёстой дуу байсан юм байлгүй дээ.

Орчуулсан М.Д.Бадамням
Эх сурвалж:”Хөх Толбо” 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш