АМЬДРАЛДАА ТОГЛОСОН ДҮР
Монголын кино урлагийн алтан үеийнхний нэг болох МУГЖ Ё.ЦОГ гуайг танихгүй хүн ховор. Ялангуяа сүүлийн үеийн “...Цогоо гуай. Та ямар телевиз авсан юм бэ, Цогоо гуай та..." гэдэг Хүрэлээ Цогоо гуай хоёрын хошин рекламаар бол бүр ч андахгүй. Түүний дэлгэцэн дэх дүрийг хүн бүр мэдэх ч жинхэнэ амьдралд ямар дүр бүтээснийг нь тийм ч олон хүн мэдэхгүй болов уу.
Түүнийг ихэвчлэн эсрэг дүр бүтээдэг болохоор ч тэрүү нэлээд ааштай гэж дүгнэх байх. Миний хувьд ч мөн адил хөргийн баатартайгаа тулж уулзах хүртлээ ийм бодолтой явснаа нуух юун. Эхэндээ ч “Тийм хэрсүү зантай өвгөнөөс яаж хэдэн үг салгах вэ, тэр дундаа амьдралынх нь талаар зориг гаргаж асууна гэдэг багагүй бартаатай даваа, хэцүү мэх шиг бодогдож байв. Гэвч уулзаад ярилцахад хэт энгийн бас сонирхолтой яриатай нэгэн байлаа. Ё.Цогийн амьдрал бас л тоглосон кинонууд шигээ адал явдалтай аж.
Тэрээр 1942 онд Хэнтий аймгийн Биндэр суманд Содовын ууган хүү болон мэндэлжээ. Гэвч түүнийг дөнгөж төрөөд байхад ээж нь орхиод явчихаж. Ингээд л нялх хүүхдээ тэвэрсээр ганц бие үлдсэн аавыг нь өрөвдөхдөө сайхан сэтгэлт хүмүүс хүүгээ болгож авчээ. Түүнийг хүй барьж авсан орос эмч нь Машка гэж нэрлэсэн байсан ч шинэ аав ээж нь “Хүүдээ монгол нэр өгье” гэж ярилцжээ. Ингээд ямар нэр өгөх талаар бодох зуураа орон дээрх сэтгүүлийг авч харвал “Цог” сэтгүүл байсан нь хожмоо сонин сэтгүүлийн нүүрэнд гарсан алдартай хүнийг зөгнөсөн нэр болжээ. “Ингээд л Содовын Машка, ЁНДОНГИЙН Цог болсон гэдэг”. Төрсөн аав, ээжтэйгээ сүүлд уулзсан. Ээж маань надаас хойш дөрвөн охин төрүүлсний нэг нь одоо төмөр замын нэрт үелзүүр бүжигчин Оюунгэрэл юм шүү дээ. Жил бүрийн цагаан сараар дүү маань надад ирж золгодог юм” хэмээн яриагаа эхлэв.
Би өргөсөн аав ээжтэйгээ хамт Булган аймагт өссөн юм. Аавтайгаа ажил дээр нь очоод радиогийнхны хийдэг ажлыг гайхаж, ийм л мэргэжилтэй болох юмсан гэж мөрөөддөг байлаа. Сургуульд орсон хойноо гармон хөгжим тоглодог, “Миний хэнз хурга”-аас эхлээд л шүлэг сонирхдог болов. Гэтэл нэг өдөр ах ирээд “За чамайг өөр сургуульд оруулна аа” гээд л дагуулаад явав. Ийнхүү 16-хан насандаа цэргийн хөгжимчин болохоор болдог байгаа. Эхлээд ахдаа гомдох шиг ч нүдний нулимс цийлэгнээд л үлдэж билээ. Тэндээ хоёр жил суралцаад үргэлжлүүлж гурван жилийн цэргийн алба хааж нийтдээ 10 гаруй жил армитай амьдралаа холбов.
1962 онд Финляндын нийслэл Хискт Дэлхийн залуучуудын наймдугаар их наадам болох сураг сонсогдов. Тэр наадмыг угтаж манай үндэсний хөгжмийн мастерууд Улсын ардын дуу бүжгийн чуулгын үндэсний найрал хөгжмийн бүрэлдэхүүнийг өргөтгөсөн байгаа юм. Ингэхдээ шинээр зураг төсөл зохиож, эвэр бүрээ, их бүрээ, бишгүүр гэх мэт үлээвэр хөгжмийг нэмж оруулсан юм билээ.
Ингээд наадамд мордохоосоо өмнө үлээвэр хөгжмийн мэргэжилтэй залуусыг сонгож авсан даа. Тэр завшаан надад тохиолдож, Батлан хамгаалах яамнаас Соёлын яам руу шилжиж ирэв. Ингээд Ардын дуу бүжгийн чуулгын үлээвэр найрал хөгжмийн их бүрээчин болов оо. Цэргийн хөгжимд байхад зөвхөн “Төрийн дуулал”, “Нийтийн бүжиг”, “Жагсаалын марш” тоглодог байсан бол энд орсноор “Чайковский”, “Бетховен”, “Кармен дуурь” гээд алдартай хөгжмүүд тоглож эхэллээ. Нэг ёсондоо миний их урлаг руу хөл тавих эхлэл болсон доо. Ингээд л улсынхаа хилийн дээсийг алхаж, фестивальд оролцох гээд юм үзэж нүд тайлж эхлэв.
ХҮСЭЛ ЗОРИЛГОДОО ХӨТЛӨГДСӨӨР ЖҮЖИГЧИН БОЛОВ
Тэр үеэс одоо хүртэл Драмын театр, Дуу бүжгийн чуулга хоёр нэг байранд хамт амьдарч байна шүү дээ. Тийм болохоор нэг тайзанд ээлжилж бэлтгэл сургуулилт, тоглолт хийдэг байв. Тэгэхэд алтан үеийнхэн болох Д.Гомбосүрэн багш, Ардын жүжигчин Д.Ичинхорлоо, Д.Дамдинсүрэн, Г.Хандсүрэн, Гавьяат жүжигчин Д.Цэрэндолгор гээд мундаг хүмүүс байлаа.
Өөрсдийнхөө бэлтгэлийг дуусгаад л тэднийг хараад суучихна шүү дээ, би чинь. Ингэж суухдаа “Яаж эд нар шиг гоё жүжигчин болох вэ” л гэж боддог байлаа. Харин надтай хамт арван жилд сурч байсан Балданпүрэв найз маань нэг өдөр (сүүлд түүний тухай “Хачин хүн” нэртэй телевизийн нэвтрүүлэг хийж байжээ) ирээд “Чи жүжигчин болно гээд л донтоод байдаг даа. Одоо манай хүүхэд залуучуудын театр “Шиллерийн дээрэмчид ” нэртэй том жүжиг тавих гээд эрэгтэй жүжигчид хэрэгтэй болохоор дагалдан жүжигчин шалгаруулж авч байна. Чи үзээд алдахгүй юм уу” гэв. Тэгээд л юу ч мэдэхгүй хүн очлоо. Анх танилцсан хүн минь олон түмэнд “цоохор морины наймаачин” гэж алдаршсан (хожим нь миний багш) Д.Сэдэд байлаа.
Түүний шавь надаас эхлээд олон. Хамгийн отгон нь Сүххуяг, Лхасүрэн, Ганболд гэх мэт. Энэ багш маань унших шүлгийг минь сонгож, этюдээс эхлээд мэргэжлийн холбогдолтой зүйлүүдийг тайлбарлаж өгч байсан юм. Тэр үед надад аз тохиосон байх л даа. Тэнцээд, Хүүхэд залуучуудын театрын дагалдан жүжигчин болов. Ингээд тайзны их урлаг, театр гэх агаараар амьсгалж том том жүжигчдийн тоосонд дарагдах үедээ дарагдаж, чирэгдэх үед ээ чирэгдэж явсаар мэргэжлийн жүжигчний шалгалтад орж жүжигчин болсон юм даа. Ардын жүжигчин Д.Очирбат, Гавьяат жүжигчин З.Галсанданзан, Готов нар хүүхдийн театрын жүжигчид байсан юм.
Тухайн зохиолын өгөгдсөн нөхцөл болох тухайн үед хаана, хэдий үед амьдарч байгаа, нийгмийг энэ дүрээрээ яаж илэрхийлэх ёстой болсон зэрэг шалтаг шалтгаануудыг судалж мэдэх ёстой. Тэгэхдээ би голцуу эсрэг дүрд тоглодог байсан. Эерэг дүр буюу хамгийн том дүр маань VIII Богджавзундамба. Хамгийн анхны гол дүр гэвэл “Их замын тоос” киноны Сугар жолооч юм. Намайг театраас кино урлагт орох замыг маань нээсэн хүн бол МУГЖ Л.Энхтуяа эгч л дээ. Нэг өдөр Энхээ эгч маань намайг дуудаад “За кинонд ам барьж дуу оруулна гэж нэг зүйл бий. Чи хийж чадах юм шиг санагдаад. Өнөөдөр чи намайг дагаад кино үйлдвэр явна аа” гэв. Би тэгэхэд залуухан ч байсан дагаад л явлаа. Намайг очиход алдарт кино найруулагч Жигжид гуай “Тулалдаанд зөвхөн хашрууд нисдэг” гэсэн нисэгчдийн тухай орос кинонд дуу оруулуулаад сууж байв. Би ч нөгөө сүрхий зоригтой очсон оронгуутаа л сүрдчихдэг байгаа. Өнөө л Дагийранз, Б.Дамчаа, Л.Ванчиг гээд лут лут хүмүүс байж байхад ухаан алдчихгүй хаачихав.
Энхээ эгч маань “Би залуу дагалдан жүжигчингээ аваад ирлээ” гээд л тэдэнд танилцуулав. Ц.Цэгмид гуай “Чи цэргийн цол мэдэх үү? Тэр орос ахмадын үгийг сонсож байгаад, энэ хүмүүсийн яаж дуу оруулж байгаатай харьцуулаад оролдоод үз. Тэгээд хэлж байгаа үгийнх нь дагуу Монголоор дуу оруулаад орхи” гэв. Туслах нь орчуулгатай цаас авчраад надад өгч байна. Нэлээд харж зогслоо. Тэнд дуу оруулж байгаа хүмүүс ч мундаг юмаа. Амьсгаа, зан ааш гээд л бүхий л авирыг нь яг дуурайж байна. Уг нь би орос хэл мэддэг. Хэсэг ажиглаж байгаад л дуу оруулж үзлээ. “Зогс” гээд л зогсоож байна. “За ингэнэ ээ хө. Тэр Кузнечик гээд гол дүрийн нисэгч байгаа” хэмээн дүрс рүү заагаад “Наад хүндээ нэг дуу оруулаад үз” гэв.
Хэлснийх нь л дагуу дуу оруулж эхэллээ. Тэр өдөр миний аз тохиосон уу, байгалиас заяасан бага зэрэг авьяас байсан уу. “За энэ залуу болж байна” гээд л шууд тэр гол дүрийн жүжигчний дууг оруулуулахаар болж билээ. Энхээ эгч ч баярласан. Тэнд байсан хүмүүс ч шинэ залуу орж ирлээ гээд баярлаж байсан. Тэр явдлаас хойш уригдаж ч очно. Өөрөө завтай үедээ сайн дураараа ажлаа тараад очно. Ер нь, кинонд дуу оруулах их дуртай болчихсон байсан л даа. Ингээд хэд хэдэн кинонд дуу оруулаад ирэхээр кино найруулагчдын нүдэнд өртөж эхэлж байгаа юм. Тэгээд л киноны энд тэнд хавчуулагдаад жижиг сажиг юманд гарч эхэлдэг боллоо. Ингэж дэлгэцийн урлагт хөл тавилаа.
Сүүлд Б.Сумхүү найруулагчаас эхлээд мундаг хүмүүс“Сахиул уу сахиус уу?”, “Говь хянганд тулалдсан нь” гэх мэт кинонд аваад эхэлсэн. Ер нь, хүн гээч амьтан дандаа давардаг зантай юм уу даа. Хөгжимчнөөс жүжигчин болсны дараа кино найруулж үзмээр санагдаад байх болов.
Тэгээд Дархан хотын Залуучуудын театрыг нээх санаачлагыг хэсэг нөхдийнхөө хамт гаргалаа. Энэ үед үндсэний телевизэд “Үдшийн үлгэр”, хүүхдийн жүжгүүдэд тоглохоос эхлээд хүүхдийн редакцид ажилладаг боллоо.
Урлагийн гавьяат зүтгэлтэн М.Чойжамц гуай намайг урьсан хэрэг. 1986 онд Чойсамба багшдаа “Би тийшээ очмоор байна” гэлээ. “За яах вэ. Том газар очоод мартчихав даа” гэж байна. Тэгээд л одоогийн Глоб интернэшнилийн захирал Х.Наранжаргалын удирдлагад дөч гарчихсан эр очсоноор телевизийн эрдэмд суралцаж эхэлсэн. Ийнхүү туслагч найруулагч хийж байснаа дэвшиж ассент найруулагч боллоо. Дараа нь жинхэлж телевизийн найруулагчийн эрхийг авч билээ.
Ингэхэд хамт ажиллаж байсан редактор Болд, найруулагч Б.Жаргал, Ж.Барамсай гээд хүмүүсийн туслалцаа дэмжлэг маш их нөлөөлсөн. Одоо “Алтанфонд’’-д байдаг “Эцсийн тушаал” нэртэй теле жүжиг найруулсан маань тэр жилийнхээ шилдэг бүтээлээр шалгарч Чех улсад болсон олон улсын телевизийн кино наадамд амжилттай орж байсан хэмээн хуучлав.
УЛААН НОМД ОРСОН “САЛХИТ ШУВУУ”
Тэрээр амьдралынхаа гунигтай дурсамжийг ярихдаа дуу нь намсаж, сэтгэл нь нэг л эвгүйрхээд байх шиг санагдсан. “Хүний амьдрал дандаа нартай цэлмэг өдөр шиг байдаггүй шүү дээ. Эр хүний ид нас болох 50 гаруй насандаа үр хүүхдүүдийнхээ ээжийг өвчний улмаас алдсан юм. Ийнхүү уй гашуутай явж байхад минь манай хөгшин түшиж тулсан юм шүү дээ. (Түүний гэргий аль хэдийнэ дэргэд сууж байсан залуустай яриа дэлгэж харагдав)
Би төмөр замын хүргэн болонгуутаа МУГЖ гэх алдар хүндтэй цол авсан юм даа. Гэр бүлийнхээ хүнтэй долоо найман жил хамт амьдарч байна. Тэгээд л би хөгшнийхөө хамт олны баяр наадамд хамт очих, ажил дээгүүр нь орж гарах их дуртай байдаг юм даа. Тэр байтугай төмөр замын тухай шүлэг бичих гэж оролдсон ч удаа бий. Уран бүтээлч хүний нүдээр ургуулан бодоход төмөр зам миний сэтгэхүйд ингэж буусан юм.
Амь тэтгэж алсаас зурайж байдаг
Артерын судас шиг Амьдрал тэтгэж ган зам хослон зурайна...
...Уул нэвтэлж, ус гаталж, улс дамжин зурайх төмөр зам аа... гэх мэтээр шүлэглэж бичээд “Ган зам”сонинд хэвлүүлэхээр очсон ч амжилгүй буцаж байсан юмдаг. Тухайн үед бичиж байсан зүйлээ харахгүй бол одоо мартагдчихсан байна. Манай гэрийн хүн төмөр замд сургууль цэцэрлэг эмнэлэг хариуцсан нягтлан бодогч байсан. Дараа нь ТЗДС-ийн оюутны байрны багш хийж байсан. Харин тэтгэвэртээ гарсан биш бүр завгүй болоод байна шүү дээ. Бидний үеийн хүмүүс цөөхөн болжээ. Дамдин, Равсал панз (Магсаржав) бид хэдийг ямар сайндаа л кино урлагийн залуус “Улаан номны амьтад” гэж нэрлэх вэ дээ.
Тэд маань биднийгээ хөөргөнө, бид ч ажилдаа дуртай. Тэгээд л чадахаасаа чадахгүй хүртэл зүтгэж явна. Би тийм ч хялбар аргаар жүжигчин болоогүй л дээ. Залуу насандаа сахилгүйтэж алдсанаасаа болж, хөөгдөж туугдаж ч явсан. Гэвч анхнаасаа л энэ салбартаа шунаж, дурлаж ирсэн болохоор ч тэрүү зодоод хөөгөөд байхад гаслаад л гүйж ирээд байдаг гэрийн нохой шиг салж чадахгүй байсаар өдийг хүрлээ. Би нэг их бурхан шашин шүтээд байдаггүй.
Гэхдээ “Муу нь ч сайн ч аль аль нь миний багш” гэдэг үг миний амьдралдаа барьдаг шугам байгаа юм даа. Тэр ингэлээ тэглээ гэж гүн гүнзгий гомдоод байдаггүй зантай хүн гэв. Нээрээ ч Цог гуай хүнд муу санадаггүй зантай нэгэн аж. Ямар сайндаа л нутгийнхаа залууд тус болно гэж өөрийнхөө гурван өрөө байрыг өгчихөөд орох оронгүй үлдэж байхав.
Залуудаа “Салхит шувуу" гэж хочлуулж явжээ. Учир нь уурлаж бачимдсан үедээ дугуй, машин унаад салхи сөрж давхих, эсвэл өндөр уул , толгод дээр гараад энгэрээ задгайлж байгаад чанга дуугаар хашгирмаар санагддаг зангаар нь ийнхүү нэрлэсэн гэнэ. “Ардын дуу бүжгийн чуулгад хөгжимчин байхад урлагийн бригад хөдөө орон нутгаар явдаг байлаа. Нэг удаа Завхан аймгийн Сантмаргац сум руу шөнө автобустай орж очиход Холбоо нуур сарны гэрэлд гялбаад л нээх сайхан харагдаж байв. Нуурын хажуугаар өнгөрөхөд манай Түмэндэмбэрэл эгч, Сүглэгмаа эгч нарын хүмүүс л явсан шиг санагдана. “Энэ нууранд ороод сэлчихсэн хүнд өгөх шагнал ч байна даа” гэдэг байгаа. Тэгэхэд нь би онгироод нуурын зах руу ороод л сэлж эхлэв.
Тэд “Боль боль. Миний хүү ирж юмаа ав” гээд хашгирч байж билээ. Айсан байх л даа. Харин маргааш нь хүнд хоч өгдөгөөрөө алдартай бөмбөрчин Пүрэвдоо ах надад “Усны үхэр” гэдэг хоч өгчихсөн байдаг байгаа гээд. Түүний том хүү Ц.Хүсэлбаатар нь “Шилдэг инээд” хамтлагийн захирал бол бэр нь С.Өлзийхүү юм байна. “Том ач охин маань СУИС-ийн жүжигчний ангийг төгсөөд, одоо дэлхийн мисст амжилттай оролцож яваа сурагтай. Найруулагч, бүжигчин гээд бүгд л урлагийн хүмүүс байдаг. Жолооч, холбоочин гээд өөр мэргэжил ч эзэмшсэн хүн байгаа л даа” хэмээн үр хүүхдүүдээрээ бахарсан эцэг хүний яриагаар бид хоёрын уулзалт өндөрлөв.
Түүнийг унаанд суулгаж өгөхдөө “Таныг рекламд гардаг шигээ ууртай хүн байх гэж айж байлаа гэхэд “Хүрлээ золиг л намайг цочоож уурлуулаад байдаг болохоос би уг нь гайгүй шүү дээ” гээд хүг хүг инээсэн юм. Тэрээр нас дээр гарсан гэлтгүй л зав муутай явна. “Маргааш төв аймагт очиж киноны ажилдаа орно доо” хэмээн ярьж байна лээ. Ажлынх нь зав зайг асууж байж эмнэлэг орох завшааныг нь ашигласан маань энэ. Монголын алтан үеийнхэн үнэхээр улаан номд оруулмаар хөдөлмөрч хүмүүс байх юм даа.
Б.Дэлгэрхишиг
Эх сурвалж: "Ган зам"