logo
Монгол улсын өргөмжит консулууд зөвлөлдөж байна

Монгол улсын өргөмжит консулууд зөвлөлдөж байна

2012/09/14
Улаанбаатар хотноо өнөөдөр Монголын өргөмжит консулуудын Наймдугаар зөвлөлдөх уулзалт Гадаад харилцааны яаманд нээлтээ хийлээ. Уулзалт хоёр өдөр үргэлжлэх юм.
Монгол Улс 1992 онд Гонконгийн иргэн Квок Шүмин-ийг Монголын анхны Өргөмжит консулаар томилон ажиллуулснаар уг албыг ашиглах болсон бол өнөөдөр дэлхийн 40 гаруй улсын 55 иргэн Монголын өргөмжит консулаар ажиллаж байна
Өргөмжит консулууд хоёр жил тутамд болдог зөвлөлдөх уулзалтаараа тодорхой асуудлыг хөндөж хэлэлцдэг уламжлалтай бөгөөд 2009 оны уулзалтаар “Гадаад харилцааг эдийн засагжуулах” нь сэдвийн хүрээнд хуралдсан бол энэ удаагийн уулзалт “Жижиг, дунд үйлдвэрийн хөгжил” сэдвийн хүрээнд болж байна.
Уулзалтыг нээж Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч С.Сүхболд, Бодлого, төлөвлөлт, судалгааны газрын захирал Г.Батжаргал нар Монгол Улсын төр, эдийн засгийн өнөөгийн байдал, гадаад бодлогын шинэ үзэл баримтлалын талаар тодорхой мэдээлэл өгсөн юм. Улмаар Хөдөлмөрийн яамны ажилтан Н.Галцог, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Үйлдвэрлэлтийн хэлтсийн мэргэжилтэн Б.Ганцэцэг, Монгол Улсын Бүгд Найрамдах Итали Улсын Милан хот дахь өргөмжит консул Цэвэгдоржийн Гантуяа, Бүгд Найрамдах Солонгос Улсын Пусан хот дахь өргөмжит консул Пак Жон Жин, Бүгд Найрамдах Бангладеш Ард Улс дахь өргөмжит консул Насрин Фатима Авал нар илтгэл тавьж хэлэлцүүлэв.
Өргөмжит консулууд мөн өнөөдөр Төрийн ордонд Гадаад харилцааны сайд Л.Болдод бараалхсан юм. Үүний дараа Гадаад харилцааны яамны бүс нутаг хариуцсан газар, хэлтэсүүдэд уулзалт хийж байна.
Зөвлөлдөх уулзалт маргааш МҮХАҮТ-нд Бизнес ярилцлагаар үргэлжлэх юм.
Н.Гантуяа 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш