Монгол Улсад Бүгд найрамдах Турк Улсаас суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мустафа Сарныч өнөөдөр Монголын үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагт зочиллоо.
Тэрбээр, МОНЦАМЭ агентлагийн дарга С.Алтанцэцэгтэй уулзан, Элчин сайдын яам болон МОНЦАМЭ агентлаг, хоёр улсын мэдээллийн агентлагуудын цаашдын хамтын ажиллагааны талаар яриа өрнүүлсэн юм.
Уулзалтын эхэнд МОНЦАМЭ агентлагийн дарга С.Алтанцэцэг ноён Мустафа Сарнычид тус агентлагт зочилсонд талархаад, МОНЦАМЭ агентлагийн түүх болон үйл ажиллагааны бодлого чиглэлийн талаар танилцуулав.
Үүний хариуд ноён Элчин сайд МОНЦАМЭ-гээс түгээж буй мэдээ мэдээллийг өглөө бүр авдаг гээд халуун дотноор хүлээн авсанд баярласнаа илэрхийлэв. Мөн МОНЦАМЭ агентлаг Монголын мэдээллийн салбарт хүндтэй байр суурь эзэлдэг бөгөөд Монгол Улсад болж буй үйл явдлын талаар байнга мэдээллээр шуурхай хангаж байдагт талархлаа илэрхийлээд "Манай улсын АНАДОЛУ агентлагтай ижил статустай. Тиймээс цаашдаа хамтран ажиллахдаа таатай байна" гэв.
Тэрбээр мөн тус агентлагийн сэтгүүлчдийг Турк улсад АНАДОЛУ агентлагийн шугамаар айлчлуулан туршлага солилцох боломжтойг илэрхийлж, энэ тал дээр бүрэн дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлэв. Монгол, Турк улс сэтгүүлч солилцооны туршлагатай ба цаашдаа ч энэ харилцааг хадгалж, хөгжүүлж явах сонирхол нэгтэй байгаагаа ноён Элчин сайд хэлэв.
Уулзалтын төгсгөлд ноён Элчин сайд Мустафа Сарныч "МОНЦАМЭ агентлагт ирж, хатагтай С.Алтанцэцэгтэй ажил хэрэгч яриа өрнүүлсэнд баяртай байна. Монгол Улсад Элчин сайдаар томилогдон ирээд хоёр сар болж байна. Өмнө нь олон оронд консул, ерөнхий консулаар ажиллаж байсан ч Элчин сайдаар томилогдсон нь анхны удаа болж байгаа юм. МОНЦАМЭ АНАДОЛУ агентлагууд маш бат холбоотой ажилладгийг мэднэ. Хатагтай С.Алтанцэцэгтэй хоёр агентлагийн хамтын ажиллагааг цаашдаа хэрхэн өргөжүүлж, үргэлжлүүлж авч явах талаараа зөвшилцлөө. Энэ харилцааг хадгалж авч яван, өөрсдийн чадах бүх дэмжлэгээ хоёр улсын хамтын ажиллагаанд үзүүлнэ гэдгээ илэрхийлье" гэлээ.
МОНЦАМЭ агентлагийн дарга С.Алтанцэцэг ноён Элчин сайдыг үдэхдээ Монголын мэдээ мэдээллийг баттай эх сурвалжаар хүргэж байхаа илэрхийлээд тус улсын Элчин сайдын яамтай нягт хамтын ажиллагаатай ажиллахаа хэлсэн юм.
БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хоёр улсын мэдээллийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд ихээхэн идэвх санаачилга гарган ажилладаг. Үүний нэг жишээ нь Бүгд найрамдах Турк улсын Хэвлэл мэдээллийн ерөнхий газрын санаачилсан сэтгүүлч солилцооны хөтөлбөрийн дагуу МОНЦАМЭ агентлагийн гурван хүнтэй бүрэлдэхүүн 2009 оны зургадугаар сард Турк улсад айлчилж, Турк улсын тухай DVD бэлтгэж олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр нэвтрүүлж байсан юм.
Мөн 2009 оны долдугаар сард МОНЦАМЭ агентлагийн урилгаар Турк улсын АНАДОЛУ агентлаг, үндэсний телевиз зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагын дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй баг Монголд айлчилж, энэ үеэр АНАДОЛУ, МОНЦАМЭ агентлагийн хооронд хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурсан юм.
МОНЦАМЭ агентлаг Ази-Номхон далайн бүс нутгийн мэдээллийн агентлагуудын нэгдсэн байгууллага ОАНА-гийн гишүүн байгууллага төдийгүй Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байна. Уг байгууллагын үйл ажиллагааны хүрээнд ч МОНЦАМЭ болон АНАДОЛУ агентлаг идэвхтэй хамтран ажиллаж ирсэн. ОАНА-гийн ерөнхийлөгчөөр АНАДОЛУ агентлагийн ерөнхий захирал сонгогдон ажиллаж байгаа. Энэ утгаараа АНАДОЛУ агентлаг ОАНА-гийн үйл ажиллагаанд чухал байр суурьтай оролцдог юм.
Хоёр улсын мэдээллийн агентлагийн хооронд харилцаа тогтооход БНТУ-ын Элчин сайдын яам голлох үүрэг гүйцэтгэдэг. МОНЦАМЭ агентлаг, БНТУ-ын Элчин сайдын яам хороонд идэвхтэй хамтын ажиллагаатай ба Турк улстай холбоотой мэдээ мэдээлэл, Турк улсаас Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар, мөн Элчин сайдын яамнаас зохион байгуулж буй арга хэмжээг шуурхай мэдээлж ирсэн юм.
Н.Гантуяа