logo

"Аль-Каида" сэрэмжлүүлж байна

2012/09/15
Лалын шашинтнуудын эсрэг дайн явуулж байна гэж "Аль-Каида" АНУ-ыг буруушаажээ. "Холокостод бэлэн бай" гэж АНУ дахь тус байгууллагын төлөөлөгч Адам Гадан сэрэмжлүүллээ. "Аль-Каида" лалын ертөнцийн эсрэг өөрийн тоглолтоо эхэлжээ гэж Оросын шинжээчид анхааруулж байна.
Өнгөрсөн онд Адам Гадан дэлхий даяар хамгийн их эрэн сурвалжлагдаж буй 10 террористын жагсаалтад оржээ. "Аль-Каида"-гийн толгойлогч Айман аз-Завахирийн хамт түүний өгсөн ярилцлагаа есдүгээр сарын 11-ний өмнөхөн интернэтэд тавьсан билээ. "Өнөөдөр лалын шашинтнууд Йеменд амь үрэгдэж байна, маргааш тэднийг Нью-Йорк, Лос-Анжелест устгаж эхэлнэ. Холокостод бэлэн бай" гэж дүрс бичлэгт дурдсан байна. Гадан "улс төрийн системийн хувьд лалынхныг Америк улс эсэргүүцэх нь илэрхий" гэж мэдэгджээ. Энэ талаар Дорно дахины судлаач Владимир Исаев хийсэн мэдэгдэлдээ "одоо "Аль-Каида" юу хийхээ мэдэхгүй байдалд оржээ. Арабын хувьсгалын үр дүнд юу болж буйг тэд маш анхааралтай харж байна. Зарим улсын төрийн эрхэнд лалынхан гарсан бөгөөд тэднийг хэрхэн аашлахыг ажиглаж байгаа. Зарим мэдээгээр бол "Аль-Каида" Египет, Йемений дэглэмийг түлхэн унагахад дэмжлэг үзүүлсэн гэдэг. Тус байгууллагын гишүүд Сирид байсан. Арабын зарим орны төрийн эрхэнд гарсан шинэ хүчнийг өөрт ашигтай байна хэмээн тэд найдаж байна. Нөгөө талаар, "Аль-Каида"-гийнхан ашиглуулснаа, лалын шинэ элементүүд "Аль-Каида"-гийн зарчмаар бус, өөрсдийн зарчмаар улс орноо удирдана гэдгийг сайн ойлгох ёстой.
"Аль-Каида" -гийн толгойлогчийн дүү Мухаммед аз-Завахири Америкийн телевизийн Си-Эн-Эн сувагт ярилцлага өгөхдөө лалын шашинтнуудтай эвлэрэхийг Өрнөдийн орнуудад, тухайлбал, АНУ-д санал болгосон. Үнэндээ АНУ болон өрнөдийнхөн лалын шашинт улсуудын хэрэгт хөндлөнгөөс оролцохоос татгалзаж байгаа, оронд нь лалын бүлэглэлүүд тэмцлээ зогсооход бэлэн байна".
Оросын ШУА-ийн Дорно дахин судлалын хүрээлэнгийн шинжээч Борис Долговын үзэж буйгаар "нэг талаар АНУ Йемен, Афганистанд "Аль-Каида"-тай тэмцсээр байна. Нөгөө талаар, тэд "Аль-Каида"-гийн босогчдыг дэмжиж байгаа. Ливид ч тийм байсан, Сирид ч мөн адил. Ерөнхийдөө АНУ "Аль-Каида"-гийн талаар хоёр стандарт баримталж байна. Өөрт ашигтай бол "Аль-Каида"-г дэмжиж, ашиггүй бол уг байгууллагын эсрэг тэмцэж байна. Мэдээж энэ нь "Аль-Каида"-г хэт үзэлт лалын шашинтнууд төдийгүй АНУ-ын эсрэг тэмцэгчид хэмээн үздэг хүмүүст хачирхалтай санагдах байх".
"Аль-Каида"-гийн удирдлага нөлөө нь буурч болзошгүйд илэрхий санаа зовж байгаа. Энэ нь санхүүгийн урсгал зогсоно гэсэн үг. Тиймээс лалын ертөнцийг, тухайлбал, Америкт байгаа лалынхныг бүхэлд нь өөрийн мэдэлд оруулах хэрэгтэй байгаа юм. Тиймээс лалын ертөнцийнхнийг төөрөгдүүлэх гэсэн террористуудын санааг улс төрчид анзаарахгүй байх аргагүй.
З.Амгалан

 

Сэтгэгдэлүүд

Дээш