logo
Өргөдөл /фельетон/

Өргөдөл /фельетон/

2011/07/08
Эхлэн учирлах ину
Эрхэмсэг ноён Улаанбаатар хотын газрыг мэддэг Энхрий Э дарга танаа өргөдөл гаргах учир нь:

Би эрхэм дарга, сайд, гишүүдийнхээ амралт, асар үнэтэй чөлөөт цагаас нь хороохгүйн тулд маш оновчтой нэгэн санал дэвшүүлж байгааг хүлээн авч дэмжинэ гэдэгт итгэж байна. Засгийн газрын ордны хойд талын хэдэн мод бүхий шал хэрэггүй хэсэг газрыг миний мэдэлд шилжүүлэн өгөхийг хүсэн өргөдөл гаргав.

Газрын зөвшөөрөл олгосны урамшууллыг зохих тарифт баригдалгүй зүйрлэшгүй ихээр амлаж байгаа, америкийн хөрөнгийн бирж дээр асар их хувьцаа борлуулж байгаа маш баян Бирдландау гэдэг гадаадын иргэн миний ард байгаа болохоор санаа зоволтгүй.

Тэнд юу байгуулж дарга, сайд, гишүүддээ тус болох гэж байгаа талаараа дэлгэрэнгүй өчье.

Тэр газар дээр таван одтой тавин давхар зочид буудал барьж засгийн газрын ордныг газар доогуур шууд коридороор холбож сайд, дарга нар маань чөлөөт цагаараа сурвалжлагчдын дуран хараанд болон жагсагчдын үймээнд өртөлгүй зочид буудалд орж бүх төрлийн зугаа цэнгэлийн үйлчилгээ авах боломжтой болох юм. Тэнд ресторан, бар, саун, массаж, боулинг, биллард, казино, гольф, сайхан бүсгүйчүүд гээд ер нь манай ихэс дээдсийн юу хүсдэг тэр бүхэн байх болно. Бүх цонх нь сум үл нэвтрэх шилээр шиллэж, тусгай хамгаалалтанд байх ба жирийн иргэд хэзээ ч шагайж чадахгүй тийм нөхцлийг бүрдүүлнэ.

Гадаадын хүнд хотын төвд газар өгсөн, ногоон бүс устгасан энэ тэр гэж Гүндалай мэтийн хоосон дүвчигнэгчид ажилчдын байр нурааж маяглаж магадгүй. Гэхдээ тэр ямар хэлсэндээ хүрэх биш, хэд айлгүйтэж байгаад мартаж орхино. Манай компани хэвлэлийн их хурал хийлгэж шударга тендерт оролцож хотыг хөгжүүлэх төлөвлөгөөний дагуу авсан гээд сүртэйхэн зарлаж орхино. Тэгэхээр хөөрхий муу мулгуу ард түмэн тийм юм байна гээд л шуугихаа болино. Ингээд л манай... манай ч гэж дээ Бирдландаугийн бүгд найрамдах улс дураар аашилж болно шүү дээ. Гол нь энэ их мөнгөтэй зальтай эрийн мөнгөнөөс хармаалж авах асуудал чухал шүү эрхэм дарга, сайд, гишүүд минь. Шинэхэн буудалдаа 76 гишүүнээ спонсорынхоо хөрөнгөөр нэгэн зэрэг хүлээн авч буудлаа танилцуулж гарын бэлэг “Ланд крузер” маркын үзэг өгөхөөс гадна нэг нэг дээд ангиллын люкс өрөөг ядаргаагаа тайлж байхад нь зориулж байнга гаргаж өгөх болно. Засгийн газрын гишүүд ч айлтгүй энэ тансаг хэрэглээнд хамрагдана. Харин ерөнхийлөгч бол бүр тусгай. 50 давхрын дээр тусгай өргөөнд ард түмний үймээн самуун, шуугианаас хол, өр шир гарвал дарах 50 тэрбум долларыг өвөрлөөд тухлан жаргах болно. Ерөнхийлөгчийн өргөөг ХХБ-тай телемостоор холбож, тунел татаж болох юм.

Манай улсын хөгжилд тустай, хөрөнгө мөнгөө арвижуулахад нэмэртэй ийм сайхан боломжийг алдаж болохгүй шүү эрхэм дарга, сайд, гишүүд минь.

Ахин учирлах ину
Эрхэмсэг ноён Улаанбаатар хотын газрыг мэддэг энхрий Э дарга танаа өргөдөл гаргах учир нь:

Нэгэнт хаана ч хамаагүй шатахуун түгээх станц барьдаг болсон юм чинь би эрхэм дарга, сайд, гишүүдийнхээ тусын тулд, ажилд нь аль болохуйц ойрхон шатахуун түгээх станц байгуулах сонирхолтой байна. Хотын төвд шатахуун түгээх станцгүйгээс дарга, сайд нар минь шатахуунаа авахаар хотын зах руу явж их хэмжээний илүү зардал гаргаж, их ядарч зүдэрч, авилгалтай тэмцэх хайран цагаа барж байна. Иймд үндэсний байгалийн түүхийн музейн урд, засгийн газрын ордны баруун хойд талын хөшөө бүхий газарт шатахуун түгээх станц байгуулах зөвшөөрөл надад өгөхийг хүсэн өргөдөл гаргав.

Манай шатахуун түгээх станц зөвхөн Төрийн тусгай алба, дарга, сайд, гишүүд, тэдний ар гэрийнхэнд бөхөлзөж, мөлхөж, нялганаж, долигонож үйлчлэх ба байнгын урамшуулалтай байх болно. Та нарынхаа нэр нүүрээ барж, “өндөр риск” давж байж олсон хэд хэдэн тэрбумаар тоологдох хөрөнгийг хэмнэж арвижуулахын төлөө ажиллах болно.

Жич: Гадаадын баян хөрөнгөтөн миний ард байгаа болохоор өгөх, авахад санаа зоволтгүй. Өгөх “гонарар”-ын хэмжээг энд дурьдаад хэрэггүй гэж бодлоо. Шалгалтаар авилгал авсан гээд байж магадгүй. Гомдоохгүй гэдгээ амлаж байна. Гэхдээ авилгал авсан энэ тэр гээд сөрөг хүчнийхэн маяглаад байвал бид огцорлоо гэж гарын үсгээ зурж айлгаж байгаад өөрсдийг нь огцруулчихаад буцаад сайдын суудлаа авч бүхнийг өөрсдийнхөөрөө шийдэж чадах юм чинь айлтгүй юм байна тийм ээ, дарга нар минь ээ.

Д.Өлзий-Очир
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш