БНХАУ-ын эдийн засгийн өсөлт удааширч эхэлжээ. Хятадын хамгийн том худалдааны түнш Европын Холбооны эдийн засаг сайнгүй байгаа нь үүнд нөлөөлж буй аж. ЕХ-ны эдийн засгийн хямралыг дагаад Дундад улсын дотоодын зах зээл дэх эрэлт буурч эхлээд байна. Мөн эдийн засагчдын үзэж байгаагаар Хятадын төв банк хэдийгээр чанаргүй зээл 1 хувьтай байгаа гэж мэдэгдэж байгаа ч үнэн хэрэг дээрээ 10-20 хувьд хүрээд байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл чанаргүй зээл буюу сүүдрийн банкны үйл ажиллагаа хэрээс хэтрээд байгаа бололтой. Гэсэн ч ихэнх банкууд төрийн мэдэлд байдаг болохоор чанартай, чанаргүй зээлд тийм ч их ач холбогдол өгөхгүй байгаа гэнэ. Эдийн засагчдын үзэж байгаагаар Хятад улс мөнгө санхүүгийн бодлогодоо өөрчлөлт шинэчлэлт хийхгүй удвал 1990-ээд онд болсон Азийн эдийн засгийн хямрал нүүрлэх аюултай гэж үзэж байна. Учир нь 1997 онд Япон улсын банкууд чанаргүй зээл болон өр зээл хэрээс хэтэрснээс болоод хямарч эхэлсэн юм. Дундад улсын эрх баригчид инфляци хөөрөгдөхөөс сэргийлж зээлийн хүүгээ нэмэгдүүлсэн. Мөн зах зээл дэх бэлэн мөнгөний гүйлгээг багасгасан. Энэ нь Хятадын компаниудад бэлэн мөнгөөр худалдаа хийх боломжгүй болгосон нь мөн эдийн засагт сөргөөр нөлөөлж байгаа юм байна. Дэлхийн эдийн засагчдын зөвлөж байгаагаар Хятад улс банк санхүүгийн систем, татварын бодлогоо өөрчлөх хэрэгтэй болоод байгаа юм байна. Мөн зөвхөн экспорт болон гадны хөрөнгө оруулалтад тулгуурласан эдийн засгийн хамаарлаа багасгаж, дотоодын эрэлт нийлүүлэлтэд тулгуурласан эдийн засгийг хөгжүүлэхгүй бол 1980-аад оны сүүлч, 1990-ээд оны японы эдийн засгийн хямралыг давтаж магадгүй болоод байгаа юм байна.
Shuum.mn
Shuum.mn