logo
Арилжааны банкууд иргэдийг хэрхэн шулж байна вэ? (цуврал 1)

Арилжааны банкууд иргэдийг хэрхэн шулж байна вэ? (цуврал 1)

2012/09/17
Цаг үеийн хэрэгцээгээ дагаад хүмүүс банкийг зорьж, басхүү банкинд итгэж найддаг болжээ. Гэтэл итгэлээ ихээр өгсөн тэрхүү газрууд нь иргэдийг хэрхэн энгийн зүйл дээр шулж байгааг иргэд төдийлөн сайн мэдэхгүй. Зээлсэн мөнгө болон төлөх хүү нь нэгэнт компьютерийн үйлдлээр гараад ирж байгаа болохоор их л итгэлтэйгээр зээлээ төлөх хүмүүс олон байдаг. Гэтэл программаа тохируулахдаа нэг хоногийн ч болов илүү мөнгийг иргэдээс хүү хэлбэрээр авах, иргэдтэй зээлийн болон хадгаламжийн төрөл бүрийн гэрээг ойлгомжгүй хийгээд банкинд ашигтай ямар зүйл, заалтууд оруулж бага орлогыг нь хоосолж байгааг хүргэх нь зүйн хэрэг байх. Шалгалтаар нотлогдсон энэ зүйлүүдийг шалгалт хийсэн газар нь өөрөө олон нийтэд мэдээлээгүй байгаа нь банкуудын гарт орсон уу аль эсвэл мэдээлэх шаардлаггүй гэж үзсэн үү, бүү мэд.

Манайд өдгөө 14 арилжааны банк үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа бөгөөд өнгөрсөн хэдэн жилд хоёр банк дампуурлаа зарлаж, нэгийг нь төр өөрийн нэр дээр нөгөөх нь одоогоор үйл ажиллагаа явуулахгүй байгаа юм. Арилжааны банкуудын нийт активын 26.2 хувийг Голомт банк, Хаан банк 24.4 хувийг, 21.6 хувийг Худалдаа хөгжлийн банк, 7.7 хувийг Хас банк, 7 хувийг Хадгаламж банкууд эзэмшиж, үлдсэн 13.1 хувийг бусад банкууд эзэмшдэг аж.  Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө гэсэн сүрхий нэртэй сүржин байгууллага өнгөрөгч хавар арилжааны банкуудад шалгалт хийснээр санаанд оромгүй зөрчлүүд илэрчээ.

Энэ зөрчлүүдийг та бүхэнд банк тус бүрээр цувралаар хүргэх болно. “Тэнгэр” санхүүгийн нэгдэл гэх жижиг ч хамаагүй зээлийг олгож иргэдийн итгэлийг хамгийн ихээр хүлээсэн “Хас банк” л гэхэд зээлийн гэрээгээ зөрчсөн үйлдлийг шалтгалтын комиссынхон илрүүлсэн байна.
- Хас банк гэрээгээ зөрчив -
Хас банкнаас ямар нэгэн зээл авахад тэд Санхүүгийн түрээсийн гэрээ байгуулдаг. Тэгвэл тус банкныхан өөрсдөө санхүүгийн түрээсийн гэрээгээ зөрчсөн байсныг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хийсэн шалгалтаар илрүүлсэн байна. Хас банкны санхүүгийн түрээсийн гэрээний 2.2.4-т “Тээврийн хэрэгслийг даатгуулахыг түрээслэгчээс шаардах”-аар заасан бол бодит байдалд зөвхөн Прайм даатгалтай хамтран ажиллах гэрээ байгуулж, зээлдэгч зөвхөн тус даатгалын компанид даатгуулах нөхцлийг хэрэглэгчид сонголтгүйгээр тулгадаг байна. Энэ асуудлтай холбоотойгоор 2010 онд иргэн Ц.Батаа ШӨХТГ-т гомдол гаргаж, энэ асуудалыг шалгуулан шийдвэрлүүлж байсан байдаг. Мөн гэрээний 2.2.6-д “Түрээсийн зүйлд аливаа засвар хийх, эд хөрөнгийн даатгалд даатгуулах болон түрээсийн зүйлийн өмчлөх эрхийг түрээслэгчид шилжүүлэхтэй холбогдон гарах  зардлыг хариуцахгүй”, 2.3.6-д ”Түрээсийн зүйлийг түрээслэхтэй холбоотой болон эд хөрөнгийн даатгалд даатгуулах, улсын дугаар авах, өмчлөх эрхийг шилжүүлэн авахтай холбогдсон аливаа зардлыг түрээслэгч бүрэн хариуцах” гэх зэргээр зээлдэгчид хариуцлага үүрүүлж, тэднээс мөнгөн төлбөр гүйцэтгүүлэх  зүйл, заалтуудыг оруулж өгсөн нь зээлийн шимтгэл, хүүгээс гадна иргэнээр мөнгө гаргуулах, Банкны тухай хууль зөрчсөн зүйл заалтууд хэд хэд байгаа юм. Энэ асуудлыг холбогдох албаныханд анхааруулж, Хас банкныханд тодорхой хариуцлага тооцохоор болсон байна.
- Чингис хаан банк өндөр хүүтэй, иргэдэд үйлчилдэггүй банк -
Арилжааны банкууд иргэдэд бараг 60 орчим төрлийн зээлийг олгож байгаа нь нэг үеэ бодвол боломж олгож байгаа гэсэн үг. Гэхдээ зарим нэг банкуудын хувьд Монголын нөхцөлд байж боломжгүй өндөр хүүг тогтоосон нь хэнд үйлчилдэг болохыг нь олоход хэцүү болж байгаа юм. Жишээ нь, Голомт банктай харьцуулалт хийхэд эргэлтийн хөрөнгийн зээлийг тус банк 1.4-2.0 хувьтай өгч байгаа бол зээлийн хугацаа сунгахад 0.5 хувь, шимтгэл өргөдлийн хураамжинд 2000 төгрөгийг тус тус авдаг байна. Гэтэл Чингис хаан банк эргэлтийн хөрөнгийн зээл төгрөгөөр жилд 26 хувь, ам.долларын зээл нь жилд 24 хувь гэсэн хамгийн өндөр үзүүлэлттэй байгаа юм. Мөн үүнээс гадна шимтгэл, өргөдлийн хураамж нь 20 мянган төгрөг, энгийн нэг банкныхаас 10 дахин их байна гэсэн үг юм. 

Зээлийн хүү өндөр, шимтгэлийн хураамж өндөр байгаа нь эргэлтийн хөрөнгийнхөөс гадна хөрөнгө оруулалтын зээл гээд хэд хэдэн зээл дээр харагдаж байгаа бөгөөд автомашины, санхүүгийн түрээсийн, хэрэглээний гэсэн зээлүүдийг тус банк огт олгодоггүй нь энгийн иргэдэд зориулсан банк биш гэдэг нь харагдаж байгаа юм. Нөгөөтэйгүүр, Чингис хаан банкийг гадны, тэр дундаа хойд хөршийн иргэдийн мөнгө угаах зорилгоор байгуулагдсан банк ч гэж нэрлэдэг. Энгийн иргэдэд үйлчлэхгүй хэрнээ бизнесийн хүрээний томоохон хүмүүст олон жилийн хугацаатай мөнгө зээлдүүлдгийг нь харвал иргэдийн хардлага ч үнэн байж таарах  гээд байгаа юм. Мөн тус банк хүү тооцох аргачлалаар бага боловч ашиг олдог юм. Ер нь хүү тооцох аргачлал нь зээл төлөхөд их биш ч гэсэн чухал үүрэг болох тул энэ мэдээллийг маргааш та бүхэнд үргэжлүүлэн хүргэхийн зэрэгцээ ямар банк хүүгээ бодохдоо иргэд та бүхнийг шулж, хууль зөрсөнийг мөн хүргэх болно.
Г.Ертөнц (www.wikimon.mn)
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш