Гэхдээ хуулийн төслийг чуулганаар хэлэлцэн батлахын өмнө дээрх товтой холбоотойгоор санал шүүмжлэл нэлээд өрнөсөн. Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Орон нутгийн сонгууль өвлийн цагт зохион байгуулагдах болж байна. Энэ нь сонгогчдын ирц хуульд заасан хэмжээнд хүрэхгүй болж сонгууль дахих тохиолдол гарвал төсөв, мөнгийг нь хэрхэн зохицуулах вэ. Түүнчлэн санал тоолох цахим машин үнэхээр найдвартай юу, Явуулын хайрцгаар санал авахад хүндрэл гарахгүй юу гэдэгт тодорхой хариулт өгөхийг хүссэн юм. Энэ асуултад УИХ-ын гишүүн Р.Гончигдорж “Арваннэгдүгээр сарын эхний долоо хоногийн пүрэв гаригт буюу мөн сарын 8-нд сонгуулийг зохион байгуулах тохиолдолд иргэд өвөлдөө бэлтгэх их ажилтай давхцаж болзошгүй байгаа. Харин арваннэгдүгээр сарын сүүлийн долоо хоногт буюу 21-нд зохион байгуулбал малчид өвөлжөөлчихсөн, идшээ бэлтгэчихсэн байна гэж үзсэн. Байгалийн давагдашгүй нөхцөл байдал үүсэхийг өнөөдөр тооцох аргагүй. Дахин сонгууль явуулах тохиолдол гарахыг ч үгүйсгэх аргагүй” гэсэн юм. Харин УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин “Сонгуулийн санал авах өдрийг арваннэгдүгээр сарын 4 дэх долоо хоногийн лхагва гаригт гэж товлосноор ноцтой хүндрэл гарч мэднэ. Сонгогчдын саналыг заавал техникээр тоолно гэхгүйгээр сонгуулийг эрт явуулах боломж байгаа. Учир нь арваннэгдүгээр сарын сүүлээр орон нутгийн сонгуулийг зохион байгуулснаар олон газарт санал хүчингүй болж болзошгүй. Энэ жил цас их орох төлөвтэй байна. Энэ тохиолдолд бэрхшээл үүснэ. Орон нутгийн иргэд саналаа өгөхийн тулд 50-60 км газар явах шаардлагатай болно. Цас ороод зам даваа бэрхшээлтэй болбол юун санал өгөх манатай. Түүнээс гадна өвлийн идшээ бэлтгэж эхэлдэг цагтай давхцаж байгаа. Хэрэв орон нутгийн сонгууль хүчингүй болбол хариуцлагыг олонхи болсон улстөрийн хүчин хүлээх ёстой” хэмээн сануулсан юм.
УИХ-ын гишүүн Р.Гончигдорж “УИХ нь хууль тогтоох дээд байгууллага. Үнэхээр МАН болоод бусад улс төрийн хүчин сонгуулийг амжилттай зохион байгуулъя гэж хүсвэл ард түмнээ сонгуульд идэвхтэй оролцуулах ёстой. Орон нутгийн удирдлагаа сонгох энэ ажилд хариуцлагатай хандах учиртай. Сонгуулийг эртхэн явуулна гэж байгаа бол МАН завсарлага авч хуралдааныг хойшлуулахгүйгээр хуулийн төслийг хэлэлцэн батлах ёстой байсан. Тиймээс МАН-ын гишүүд ард түмнээ сонгуульд идэвхигүй хандах сурталчилгаанд уриалахгүй байх ёстой” хэмээж байв.
Түүнчлэн ажлын хэсгийн төвшинд аймг, сум, дүүргийн Хурлын төлөөлөгчдийн тоог хүн амын нягтрал, байршил, засаг захиргааны нэгжийн бүтцийг харгалзан тогтоохоор томьёолсон байна. Тухайлбал, сумын Хурлын төлөөлөгчдийн тоог хүн амын нягтрал байршил, засаг захиргааны нэгжийн бүтцийг харгалзан:
Сумын хүн амын тоо нь 2000 хүртэл бол 15
Сумын хүн амын тоо нь 2000-5000 хүртэл бол 21
Сумын хүн амын тоо нь 5000-9000 хүртэл бол 27
Сумын хүн амын тоо нь 9000 ба түүнээс дээш бол 31 байх, дүүргийн Хурлын төлөөлөгчдийн тоог мөн хүн амын нягтрал байршил, засаг захиргааны нэгжийн бүтцийг харгалзан:
Дүүргийн хүн амын тоо нь 20000 хүртэл бол 17
Дүүргийн хүн амын тоо нь 20000-80000 хүртэл бол 25
Дүүргийн хүн амын тоо нь 80000-180000 хүртэл бол 35
Дүүргийн хүн амын тоо нь 180000 ба түүнээс дээш бол 41 байхаар тогтооно гэснийг дийлэнх гишүүн гар өргөн дэмжив.
Ингээд эцэст нь дээрх хуулийн төслийг батлах нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураалгахад гишүүдийн 69,8 хувь нь дэмжиж хууль батлагдсан юм. Ийнхүү өнгөрсөн оны эхнээс улстөрийн намуудын дунд зөвшилцөл, маргаан аль алиныг нь дагуулж байсан Орон нутгийн сонгуулийн тухай хууль эцэслэгдэн батлагдлаа. Одоо гол нь Сонгуулийн ерөнхий хороо болон Улсын бүртгэлийн ерөнхий газар зэрэг холбогдох байгуулагууд сонгуулийг зохион байгуулах бэлтгэл хангах үүрэг хүлээж байна.