Харилцан бүтээгдэхүүн солилцох “чөлөөт” замыг нээснээр бараа, үйлчилгээний үнэ хямдрах, үндэсний үйлдвэрлэл сэргэх, улмаар амьжиргааны түвшин дээшлэх зэрэг үр дүнд хүрэх ёстой аж. ДХБ нь голчлон хүнсний бараа бүтээгдэхүүн, оюуны өмч, хамгаалал, техник технологи нийлүүлэлт зэрэгт анхаардаг бөгөөд гишүүн орнууд харилцан бие биедээ эдийн засгийн тусламж дэмжлэг, хөнгөлөлт үзүүлэх үндэс суурийг бүрдүүлдэг давуу талтай. Тэгвэл ДХБ-д Орос элссэн нь Монголд ашигтай юу гэсэн асуулт хариулт нэхэж байна. “ОХУ Дэлхийн худалдааны байгууллагад элссэн нь Монголд ашигтай. Дэлхийн худалдааны байгууллагад элссэнээр Монголын экспорт ОХУ-ын зах зээлд гарахад хоёр талын болон олон талын сувгийг ашиглах боломж гарц нээгдэж байгаа юм. Өдгөө манай улсын хувьд мах, ноос, ноолуур зэрэг уламжлалт экспортын барааг хойд хөршийн зах зээлд гаргахад хэцүү. Яагаад гэхээр ОХУ том эдийн засагтай улс болохоор тодорхой хэмжээний хамгаалалтын системтэй байдаг. Тиймээс тус улсын хувьд дотооддоо болон гадааддаа олон жилийн турш төрөл бүрийн яриа хэлэлцээрийг хийсний үндсэн дээр ДХБ-д элссэн. Нөгөөтэйгүүр бусад улс орнуудтай хийж байгаа хэлэлцээрээр дамжуулан Монголын талаас ОХУ-д хандсан хүсэлтүүдийг гүйцэлдүүлэх боломжтой зэрэг давуу тал олон. Гагцхүү үүнийг холбогдох яам, агентлагууд нь сайн ашиглах хэрэгтэй” гэж УИХ-ын гишүүн, эдийн засагч С.Дэмбэрэл “Үндэсний шуудан” сонинд өгсөн ярилцлагадаа онцолжээ.
Манайх хойд хөрштэйгээ хоёр төрлийн бүтээгдэхүүн худалдаа хийж байна. Газрын тосны бүтээгдэхүүн болон махны экспорт. Гэтэл хангалттай түвшинд махаа экспортолж чадалгүй өнөө хүрлээ. Харин газрын тосны бүтээгдэхүүнийг бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу худалдан авч байна. “ОХУ ДХБ-д гишүүнчлэлтэй болсноор манай орны бараа бүтээгдэхүүн Европын зах зээлд гарах боломж бололцоо бүрдэнэ. Өөрөөр хэлбэл, Оросын эдийн засаг нээлттэй болж байна гэсэн үг. Түүнчлэн гадаад худалдааг хөнгөвчлөх асуудал сэргэн хүнд суртал багасна. Мөн экспорт, импортын татварын хэмжээнд ч өөрчлөлт орно гэсэн хүлээлт бий. Энэ нь манай улсад нааштайгаар шийдэгдэх болов уу. Гэхдээ газрын тосны бүтээгдэхүүнийг манайх тодорхой хөнгөлөлт эдлэн худалдан авч буй учраас үнэ буурна гэж шууд хэлэхэд эрт байна. ДХБ-ын зарчмаар дэлхийн улс орнуудтай адил тэгш худалдаа эрхэлнэ гэж Оросын тал үзсэн тохиолдолд манайд хүндхэн тусна. Тиймээс хойд хөрш ДХБ-д ямар амлалт өгсөн нь илүү чухал. Цаг хугацааны явцад асуудал илүү тодорхой ойлгомжтой болно” хэмээн Гадаад харилцааны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын нэгдүгээр нарийн бичгийн дарга Б.Золтуяа хэллээ.
Монголын махны холбооны гүйцэтгэх захирал М.Лхачинбал “Манай улсын хувьд Оростой махны экспортын асуудлаар олон жил хамтран ажиллаж ирлээ. Тиймээс Хойд хөрш ДХБ-д элссэн нь махны экспортод нааштай байдлыг авчирах болов уу. Мах экспортлоход гардаг байсан саад тотгор багасана гэж найдаж байна” гэлээ. “ДХБ-д Орос улс элссэн нь Монгол улсын хувьд махны худалдааны шинэ эрх зүйн орчныг бий болгоно. Хэдийгээр дээрх асуудал нь нүсэр, нарийн төвөгтэй боловч ОХУ-ын махны худалдаанд мөрдөх дүрэм, журмуудад гарсан өөрчлөлттэй сайтар танилцах нь чухал” хэмээн Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас мэдэгдсэн юм.
Манайх ДХБ-д 1997 оны нэгдүгээр сарын 29-нд нэгдэн оржээ. Тус байгууллагын гол зарчим нь бүх гишүүн орнуудын нэн тааламжтай үндэсний нөхцөлийг харилцан олгох, гишүүн орон тус бүр тарифаа бууруулах, цаашид өсгөхгүй байх дээд хязгаарыг тогтоосон үүрэг амлалт авах, тарифын зохицуулалтаар дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах, тарифын бус арга хэмжээг тарифын зохицуулалтад шилжүүлэх байдаг. Түүнчлэн худалдааны урсгалыг саадгvй, чөлөөтэй, шударга ба урьдчилан харж болохуйц байлгах талаар гишvvн орнууддаа боломж олгодог аж. Гэхдээ ДХБ-д элсэхдээ гадаад худалдаа, хөрөнгө оруулалттай холбоотой үүрэг амлалт өгч гишүүний эрхтэй болдог. Тухайлбал, манай улс гаалийн үйлчилгээг хялбаршуулах, шат дамжлагыг нь цөөрүүлэх, тарифыг бууруулах зорилгоор гадаад худалдаатай холбоотой 30 гаруй хуулийг шинээр гарган, нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. ДХБ-ын өмнө гадаад худалдааны тарифыг тогтоох дээд хэмжээг дунджаар 20 хувь байлгахаар амлалт авсан байна. Гэхдээ 2007 оны байдлаар Монгол Улсын импортын бараанд тогтоосон тарифын дундаж хэмжээ нь таван хувь байна. Энэ хэмжээг 1997 оны өмнөх гадаад худалдааны тарифын хэмжээтэй харьцуулбал бараг 70 хувиар буурсан үзүүлэлт аж. Манайх ДХБ-д элсэн орсноор худалдааны салбартаа тооны болоод чанарын хувьсгал хийжээ. Тэгвэл Орос ямар таатай орчин бүрдүүлэх бол.
Дэлхий нийтийг хамарсан 2008-2009 оны эдийн засгийн хямрал Орос орныг тойроогүй. Гэлээ ч Оросын эдийн засаг өвдөг сөхөрсөнгүй. ОХУ-ын төвбанк рублийн ханшийн уналтыг саармагжуулахын тулд гадаад валютын нөөцийнхөө гуравны нэгийг зарцуулсан гэдэг. Орос хэдий дэлхийн том гүрэн хэдий ч тэдний зовлон бидэнтэй ижил. Тухайлбал, Чадвартай ажиллах хүчний хомсдол, Авлигын өндөр түвшин, баялгийн тэгш бус хуваарилалт, шударга бус явдал, Санхүүгийн эх үүсвэрийн хуваарилалт буруу, жижиг болон эрчим хүчний бус команиудад хүрэлцээгүй, Дэд бүтцийн салбарт их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай гээд Монголын зовлон ч хойд хөршид бий. Тэгвэл ДХБ-ын гишүүдийн худалдааны үйл ажиллагааны үндсэн зарчим нь “Гадаад худалдааг либеральчлах замаар дэлхийн нийт хүн амын амьжиргааны түвшинг дээшлүүлж, ядуурлыг бууруулах хөтөлбөрийг үндэс болгодог нь тус байгууллагын мөн чанар, давуу тал” аж. Өөрөөр хэлбэл, үүнийг л хойд хөрш хүссэн хэрэг. Гэхдээ ДХБ-ын гишүүд нэг л тоглоомын дүрэмтэй. Тэд харилцан бие биедээ худалдааны таатай орчин бүрдүүлэх, Бараа бүтээгдэхүүний импортод хөнгөлөлт үзүүлэх, Гадаад худалдаанд ямар нэг хязгаар тогтоохгүй байх, Худалдааны маргааныг зөвхөн гэрээ, хэлэлцээрийн замаар шийдвэрлэх зарчмаар гадаад худалдаагаа эрхэлдэг. Үүнийг хойд хөрш хүлээн зөвшөөрчээ. ОХУ нь гаалийн үйл ажиллагаатай холбоотой бүхий л дүрэм, журмаа батлахаас өмнө олон нийтэд зарлах, мөн ДХБ-ын гишүүн орнууд болон бусад сонирхлын бүлгийнхэн Гаалийн хороонд санал оруулах тодорхой хугацаа өгч байхаар болжээ.