logo
Хурлын төлөөлөгчдийн тоог хүн амын нягтралд харгалзан тогтооно

Хурлын төлөөлөгчдийн тоог хүн амын нягтралд харгалзан тогтооно

2012/09/17
УИХ-ын чуулганы хуралдаанаар Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2012 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай тогтоолд нэмэлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж улмаар эцэслэн баталсан.

Харин  Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн болон Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хууль санаачлагчид нь буцаахаар болов. Өөрөөр хэлбэл, дээрх хууль, тогтоолын төслийг хэлэлцэх эсэхэд санал хураахад гишүүдийн олонх дэмжсэнгүй. Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт оруулах бол УИХ-ын гишүүдийн 3/2-ын дэмжлэгийг авах ёстой гэдгийг УИХ-ын дарга З.Энхболд мөн сануулж байсан.  

Ингээд УИХ-ын гишүүд Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Иргэний бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн болон холбогдох УИХ-ын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэхүү хуулийн төсөлд Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Р.Гончигдорж танилцуулсан юм.

Хуулийн төсөлд Нийслэлийн хурлын төлөөлөгчдийн тоо 45 байна гэсэн бол аймаг, сум, дүүргийн Хурлын төлөөлөгчдийн тоог хүн амын нягтрал,байршил, засаг захиргааны нэгжийн бүтцийг харгалзан тогтоохоор томьёолсон байна. Тухайлбал, сумын Хурлын төлөөлөгчдийн тоог хүн амын нягтрал байршил, засаг захиргааны Нэгжийн бүтцийг харгалзан:
-Сумын хүн амын тоо нь 2000 хүртэл бол 15
-Сумын хүн амын тоо нь 2000-5000 хүртэл бол 21
-Сумын хүн амын тоо нь 5000-9000 хүртэл бол 27

Сумын хүн амын тоо нь 9000 ба түүнээс дээш бол 31 байх, дүүргийн Хурлын төлөөлөгчдийн тоог мөн хүн амын нягтрал байршил, засаг захиргааны нэгжийн бүтцийг харгалзан:

-Дүүргийн хүн амын тоо нь 20000 хүртэл бол 17
-Дүүргийн хүн амын тоо нь 20000-80000 хүртэл бол 25
-Дүүргийн хүн амын тоо нь 80000-180000 хүртэл бол 35

Дүүргийн хүн амын тоо нь 180000 ба түүнээс дээш бол 41 байхаар тогтооно гэснийг дийлэнх гишүүн дэмжлээ.

Орон нутгийн сонгуулийг холимог хэлбэрээр буюу хувь тэнцүүлэн нэг буюу олон мандаттай олонх (мажоритор) хэлбэрээр явуулна гэдэгт МАН-ын гишүүд эсрэг байр суурьтай байлаа. Тухайлбал Д.Дэмбэрэл гишүүн орон нутагт холимог системээр сонгууль явуулах нь нутгийн иргэдийг талцуулж, хэт улстөржүүлэх аюултай  гэсэн санал гаргаж байв. Ийнхүү Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай болон дагалдах хуулийн төслүүдэд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, холбогдох УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцээд Төрийн байгуулалтын байнгын хорооны эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлсэн.

Ээлжит бус чуулганы үдээс хойшхи хуралдаанаар хэлэлцсэн бас нэг асуудал нь  Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг байв. Холбогдох байнгын хорооноос оруулж ирсэн саналд санал хурааснаар Төрийн байгуулалтын байнгын хорооны хоёрдугаар хэлэлцүүлэгт шилжүүлсэн.

/open.parliament.mn/
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш