logo
Гватемалын Фуэго галт уул дэлбэрлээ

Гватемалын Фуэго галт уул дэлбэрлээ

2012/09/17
Гватемалын нийслэл Гватемал хотын баруун өмнөд хэсгээс 50 км зайд орших Фуэго галт уул дэлбэрчээ. Дэлбэрэлтийн үеэр бараг гурван км өндөрт үнс нурам цацагдаж, халуун хайлмаг уулын бэл рүү урссан байна. Үүний дараа онцгой байдлын алба галт уулын ойр орчмын суурин газруудаас 11 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Тэдний заримыг нь Санта Луциа Готзумалгуапа хот дахь хоргодох байранд  хүргэсэн байна.
Мэргэжилтнүүдийн тооцоолсноор галт уул дэлбэрэх үйл явц дор хаяж 12 цаг үргэлжлэх аж. Агаарт үнс нурам ихээр цацагдсан учраас галт уулын ойролцоох чихрийн нишингийн талбайд гурван метрээс цаадах орчин харагдахаа больжээ. Настай хүмүүс болон хүүхэд эмэгтэйчүүдийг сургуулийн автобус, түргэний машинаар өөр суурингууд руу хүргэсэн байна.
Пүрэв гаригийн орой бороо орсон учраас агаарт дэгдсэн үнс нурам багасчээ. Галт уул судлаач Хорже Гирон үнс хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болох учраас гэрээсээ гарахгүй байхыг Фуэго галт уулын ойр орчим амьдардаг иргэдэд анхааруулсан байна.
Гватемалын улаан загалмайн байгууллага нүүлгэн шилжүүлэгдсэн хүмүүст зориулж түр хоргодох байруудыг байгуулжээ.
3760 метрийн өндөртэй Фуэго галт уул нь Төв Америкийн хамгийн идэвхтэй галт уулуудын нэг юм байна.
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш