logo
НҮБ-ын төлөөлөгч Лахдар Брахими Сирид ажиллаж байна

НҮБ-ын төлөөлөгч Лахдар Брахими Сирид ажиллаж байна

2012/09/17
Сирийн асуудлыг хариуцсан НҮБ-ын тусгай төлөөлөгч Лахдар Брахими пүрэв гаригт нийслэл Дамаск хотод хүрэлцэн ирснийхээ дараа тус улсын гадаад хэргийн сайд Валид Муаллемтай уулзсан байна. Энэ уулзалтын дараа Брахимигийн төлөөлөгч Мохтар Ламани хэвлэлийхэнд мэдээлэл өгчээ.
Түүний хэлснээр Брахими болон НҮБ-Арабын Холбооны төлөөлөгчид Сири дэх хүчирхийллийг зогсоох тал дээр арга хэмжээ авахыг нөлөө бүхий улс орнуудад уриалах юм байна.
Ламани хэлэхдээ "Хүч нөлөө бүхий улсууд, мөн тодорхой ашиг сонирхолтой улсууд байна. Бид Сирид үргэлжилж байгаа хүчирхийлэл, дайн тулааныг эцэс болгоход хүч нөлөөгөө ашиглахыг тэдгээр улсуудад уриалж байна. Энгийн иргэдийн цусыг урсгаж байгаа явдлыг зогсоох нь бидний үндсэн зорилго. Үүний дараа хямралыг эцэс болгохын тулд улс төрийн тохиролцоог эхлүүлэх хэрэгтэй" гэжээ.
Сирид 2011 оны гуравдугаар сард засгийн газрын эсрэг бослого гарснаас хойш засгийн газрын хүчнийхэн болон босогчдын хооронд дайн тулаан үргэлжилсээр байна. Үүнээс болж энгийн иргэд амь нас, эрүүл мэндээрээ хохирсоор байгаа юм. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Кофи Аннан өнгөрөгч наймдугаар сард Сирийн асуудлыг хариуцсан тусгай төлөөлөгчийн албан үүргээ хүлээлгэн өгсөн. Үүний дараа Лахдар Брахими түүний оронд томилогдсон юм.
Брахими Сирийн ерөнхийлөгч Башар Асад болон сөрөг хүчний төлөөлөгчидтэй уулзахаар төлөвлөсөн байна.
Идэвхтнүүдийн мэдээлж байгаагаар Сирид 18 сар үргэлжилсэн иргэний дайны үеэр 23000 гаруй хүн амиа алджээ.
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш