logo
 “Анод”-ын шүүх хурлаас хуулийнхны чанарыг харж болно

“Анод”-ын шүүх хурлаас хуулийнхны чанарыг харж болно

2012/09/28
Олон мянган хүнийг хохироож, Монголын банк­ны системийг ганхуулж дөнгөсөн “Анод”-ын гэх хэргийн шүүх хурлын тов тун удахгүй тодрох аж.

Монголын санхүүгийн салбарын 95 хувийг эзэлж буй банкууд итгэл даахаар­гүй болсны гол буруутан нь банкны дампууралтай нэр нь холбогдсон хүмүүс юм. Гэтэл тэдний нэрийг тас нууцлах нь хэн хүний анхаарлыг өөрийн эрхгүй татна. “Даравч дар­дайна, булавч бултайна” гэгчээр олон нийт буруутныг нь нэрлэдэг ч харин шүүх нотолж чаддаггүй.

Эдгээр “нотолгоогүй” но­толгоонд улстөрчдийн нэр дээгүүр цохиж явдаг нь нэгэнт нууц биш болсон. Ер нь улстөрчид “Бидэнд ашигтай хувилбар гарч ирэх нь. Тийм учраас ярилцаж байгаад нэг банкийг дампууруулъя” гэдэг тухай онигоо хүртэл гар­сан байдаг. Гэхдээ онигоо дандаа л эзэнтэй, үнэн бодит зүйлээс сэдэвлэгддэг. Энэ тухай өөрсдөө ч ам алдсан удаа бий.

Одоогоос дөрвөн жилийн өмнө үйл ажиллагаа нь хэвийн байсан “Анод” банк гэнэт дампуурлаа зарлаж, үүнийг нь мэдээгүй байсан хадгаламж эзэмшигчид нь ёстой цусаар уйлаад ч тусыг эс олсон. Дээрх банктай яг ижилхэн хувь заяатай шороонд булагдсан “Зоос”-ыг дурдах нь илүүц байх.

Тэгвэл “Анод” банкны 1200 хувьцаа эзэмшигчийн мөнгийг хувьдаа завшсан, бусдад их хэмжээний хохирол учруулсан хэмээн тус банкны захирал Л.Уламбаяр, ТУЗ-ийн гишүүн Э.Гүр-Аранз, Н.Даваа, Д.Энхтөр нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 156.3-аар буюу “Банкны байгууллагын ажил­тан шунахайн буюу хувийн ашиг сонирхлын үүд­нээс банкны болон мөн­гөн хадгаламж, төлбөр тоо­цоо, банкны зээлийн үйл ажиллагааны тухай хууль тогтоомж зөрчсөн, бусдад онц их хэмжээний хохирол учруулсан” гэх зүйлчлэлээр хэрэгт татаж байсан.

Тэднээс Н.Давааг Ганц худаг дахь урьдчилан хо­рих төвд хорьсон ч нэг их удалгүй суллаад явуулсан. Тэрбээр “Анод” гэх нэрээр олонд танигдсаны хүчинд өнгөрсөн сонгуулиар нэр дэвшиж хүртэл үзсэн.

Дээрх нөхөдтэй зэрэгцээд Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч асан Б.Энххуяг, Санхүүгийн зохицуулах хо­рооны дарга Д.Баярсайхан нар “Анод” банкийг хуу­рамч “IPO” гаргахад хяналт тавиагүй, тус банкны удирд­лагуудтай хуйвалдан бусдад их хэмжээний хохирол уч­руулахад нөлөөлснийг нь мөрдөн байцаагчид хөдөлш­гүй баримтаар тогтоосон. Гэтэл одоо энэ тухай ямар ч сураг ажиг алга байна.

Хохирсон хад­­­­га­ламж эзэмшигчид “Хо­­хи­­­рогч­дын түр хороо” бай­гуулж, гудамж талбайд жагс­­­­­сан ч амжилтад хүрээ­гүй. “Анод”-ыг тухайн үедээ үндэсний хэмжээний том банк гэж тодорхойлдог байсан. Харин ямар хүмүүс тус банкийг дампуурахад оролцсон бэ гэдгийг мэддэг хуулийнхан “Хэрэв энэ хэрэг шүүхээс буцвал хэрэг биш болох байх даа” хэмээн ярьж буй.

Учир нь энэ хэрэг шүүх, прокурор, мөрдөн байцаалт гээд шалгаж болох бүх л зүйлээр нь хангалттай шалгагдсан. Гэтэл ингэж удаж байгаагийн цаад шалтгаан нь нөгөө л эрх мэдэл, мөнгөтөй холбоотой томчууд аж.

Нийтдээ 16 хүн холбогдсон “Анод”-ын гэх хэрэг жил ирэх тусам бүдгэрч, хууль хяналтынхны шалгалт улам суларсаар байгааг хувьцаа болон хадгаламж эзэмшигчид сэтгэл зовнин ярьж байна. Банкийг дампуурахад хүр­гэсэн хэмээх томоохон зээлдэгчдийн нэрсийг тухайн үед зарлаж байсан. Тэдний дотор улстөрчид, бизне­сийн­хэн гээд олны танил хүн нэлээд бий. Гэвч тэднээс нэг нь ч хариуцлага хүлээлгүйгээр өөрсдийн бизнесээ улам өргөжүүлээд явж байгаа нь хачирхалтай.

Тэгэхээр банкны дам­пуурал, хадгаламж зээлийн хоршооны хэрэг гээд мөн­гө санхүүгийн дуулиан тарьсан хэргүүд гардаг ч цаг хуга­цааны аясаар замхардаг нь жирийн үзэгдэл болжээ. “Анод”-ын хэрэг ийм заяагаар явах нь тодорхой байна.

Харин удахгүй болох “Анод”-ын хэргийг шүүх хуралд шинэчлэлийн Засгийн газар хэрхэн нөлөөлөхийг харах үлдлээ.

Эх сурвалж : "Өглөөний сонин"
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш