Орон нутгийн сонгууль хаяанд ирлээ. Цаг хугацааны хувьд ирэх сарын 21-нд товлогтсон тул өчигдөр сумын сонгуулийн хороод байгуулагдаж дууссан. Улмаар сонгогчдын нэрийн жагсаалтыг байршуулах өдөр ч өчигдрөөр дуусгавар боллоо. Нам, эвслийн бүлгүүд дор бүрнээ Орон нутгийн сонгуулийн бэлтгэлээ базааж, арга тактик боловсруулж байна. Түүнчлэн ИЗНН Засагт дэр нэгтгэсэн АН-тай хамтран сонгуульд орно гэж төлөвлөж байсан ч талаар болов. АН өнөөдрийг хүртэл аргацаасан хариулт өгсөөр эцэст нь хамтрах боломжгүйгээ уламжилсан бол МАХН МҮАН-ыг жийж, дангаараа оролцохоо мэдэгдлээ. МАН-ын гишүүдийг “урвуулж”, аймаг бүрт зуут, мянгатаа бүрдүүлсэн тул ялалт гарт нь байна хэмээн МАХН-ынхан итгэлтэй байгаа. Тэдний арга барил болсон МАН, МАХН-ын нэрээр тоглолт хийх нь улс төрийн сонгодог нүүдэл гэж нэрлэж болохуйц хэмжээнд хүрсэн. Иймээс гарцаагүй орон нутгийн сонгогчдыг өөртөө татаж, ялалт байгуулна хэмээн таамаглаж, ханилж явсан нөхрөө замын голд гээсэн нь энэ. Учир нь ялалт МАХН-д хаяглагдах тэр мөчид баярын бялуунаас зүсмийг битгий хэл хэлтэрхий ч бусдад өгөхгүй гэсэндээ.
Ийн хүн бүр Орон нутгийн сонгууль руу анхаарлаа хандуулж байх зуур ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуулийн нүүдэл ч хөшигний ард эрчимжиж эхэллээ. УИХ-д далаараа тавиулсан МАН Ерөнхийлөгчийн суудлыг алдахгүйн тулд “хөдөлмөрлөх” болов. Нөгөөтэйгүүр, монголчууд Төрийн гурван өндөрлөгийн суудлыг нэг намын харьяалалд атгуулж байгаагүй нь МАН-ынхны хувьд хонгилын үзүүрт ассан итгэл найдварын оч болоод буй юм. Тухайлбал, 1992 оны сонгуулиар МАХН (одоогийн МАН) үнэмлэхүй ялалт байгуулсан бол Ерөнхийлөгчөөр П.Очирбат сонгогдож байв. Харин 1996 оны сонгуулиар Ардчилал ялсан бол дараа жилийнх нь Ерөнхийлөгчийн сонгуулиар Н.Багабанди сонгогдож байв. Иймэрхүү байдлаар Төрийн гурван өндөрлөгийн суудалд нэг намын гурван эрх баригч тодорч бараг байсангүй, 2000 оныг эс тооцвол.
2013 онд МАН-ын дэлгэх хөзөр нь УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ. Намын нэр, цуутай лидэрүүдийнх нь нэр авлига, албан тушаалын шавар, шавхайтай хутгалдах болсон тул аваргаас өөр нэр цэвэр хүн бараг л алга. Гол нь олноо дуурсагдах болсон дархан аваргыг танихгүй хүн Монголд лав байхгүй. Иймд дархан аваргыг ирэх оны сонгуулийн гол хүн болгох талаар намынхан нь хэлэлцэж эхэлжээ. Өмнөх парламентаас эхлэн Оюутолгойн гэрээний асуудлаар чанга дуугарч, эрх баригчдыг барьц алдуулж, “Эх оронч түшээ” хэмээх өргөмжлөлийг гардсан нь намаасаа онцгойроход ихээхэн түлхэц болж буй. Урт нэртэй хуулиас эхлээд Монгол Улсынхаа газар шорооны төлөө ам ангайх бүртээ тодотгож, саарал ордонд тэмцэл өрнүүлэх болсон дархан аваргад олон түмэн ам сайтай. Энэ нь л ах намын алдаж болохгүй ганц боломж. Иймээс хөшигний цаанаас аваргын үйлдэл бүрийг мөрдөж, улам тодотгох ажиллагааг зохион байгуулаад эхэлсэн гэх. Мөн намын дарга Ө.Энхтүвшингийн нэр ч дуулдаж буй юм. Түүний хувьд ч гэсэн олонд төдийлөн танигдаагүй байж болох ч нэр цэвэр нэгэн. Иймд одоогийн байдлаар намын даргыг “нөөцөнд” үлдээгээд байна.
Харин АН-ынхны хувьд өнөөгийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, хотын дарга Э.Бат-Үүл нарын дунд гол өрсөлдөөн явагдах бололтой. Өнөөгийн Төрийн тэргүүн Ц.Элбэгдоржийн тухайд өрсөлдөгчөө номхотгож, дайснаа дарж, дархан цолоо мандуулж, сэтгэл нь уужирчихаад байгаа гэж хэлж болохуйц. Ээж дээрээ очиж, унагасан ганц дусал нулимс нь сонгогчдын сэтгэл зүрхэнд хүрч, ялалт атгуулсантай адил цагаа олж, оновчтой довтолдог арга барилтай. Цаазын ялаас татгалзаж, архи биш сүү өргөж амьдрахыг уриалсан хүн бол ардчилсан Ерөнхийлөгч. Бас шударга л байхыг уриалагч. Хууль шүүхийн шинэчлэл ярьж, экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг ч иргэний хувиар хуулийн байгууллагын өмнө зогсоож чадсан гавьяатан бол Ц.Элбэгдорж. Зарим нэг үйлдлийнх нь цаанаас улс төр цухалздагийг эс тооцвол ардчилсан Ерөнхийлөгчид ард түмэн ам сайтай.
Гэвч хоёр нүүр гаргадагт нь дургүй. Ах намын нөхдийг загнаж, зандарч чаддаг шигээ ардчиллынханд хандаж чаддаггүй. Ил гаргадаггүй ч АН-ыг зангидаж байгаа “Алтан гадас”-ынханд дургүй атлаа нүүрэн дээр нь хэлж зүрхэлдэггүй. Гагцхүү тойруу утгаар санаагаа илэрхийлэх гэж чармайдаг. Өмнөх парламентад хамтарсан Засгийн газраас АН гарахад хамгийн их дургүйцэж байсан, мөн сонгуулийн үр дүнгээс улбаатай бүр ч дуугүй боллоо. Түүний санаачилан боловсруулсан хууль УИХ-ын түвшинд шийдэгдэлгүй тоосонд дарагддаг байснаас үзэхэд Н.Алтанхуягтай хэл ам ололцдоггүй он жилүүд байсан гэж болно. Тиймдээ ч тун их ганцаардах болсноо яриандаа онцлох нь бий. Нөгөөтэйгүүр, өнгөрсөн жилээс эхлэн хийж байгаа үйлдэл, хэлж байгаа үг бүр нь 2013 онд даам гарах санааг нь илэрхийлэх болсон билээ. Мэдээж, цодгор хүүгийн нүүдэл бүр цагаа олсны зэрэгцээ олныг алмайруулж байлаа.
Гэхдээ цодгор хүүд зориулан Н.Алтанхуяг сюрприз бэлдсэн нь хотын дарга Э.Бат-Үүл. Хэдийгээр УИХ-ын сонгуулиар олонх биш ч олон болж, Засаг барьсан ч Н.Алтанхуягийн суудал тулгуур муутай. Тэр ч бүү хэл, нам доторх фракциуд нь Засгийн эрхийг хоёр жилээр хувааж барих тохиролцоо ч хийхийг оролдсон сурагтай. Иймээс эртнээс Э.Бат-Үүлийг “бэлтгэл”-д гаргаж, их сунгааны өмнө тохиролцоо хийсэн гэх мэдээлэл бий. Өнөөдөр Ц.Элбэгдоржоос илүү Э.Бат-Үүл олны анхаарлын төвд байж, шуугиантай алхмууд хийж байна. Энэ бол ирэх сонгуулийн өмнөх улс төрийн нүүдэл. Бас Н.Алтанхуягийн хөзөр. Хэрэв Э.Бат-Үүл Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж чадвал Н.Алтанхуягийн ар нь акумлятор.
Мэдээж, энэ бол түүний хувьд шинэ зүйл биш. Тухайн үед мань хүн намынхаа генсек байсан бөгөөд эвслийн Засгийн газар байгуулсан он жил байсан тул Сангийн сайд болсон юм. 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуульд М.Энхсайханыг нэр дэвшүүлнэ гэж амлав. Гэвч Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх АН доторхи сунгаанд М.Энхсайхан өрсөлдсөн ч Р.Гончигдоржид далаараа тавиулах нь тэр. Үнэндээ М.Энхсайхан Р.Гонжигдоржид биш харин Н.Алтанхуягийн мэхэнд унасан талаар улс төрийн хүрээнийхэн тодотгодог. Улмаар нэг л нартай өдөр М.Энхсайханаас намын даргын суудлыг булааж, намаасаа явахаас өөр аргагүй байдалд оруулсан гэлцдэг. Энэ үйл явдлыг эргэн сануулсаны учир нь Ц.Элбэгдоржид тохиож мэдэх, Н.Алтанхуягийн зурсан хар зураг. Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн зурсан зургаа хэзээ ч баллуурдаж, дахин зурдаггүй зуршилтай. Үүнийгээ ч бататгаж, Ерөнхийлөгчийн үгийг үнэгүйдүүлсэн нь нотолгоо болох биз. Н.Алтанхуяг хамгийн аюултай өрсөлдөгчөө ингэж л “булшилдаг”. Өөрөөр хэлбэл, өөрт нь намын даргын суудал бэлэглэсэн Ц.Элбэгдоржийг дарах тактик хэдийнэ боловсруулагдсан нь энэ.
Э.Бат-Үүл бол ардчиллыг цээжээрээ хамгаалагч, намаа барууны үзлээр замнах ёстой гэдэгт үнэн голоосоо итгэдэг. Мөн үзэл, онолын ялгааг мэддэггүй даргынхаа талд бат зогсдог. Хамтарсан Засагт МАН-ын хаяа бараадаж амьдарсан Н.Алтанхуягийг хаалга саваад гараад ирэхэд нь өргөж, дэмжсэн хүн нь ч улсын баатар. Э.Бат-Үүлийг 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар нэр дэвшүүлэхээр хэлэлцэж, намын дарга Н.Алтанхуяг нь дэмжиж байгаагаа илэрхийлсэн ч ҮЗХ-ны хурлаас Ц.Элбэгдоржийг гаргаж ирсэн удаатай. Энэ нүүдэлд Н.Алтанхуягийн оролцоо чамлахаарүй. Тухайн үед улсын баатар АН-д ардчилал үгүй болсныг зарлан улс орон даяар нэг хашгирч билээ. Гэвч тэр Н.Алтанхуягийн арганд дахин автаж, чимээгүй болсоны учир шалтгаан нь энэ байсан бололтой.
Л.НИНЖСЭМЖИД
Эх сурвалж: "Нийгмийн толь"