Намрын билэгт сайн өдрүүд дуусаагүй, үргэлжилж байна. Хотын гудмаар ганган чимэгтэй машинууд хаа сайгүй давхилдаж, энд тэнд айл нэмж байгаа дуулдана. Хуримтай таарах нь сайн биш муу гэсэн яриаг удаа дараа сонсч байсан боловч нийслэлийн яг төв цэгт ажилладаг бидний хувьд агаараар нисэхгүйгээс хойш таарахгүй гээд яах билээ.
Хоёр нямтай өдөр бол хорь, гучаараа хажуугаар өнгөрөх нь холгүй шүү дээ. Саяханы нэг өдөр богино долгионы радио сонсч байгаад монголчуудын хуримлах ёс дэндүү эмх замбараагаа алдад буй тухай яриаг анзаарсан юм. Хэдэн мянган жилийн тэртээгээс амьдралаас урган гарсан хуримлах ухааны талаар энэ талын мэдлэгтэй ахимаг насны эр ярьж байсан.
Юуны түрүүнд хот газрын соёл иргэншилд шилжсэн бид ганц Хуримын ордонтойгоосоо болж хурим найр эхлэх, дуусах цагаа баримтлахаа больсон нь залуус гэр бүл болсныхоо дараа салж, сарних нэгэн шалтгаан болдог гэнэ. Хэзээнээсээ нүүдэлчин ард түмэн хуримыг туулай цагт эхлүүлээд нохой цаг гэхэд дуусгадаг байжээ. Гэтэл нохой цагт дуусгах нь байтугай баар, рестораны боломжоо харж найрыг эхлүүлж байгаа нь баахан ёс зөрчсөн хэрэг ажээ.
Нохой байнга хуцаж, хэмлэж байдаг амьтан. Гэтэл энэ цагт найраа хийж дуулж, хуурдаад байхаар өнөөх хос цаашдын амьдралдаа байнга үл ойлголцолтой байдаг гэж үүнийг тайлбарлав. За тэгээд цаашаа бүр хөгийн юм болдог гэв. Хуримын ордонд ёслолоо үйлдчихээд залуу хосууд баахан шаар өлгөсөн машинтайгаа Зайсан, Сүхбаатарын талбай, Гандан гээд л хэсч өгдөг нь хамаг буян хишгийг нь авч явах шалтгаан болдог тухай онцлов.
Ёс, жаягаар бол гэрлэх ёслол хийснийхээ дараа хосууд болон найрны хүмүүс аль болох олон хүн амьтантай таарахгүй газраар найр хийх орон гэртээ зам хазайлгүй очдог ажээ. Учир юу гэвэл хуримтай таарсан хүмүүсийн буян хишгийг залуу хос өөрсөддөө шингээдэг гэж үздэг тул иргэд хуримлахаар явж буй хосуудын замаас аль болох дөлж явдаг байна.
Тиймээс цээр журмыг сэтгэлээp хандсан хөндлөнгийн хүмүүсийн энерги хуримлагчдад сайн зүйл болдоггүй гэв. Нарийн жаяг ийм байтал хуримын ёслол хийж буй хосууд өдрийн тал дэмий тэнэж байдаг нь дэндүү утгагүй хэрэг гэж харуусч байсан юм. Энэ мэт нь зүгээрл энгийн дэг жаяг аж. Түүнээс биш монголчуудын хуримлах ёс гэдэг бүхэл бүтэн шинжлэх ухааны нэгэн салбартай дүйдэг гэнэ.
Мэдээж энэ нь олон мянган жилийн амьдралын туршид тогтоогдсон ард түмний шинжлэх ухаан. Хотжилтын нөлөөн дор дэг жаягаа дэндүү их эвдэж байгаа энэ үйлдлээс болж гэр бүл гэдгийн нандин чанар алдагдаж байгаа гэдэгт залуус маань авах гээхийн ухаанаар хандахад буруудахгүй байх гээд өнөөх ахимаг насны эрийн ярианы зах зухаас дамжууллаа. Хуримлахад учир бий гэнэ шүү, залуус аа.
Ө.Батхүү
Эх сурвалж:”Зууны Мэдээ”