Оросууд Европ руу байгалийн хий нийлүүлэх асуудлаа шийдчихлээ. Хамгийн сүүлд л гэхэд Оросын хойд нутгаас Германы зүүн хойд эрэг хүртэл үргэлжлэх хийн хоолойнхоо нээлтийг амжилттай хийв. Харин Ази руу түүхий эд экспортолъё гэхээр бөөн бэрхшээлтэй тулгардаг хэвээрээ л байна. Үнэ хөлснөөс эхлээд геополитикийн чухал байрлалтай орнуудын ашиг сонирхлыг харгалзан үзэх шаардлага ч бий болжээ. Тэр дунд нь Монголын нэр бас дуулдаж байх юм.
Монголчууд хэдэн жилийн өмнө “Газар нутаг дээрээ ямар ч хийн хоолой бариулахгүй” гэж пээдийсэндээ гэмшээд одоо “Оросууд мөнгөө хэмнээд манайхаар дамжуулан хийгээ Хятад руу гаргахгүй юм байх даа” гэж гайхширч сууна.
Монголчууд хэдэн жилийн өмнө “Газар нутаг дээрээ ямар ч хийн хоолой бариулахгүй” гэж пээдийсэндээ гэмшээд одоо “Оросууд мөнгөө хэмнээд манайхаар дамжуулан хийгээ Хятад руу гаргахгүй юм байх даа” гэж гайхширч сууна.
Гэвч Хятад, Оросын эрх баригчид хоорондоо тохиролцож чадаагүйгээс гадна манайхны дээрх саналыг няцаах элдэв янзын тайлбар хэлсээр байгаа юм.Ер нь байгалийн хийн салбарт баримталж буй Оросын бодлого хаашаа чиглэж байна вэ.
Оросууд европ руу шинэ гарц нээлээ
ОХУ уг нь байгалийн хийгээ Украйн, Словак, Чех, Польшийн нутаг дэвсгэрээр дамжуулан Европ руу гаргадаг. Гэтэл нэг их гүрэн өөрсдөөс нь хэт хамаардаг болсныг анзаарсан тэдгээр оронд улс төрийн бодлоготой алхмуудыг хийх болов. Украйнчууд л гэхэд үе, үе хориг тавьж, оросуудын худалдааг тасалдуулж байсан юм. Украйны Ерөнхий сайд асан Ю.Тимошенко В.Путиныг нэлээд сандаргаж байгаад украйнчуудад хямд үнээр байгалийн хий хэрэглэх боломж олгосон. Түүнийг албан тушаалаасаа буусны дараа Оросын тал Украйны төрийн мэдлийн “Нафтогаз”-ыг худалдан авч, тэндхийн байгалийн хийн салбарт хязгааргүй эрх мэдлээ тогтоох оролдлогыг нэг бус удаа хийсэн билээ.
В.Путин жижиг улсуудаас ингэж хамаарахаа болихын тулд, мөн өөр бас бус шалтгаанаар тэнгисийн гүнд байгалийн хийн хоолой барьж, Европ руу түүхий эдээ гаргах гарцуудыг боловсруулж эхэлжээ. “Nord Stream”, “South Stream” зэрэг төслүүдийг энд нэрлэж болно. Оросын эрчим хүчний түүхий эдээс хэт хамааралтай болсон европчуудын хувьд эдгээр төслийг уухайн тас дэмжсэн юм. “Nord Stream” төслийн хүрээнд Балтийн тэнгис доогуур үргэлжлэх 1222 километр урт хийн хоолой байгуулсан. Орос, Германыг холбосон энэхүү хоолойны эхний хэсэг нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сард ашиглалтад орсон. Харин хоёр дахь хэсэг нь өнгөрсөн даваа гарагаас ажиллаж эхэллээ. Нийт 8.3 тэрбум ам.доллар зарцуулан байж байгуулсан энэхүү хоолойгоор жилд 55 тэрбум куб.метр байгалийн хий тээвэрлэх юм. Европын холбооны хийн эрэлт 2035 он гэхэд 39 хувиар өснө гэж байгаа үед оросуудад таатай алхам болсон. “South Stream” төслийн хүрээнд Оросын эргээс Хар тэнгисээр дамжин Болгар, Грек, Итали, Австри хүрэх хоолой барихаар болсон. Барилгын ажлыг энэ оны арванхоёрдугаар сард эхэлж, 2015 онд дуусгахаар төлөвлөж байгаа. Энэ үед оросуудын “хаанчлал”-аас болгоомжилсон Европын зарим орон Америктай хамтарч Туркээс Австри хүрэх “Nabucco” хийн хоолой барихаар төлөвлөж эхэлсэн. Гэхдээ улс төрийн тодорхойгүй байдлаас болж барууныхан оросуудад найр тавьсаар байна.
Монголыг “Украйн шиг болох вий” гэхээс айж байна
Кремлийн удирдагчид Ази руу мөн л хараа бэлчээх болсон. Азийн зах зээл хязгааргүй ихээр өсөн нэмэгдэж байгаа. Хүмүүсийн хэрэглээ нь ч ихэссэн. Түүнээс гадна эдийн засаг нь түүхий эдийн салбараас хамаардаг оросууд ганцхан Европын зах зээлээс хамаараад байхыг хүссэнгүй. Тиймээс Хятад, Өмнөд Солонгос гэх мэт орнуудыг онилсон юм.
Хятад руу л гэхэд 7000 километр урт үргэлжлэх хоёр хоолой барих санал гаргасан. Үүний ачаар жилд 60 тэрбум куб.метр байгалийн хий нийлүүлэх юм. Хэрэв төлөвлөгөө ёсоор болдогсон бол бүтээн байгуулалтын ажил нь 2015 он гэхэд эхэлнэ. Гэвч хятадуудыг түүхий эдийн нөөцөөр хангах өөр олон орон байгаа учраас Оросын талын саналыг төдийлөн яаравчлуулахгүй байна. Улмаар үнээ хямдруул гэх шаардлагыг ч тавьж байгаа. Тиймээс өдийг хүртэл хоёр тал тохиролцож чадаагүй хэвээр байгаа юм. Хэрэв энэ хэвээр байвал хийн хоолойнуудыг байгуулах төслийн санхүүжилт ч байхгүй болно.
Энэхүү төслийн хүрээнд хийгдэхээр төлөвлөж буй нэг төсөл нь баруун Сибириэс Хятадын зүүн эргийн хотууд, Шанхай хүртэл үргэлжлэх 2800 километр урт хийн хоолойн “Алтай” төсөл юм. Хаагуур байгуулах маршрут нь монголчуудын сонирхлыг хамгийн их татдаг. Улмаар Монголын нутаг дэвсгэр дээгүүр дамжин өнгөрүүлэх саналыг өнгөрсөн долоодугаар сард тавьжээ. Оросын болоод барууны хэвлэлүүд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн “Bloomberg”-т хэлсэн үгнээс эш татаж Монголын сонирхлыг тодорхойлж байсан юм. Тэрбээр “Энэхүү төслөөс манай улсыг битгий гаргаач гэж хоёр хөршөө ятгаж байгаа. Хятад, Оросын тал энэ талаар анхаарч үзнэ гэдгээ мэдэгдсэн” хэмээн ярьжээ. Гэхдээ үүнд хятадууд таатай ханддаггүй хэмээн зарим шинжээч дүгнэдэг.
Оросын Нефть хийн аж үйлдвэрийн холбооны ахлах шинжээч Р.Танкаев “Монголын талаас иймэрхүү саналыг нэг бус удаа гаргаж байсан. Гэхдээ тухай бүрт нь хятадуудын эрс эсэргүүцэлтэй тулгардаг. Монгол Улс энэхүү транзит тээврийг ямар ч зорилгоор ашиглаж болно хэмээн тэд болгоомжилдог. Оросын хувьд Хятадын зах зээл рүү бүтээгдэхүүнээ гаргах сонирхолтой байгаа учраас тэдний талаас тавьсан шаардлагын ихэнхийг хүлээн авахад бэлэн байгаа” хэмээн “Оросын дуу хоолой”-д өгсөн ярилцлагадаа онцолжээ. Хятадууд Украйныг жишээ болгож байгаад “Монголчууд нэг л өдөр элдэв хориг тавиад гэдийхийг үгүйсгэхгүй” хэмээн үзэж байгаа бололтой.
Уг нь Монголын нутгаар дамжуулан байгалийн хий тээвэрлэхээр болбол хоолойныхоо уртыг 1000 орчим километрээр багасгаж, өчнөөн зардал хэмнэх боломжтой. Энэ нь Оросын “Газпром”, Хятадын “CNPC” аль, алинд нь ашигтай. Монголын хувьд бол энэхүү транзит тээврээс маш их ашиг олно. Түүнээс гадна хамгийн гол нь эрчим хүчний эх үүсвэртэй болж, нүүрсний хэрэглээ эрс багасах юм. Утаагүй Улаанбаатартай болох боломж ч бий. Мөн цахилгаан эрчим хүчний нөөцтэй болохын хэрээр урд хөршөөс хэрэглээгээ хангах гэж улайраад байгаа Оюутолгой, Тавантолгой зэрэг томоохон төслүүдийн ажил ч эрчимжинэ. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Ерөнхий сайд асан С.Батболдод зарим хүмүүс санал тавьж, энэхүү транзит тээврийг Монголоор дамжин өнгөрүүлэх боломжийг эрэлхийлээч гэж хэлж байв. Гэвч одоог хүртэл Хятад, Оросын хоорондын хэлэлцээр дуусаагүй байгаа учир хийн хоолой байгуулах төслийн ажил ч шийдэгдээгүй хэвээр байна.
Хятадыг “Айлгах”-ын тулд Өмнөд Солонгос руу хандаж эхлэв
Хятад өөрсдийнх нь саналыг хүлээж авахгүй байгаад ундууцсан оросууд Өмнөд Солонгос, Японыг сонирхох болсон. “Газпром”-ын төлөөлөгчид өчигдөр Өмнөд Солонгосын “KOGAS”-т байгалийн хий нийлүүлэх гэрээ байгуулснаа зарласан. Гэхдээ хоёр жилийн хугацаанд 1.1 сая тонн нүүрсийг каргогоор тээвэрлэх юм.
Оросын эрх баригчид Өмнөд Солонгосын зах зээл рүү бүтээгдэхүүнээ гаргахын тулд Япон, цаашилбал Хойд Солонгосын нутаг дэвсгэр дээр хийн хоолой барих саналыг нэг бус удаа гаргаж байсан. Хойд Солонгосын тухайд гэвэл анх 2008 онд тавьсан ч тухайн үед хоёр Солонгосын харилцаа муу байсан ч учраас бүтээгүй. Ким Чен Ир өнгөрсөн онд Орост айлчлах үеэр уг асуудал мөн л сөхөгдсөн. Түүний хүү Ким Чен Ун өнгөрсөн хавар энэхүү хэлэлцээрийг сэргээхийг хүсч буйгаа илэрхийлсэн билээ. Гэвч одоог хүртэл эцсийн шийд гараагүй байна. Барууныхан оросуудын энэ чармайлтыг “Хоосон үлгэр” хэмээн нэрлэж байгаа. Уг нь оросуудын санаагаар болдогсон бол үүний ачаар Хятад тэдний саналаас татгалзан гэдийж байгааг нь болиулах боломжтой мэт. Ямартай ч Кремлийн удирдагчид Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Мён Пактай 4.1 тэрбум ам.долларын өртөг бүхий байгалийн хийн гэрээг байгуулсан юм. Оросын “Газпром”-ын хувьд бас Энэтхэгийн “GAIL” компанитай 20 жилийн гэрээ байгуулсан. Энэ бүхэн нь Азийн зах зээлийг хэчнээн их сонирхож байгааг нь харуулж байна.
Ямартай ч оросууд түүхий эдээ Ази руу гаргахаар чармайх болж. Европчуудтай угаасаа харилцаж байсан учраас тийшээ чиглэсэн шинэ төслүүдийг хэрэгжүүлэхэд улс төр болоод эдийн засгийн хувьд аль аль талдаа ашигтайгаар шийдэгдэх аж. Гэтэл Азид бол эсрэгээрээ юм.
Т.Элиса