logo
Ерөнхий сайд багш байсан учраас энэ асуудалд өөр өнцгөөс хандах байсан

Ерөнхий сайд багш байсан учраас энэ асуудалд өөр өнцгөөс хандах байсан

2012/10/12

Өчигдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2013 оны төсвийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцсэн. Харин энэ үеэр Ерөнхий сайд инфляциас хамаарсан тохируулгыг эрүүл мэнд, боловсрол зэрэг салбарт хийх тухайгаа мэдэгдсэн. Тиймээс маргаантай байгаа сэдвээр УИХ-ын гишүүн Д.Оюунхоролоос дараах тодруулгыг авлаа.

-Хэдхэн сарын өмнө Боловсролын салбарын нийгмийн асуудлыг шийд­вэр­лэсэн чухал хуультай боллоо хэмээн багш, ажилт­нууд баяртай байсан. Гэтэл шинэчлэлийн Засгийн газ­рын тэргүүн  зарим заалтыг хүчингүй болгосон хуулийн төсөл өргөн барьжээ. Энэ талаар та ямар байр суурь­тай байгаа вэ?

-Бүх шатны багш сур­ган хүмүүжүүлэгч болон боловсролын байгууллагын ажиллагсадын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорил­гоор боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, УИХ баталсан хуу­лийг Монгол Улсын 2013 оны төсөв хэлэлцэхэд Засгийн газраас хүчингүй болгохоор УИХ-д  өргөн барьсанд харамсаж, сэтгэл маш их эмзэглэж байна. Бо­ловсролын салбарын үйл ажиллагааг хэвийн явуулахад арын албыг авч явдаг хар бор, хатуу хөтүү ажлыг нь хийдэг төрийн өмчийн сургуулийн ня-бо, нярав, тогооч, сантехникч, цахилгаанчин, үйлчлэгч, манаач, галч, мужаан, үйл­чилгээний бусад ажилт­нуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэхээр анх удаа баталсан  сайн хууль бол­сон гэж  бодддог. Үүнд  боловсролын  салбарынхан маань ч сэтгэл дүүрэн, хү­лээлттэй байсан. Эдгээр хүмүүс  боловсролын  сал­барт үр  бүтээлтэй, олон жил, тасралтгүй  ажилласан боловч  нийгмийн хамгаал­лын  ямар ч  арга хэмжээнд хамрагдахгүй  орхигдож байсан юм.

-Хуулийн  ямар ямар заал­туудыг хасахаар оруулж  ирсэн юм бэ?

-Бүх шатны сургууль, цэцэрлэгт 25 ба түүнээс дээш  жил ажилласан иргэн өндөр насны тэтгэвэр тогтоолгоход 24 сарын, үүнээс сум тосгон, багийн сургууль, цэцэрлэгт 10 ба түүнээс дээш  жил ажилласан бол 36 сарын үндсэн  цалинтай нь  тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг төрийн албан хаагчийн цалингийн сүлжээг  баримтлан улсын  төсвөөс  өмчийн хэлбэрийг үл харгалзан ажиллаж байгаа байгууллагаар нь дамжуулан олгох, боловсролын сур­галтын байгууллагын нийт албан хаагчийг таван жилд нэг удаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулахаар нэмсэн  зэ­рэг  заалтуудыг хүчингүй  бол­госон байна.

-Чуулганы нэгдсэн ху­ралдаан дээр Ерөнхий сайд таныг эрх ашгийн зөр­чилтэй гишүүн хууль са­наачлах эрхгүй гэж байсан.  Та үнэхээр  эрх ашгийн зөрчилтэй хууль санаачлан батлуулсан хэрэг үү?

-Би чинь  математикийн багш  мэргэжилтэй хүн шүү дээ. Тийм болохоор боловс­ролын салбарын өөрчлөлт шинэчлэлийн төлөө 20 гаруй  жил зүтгэсэн. Цааш­даа ч санал бодлоо илэр­хийлж ши­нэчлэлийн тө­лөөх үйл ажиллагааг  дэм­­жин хууль эрх зүйн  орч­ныг  боловсронгуй  бол­гох  чиглэлээр хамтран ажил­лана гэж боддог шүү.

Энэ хууль батлагдсанаар ху­вийн сургуульд ямар ч хөрөнгө  мөнгө авах асуудал ший­дэгдээгүй. Зөвхөн  бо­ловсролын салбарт ажил­лагсадын  нийгмийн   асууд­лыг шийдвэрлэсэн, хүн рүү чиглэсэн  хууль батлагдсан юм шүү дээ. Ийм учраас  ми­ний хувьд  эрх ашиг, со­нирхлын зөрчил байгаагүй гэж үзэж байгаа.  Чуулганы индрээс Монгол улсын  Ерөн­хий  сайд  асуудалд боди­той хандахгүйгээр, хариуц­лагагүй хариулт өгсөн гэж  бодож байна. Миний ойл­гож байгаагаар Ерөнхий  сайд  өөрөө багш хүн байсан атлаа энэ асуудалд  арай өөр өнцгөөс хандах байсан байх.

-УИХ-аар батлагдсан хуулийг хэрэгжүүлж эх­лээгүй  байж хүчингүй бол­гохоор оруулж  ирж  байгааг Сангийн яамны санал гэж ойлгож болох уу?

-Ер  нь бол  тэгж ойлгог­дохоор байна.

Монголын боловсролын салбар хөгжлийн шинэ үеийн гараан дээр ирээд  бай­на. Боловсролын  ча­нар, өрсөлдөх  чадварыг дээш­лүүлж,  сургалтын  чанар стандартыг олон улсын жи­шигт нийцүүлэн бо­ловс­­ронгуй болгох ажлыг хэ­рэгжүүлж байна Чуул­ганы хэлэлцүүлгийн үед боловс­ролын сайд Л.Ган­төмөр  энэ асуудлыг тодорхой  үе шаттай хэрэгжүүлж  бо­лох талаар саналаа хэл­сэн. Тийм болохоор энэ асуу­дал то­дорхой  түвшинд хэрэг­жинэ байх гэж бодож байна. УИХ-аар баталсан хуулийг Засгийн газар хэрэг­жүүлэх үүрэгтэй болохоос хүчингүй  болгох  зарчим байхгүй гэж үзэж байна.

-Хуулиар боловсролын байгууллагад  олон  жил тас­ралтгүй ажиллаж  бай­гаа байдлыг харгалзан тэт­гэмж олговол  жилд хэдэн  тэр­бум төгрөг шаардлагатай  байгаа вэ?

-Монгол улсыг хөг­жүү­лэхэд хүний  хөгжлийн асуу­дал хамгийн чухал. Хүнээ хөгжүүлэхэд боловсролын  салбарт ажиллаж байгаа багш нарынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, багш мэргэжлээр ажиллах бо­­ловсон хүчнийг бэлтгэх, тэд­ний  оюуны  хөдөлмөрийн үнэл­гээг зөв тогтооход  энэ хууль  маш чухал  үүрэгтэй. Энэ хуулийг  батлахад  яам­наас өгсөн тооцоо  судал­гаа­гаар  51 тэрбум төгрөг  шаард­лагатай гэсэн тооцоог  гаргаж  өгч  байсан.  Одоогийн хэлэлцүүлж  байгаа төсвийн хуулийн төсөлд  151 тэрбум хэрэгтэй гэсэн зөрүүтэй  мэдээллийг сангийн  яам­ныхан  танилцуулсан. Энэ асууд­лыг судлаж  үзэх шаард­лагатай   байна.

-Боловсролын  салбарын­хан  хуульд орсон нэмэлт өөрчлөлтийг шинэчлэл авч­рах сайн хууль болсон гэж дүгнэдэг юм билээ?

-Хууль батлагдсанаар хөдөө орон нутгийн  цэцэр­лэг, сургуульд ажиллаж буй  ажилчдын нийгмийн  ба­талгаа зохих ёсоор хан­гагдан, цаашид тогтвор, суурьшилтай, үр бүтээлтэй ажиллах  эрх зүйн орчин бүрдсэн гэж бид  үзэж байгаа.  Боловсролын хуулийн 42 зүйл заалт дээр нэмэлт өөрч­лөлт хийгдсэн учраас  бо­ловсролын салбарынхан маань  тэгж  дүгнэсэн байхаа. Боловсролын шинэч­лэл, шинэ  стандарттай уял­дуулан боловсролын салбарт ажиллагсадын мэргэжлийг дээшлүүлэх, багшийн нэр хүндийг өргөж, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, сур­­­­галт давтан сургалтын тог­­­­толцоог  боловсронгуй  бол­­­гохоор эрх зүйн зохи­цуу­­лалт хийгдсэн байгаа. Төрийн албан хаагчид болон эрүүл мэндийн  салбарын ажилтнуудын  тэтгэмжтэй  адилтгах хүрээнд хийгдсэн хууль болсон.

Эх сурвалж: "Өглөөний Сонин"

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш