logo
Тэсрэх материал ашигладаг зарим байгууллагын үйл ажиллагааг зогсоолоо

Тэсрэх материал ашигладаг зарим байгууллагын үйл ажиллагааг зогсоолоо

2012/10/13
Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс, Сэлэнгэ, Булган, Орхон, Дархан-Уул аймгийн нутагт дэвсгэрт геологи, уул уурхай, зам барилгын ажилд тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл үйлдвэрлэж, ашиглаж байгаа аж ахуйн нэгж, байгууллагад 2012 оны зургадугаар сарын 14-27-нд хийсэн шалгалтын талаар МХЕГ-ын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцлээ. 
Тус шалгалтанд нийт 98 ААН-ийн 196 объект нэгж, 280 инженер техникийн ажилчид, нийслэл, 21 аймгийн нутаг дэвсгэрт тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох, худалдах, тээвэрлэх, хадгалах, ашиглах, тэсэлгээний ажил явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагууд хамрагдсан байна. Одоогийн байдлаар улсын хэмжээнд тэсрэх материалтай харьцаж ажиллах тусгай зөвшөөрөлтэй 133 аж ахуйн нэгж, байгууллага байна. Үүнээс 37 аж ахуйн нэгж, байгууллага нь тэсрэх материал импортлох, тэсрэх бодис үйлдвэрлэх, үйлчилгээ явуулах, 84 аж ахуйн нэгж, байгууллага өөрийн тусгай зөвшөөрлийн талбайд тэсэлгээний ажил явуулах тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа аж.
Шалгалтаар олон зөрчил илэрчээ. Тухайлбал ”Таван толгой”ХК, “Бэрэн групп” ХХК, “Орика Монголиа” ХХК, “Майн бласт” ХХК, “Хар тарвагатай” ХК, “Хотгор” ХХК, “Бороо гоулд” ХХК, “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Эрэл” ХХК цементийн үйлдвэр, “Шан Лун” ХХК, “Тэн хун” ХХК зэрэг аж ахуйн нэгж, байгуууллагаууд тэсрэх бодисын үйлдвэр, тэсрэх материалын агуулахын аюулгүйн бүсийг холбогдох байгууллагаар тогтоолгоогүй, “Максам эксплозивс” ХХК, “Орика Монголиа” ХХК, “Майн бласт”ХХК, “Хар тарвагатай” ХК, “Хотгор” ХХК, “Бороо гоулд” ХХК, “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Тэн хун” ХХК, “Монголросцветмет”-ийн Өргөний уурхай зэрэг аж ахуйн нэгж, байгууллагууд нь тэсрэх бодисын үйлдвэр, тэсрэх материалын агуулахын байнгын байршлыг тогтоолгоогүй байгаа нь илэрчээ. “Бор-Өндөр” ХХК, “Гидро карьер” ХХК, “Даваамандал” ХХК, ШанЛун” ХХК, “Мон Лаа” ХХК чанарын шаардлага хангахгүй, ашиглах хугацаа нь дууссан тэсрэх материалыг мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн устгаагүй, “Эрэл”ХХК, “Гидро карьер” ХХК, “Тэсрэх хүч” ХХК аянга зайлуулагчийн газардуулгыг хугацаанд нь хэмжүүлээгүй, “Хотгор”ХХК, “Хартарвагатай”ХХК, “Могойн гол” ХХК, “Кайнар вольфрам” ХХК тэсрэх материалын агуулах хуучирч шаардлага хангахгүй болжээ.
“Баруун Монгол никель”ХХК, “Пийк Оптим”ХХК, “ШанЛун”ХХК, “Дунфанлунма”ХХК, “Мон Лаа”ХХК, “Хөх жоншт”ХХК, “Өсөн”ХХК, “Даваамандал”ХХК, “Дорнийн говийн үйлс”ХХК, “Орика Монголиа”ХХК, “Максам эксплозивс”ХХК-иуд тэсрэх бодисын үйлдвэр, тэсрэх материалын агуулахын байнгын байршлыг тогтоолгоогүй, тэсрэх материалыг агуулахад тоо ширхэгээр нь бүртгэл хийж байрлуулаагүй, тэсрэх материалыг буруу хураасан, гэрээт байгууллагаар тэсэлгээний ажлыг гүйцэтгүүлээгүй тул зөрчил арилгах хүртэл улсын байцаагчийн акт тогтоож үйл ажиллагааг түр зогсоосон байна.
Хяналт шалгалтанд хамрагдсан “Майн бласт”ХХК, “Алтайн зам”ХХК, “Орика Монголиа”ХХК , “Хотгор”ХХК, “Даваамандал”ХХК, “Каскад майниг”ХХК, “Эф Жи Пи Эм”ХХК, “Дунфанлунма”ХХК, ”Төвшин”ХХК, “Монголросцветмет”ХХК Өргөний уурхай, “Мон Лаа”ХХК, “Хөх жоншт”ХХК, “Си Өү Эй Эл”ХХК, “Чингисийн хар алт”ХХК, “Монтриумф”ХХК, “Монмаг”ХХК-иуд хууль, дүрэм зөрчсөн тул нийт 4 250 000 төгрөгийн торгууль ноогдуулсан.
 Хяналт шалгалтанд тэсрэх материалтай харьцаж ажилладаг аж ахуйн нэгж, байгууллагаас 98 нь хамрагдсан ба холбогдох хууль, дүрэм, журмыг хангуулах үүднээс зөрчил гаргасан 11 аж ахуйн нэгж, байгууллагад улсын байцаагчийн акт тогтоож, үйл ажиллагааг нь түр зогсоож, 38 аж ахуйн нэгж, байгууллагад зөрчил аригуулахаар хугацаатай албан шаардлага өгч, 16 аж ахуйн нэгж, байгууллагад торгууль, шийтгэвэр ноогдуулж арга хэмжээ авч ажиллажээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш