Халуун итгэл алдарч, хатан зүрх шархирсан тэртээх он жилүүдийн хэлмэгдүүлэлтийн аймшиг, хар сүүдэр Монголын амьдралаас бүрмөсөн ховхрон салаагүй л байна. Монгол оронд 1922 оноос цусан зам татуулан эхэлж 40.000 шахам гэм зэмгүй иргэдийг хоморголон яргалсан хэлмэгдүүлэлт арга хэлбэр, үйл ажиллагаагаа өөрчилж өнөөдрийн амьдралын гүнд оршсоор л байгаа.
Харанхуй шөнөөр гэрээс нь нөмгөн нүцгэн тууж, хэдэн зуугаар нь Сонгины бургасанд аваачаад буудчихгүй байгаа ч гэм, ял нь эцэслэн тогтоогдоогүй хэн нэгнийг алба ажилгүй болгох, цаашлаад хар дансанд бичүүлж, амьдралыг нь уруудуулсаар дуусгадаг энэ цагийн чимээгүйхэн хэлмэгдүүлэлтийг бид бүхэн анзаарахаа байжээ. Одоо үеийн хэлмэгдүүлэлтийн шалгарсан арга нь улстөрийн сонгуульд ялсан аль нэг нам хүчин “баг бүрдүүлэх” нэрээр тухайн алба ажилдаа жинхэнэ мэргэшсэн мэргэжилтнүүд, ажил хариуцсан дарга нарыг толгой дараалан хоморголон халж, гудамжинд гаргах хэлбэрээр илэрч байгаа.
Н.Алтанхуягийн толгойлсон шинэчлэлийн Засгийн газар ажлаа эхлээд хоёр сар ч болоогүй хэрнээ Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Төрийн албаны тухай хуулийг ноцтой зөрчсөөр өнөөдрийг хүрлээ.
Төрийн албаны зөвлөлийн сонгон шалгаруулалтын үндсэн дээр томилогддог яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарыг Засгийн газраас буюу төрийн эрх барьж байгаа улстөрийн хүчнүүдээс шууд томилсон нь үүний хамгийн тодорхой жишээ мөн.
Түүнчлэн төрийн жинхэнэ албан хаагчид болох агентлагийн дарга нарыг Засгийн газрын шийдвэр, элдэв дарамт, шахалтаар халж, тэдний оронд тухайн ажлын ямар ч туршлага, мэдлэггүй хүмүүсийг улстөрийн томилгоогоор дэвшүүлж байгаа нь төрийн алба хүчгүйдэж, чадваргүй болоход хамгийн гол нөлөө үзүүлж байгаа.
Шинэчлэлийн Засгийн газрын араа шүд эргэж эхэлснээр СХЗГ, ШӨХТГ, ГИХАЭА, УБЕГ, ОССК зэрэг Засгийн газрын олон агентлагийн удирдлагуудыг хууль бусаар ажлаас нь чөлөөлж, тэдний оронд ах дүү, хамаатан садан, найз нөхдөө “үүрэг гүйцэтгэгч” нэрээр дэвшүүлэн томилсон нь Монгол Улсын хууль цаазыг уландаа дэвсэлсэн хэрэг юм.
Яамдын төрийн нарийн бичгийн дарга болон агентлагийн дарга нараар эхэлсэн хууль бус халаа сэлгээ нь өнөөдөр тэдгээрийн хэлтэс газрууд, нийслэлийн Засаг дарга, тэдгээрийн харьяа агентлагуудад хүчтэй явагдаж байгаа. Төрийн жинхэнэ албанд мэргэшиж он удаан жил ажилласан дадлага туршлагатай ажилтнуудыг хоморголон халж байгаа нь төрд итгэх иргэдийн итгэлийг бууруулах, төрийн нэр хүндийг унагах, Монгол төрийн чадавхыг сулруулах, байгууллагуудын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэх зэрэг туйлын муу үр дагавартай.
Өнөөдөр 2012 он болохоос улстөрийн аймшигт хэлмэгдүүлэлт эхэлсэн 1922 он биш.
Монголчууд өөрсдийн гараар гэм, зэмгүй эх орон нэгтнүүдээ егүүтгэн хэлмэгдүүлсэн гутамшиг 90 жилийн өмнө эхэлсэн бол өнөөдрийн хэлмэгдүүлэлт улстөртэй холбоотойгоор алба, ажилд нь нөлөөлөхөөс гадна бүтээн босгож, сүндэрлүүлж байгаа барилга байшинтай нь ч холбоотойгоор илэрч эхлээд байгаа.
Монгол Улсын гавьяат барилгачин П.Мэндбаярын удирддаг “Авзага Трейд” компани нийслэлийн 6 дугаар сургуулийн хажууд орон сууцны 15 давхар барилга барихаар 2004 онд газрын зөвшөөрлийг нь авчээ. Ингээд бусад зөвшөөрлийг нь авахын тулд 126 албан тушаалтны зөвшөөрлийн гарын үсэг цуглуулах шатандаа явж байж. Уг барилгын зөвхөн суурийг нь л гэхэд нэг метр 60 см битүү бетон цутгаж босгосон байна.
Ингээд барилга угсралтын ажил жигдэрч, нэг тэрбум гаруй төгрөг зарцуулчихаад явж байтал Э.Бат-Үүл баатрын захирамж гарч, барилгыг нь буулгах болоод байгаа.
Мөн СХД-ийн 18 дугаар хороо Таван шард байрлах Б.Эрдэнэчимэг захиралтай “Тэмүүлэнбаатар” компани өөрийн эзэмшлийн газартаа дөрвөн давхар байшин барихаар карказыг нь цутгаад босгочихож. Түүгээр ч барахгүй тэр байранд орохоор захиалга өгсөн хүмүүсээс нэг тэрбум, 97 сая төгрөгийн урьдчилгаа авч, байшингийнхаа үйл ажиллагааг санхүүжүүлжээ. Харин өнөөдөр нийслэл, дүүргийн газрын албад, 100 гаруй албан тушаалтны хүнд суртлаас болж мөн л байшингаа нураалгах өдрийг хүлээж сууна.
Үүнийг орчин цагийн хэлмэгдүүлэлт гэхгүй бол чухам юуг хэлмэгдүүлэлт гэх вэ.
Гавьяат барилгачин П.Мэндбаяр, “Тэмүүлэнбаатар” компанийн захирал Б.Эрдэнэчимэг нар нь тодорхой дүрэм, журам, хууль, тогтоомж зөрчсөн ч байж болно. Гэхдээ энэ хоёр барилгад зарцуулагдсан хоёр тэрбум гаруй төгрөгийг хэн, хаанаас төлөн барагдуулж, эдгээр хүмүүсийг хохиролгүй болгох вэ гэдгийг Э.Бат-Үүл баатар ч хэлж чадахгүй.
Өнөөдөр Монголын нийгмийн бүх л салбарт хэлмэгдүүлэлт бодитойгоор оршиж байгааг Монгол Улсын гавьяат хуульч, академич, доктор, профессор С.Нарангэрэл цохон тэмдэглэсэн. Бидний нүдэнд тэр болгон өртдөггүй ч Монгол орныг аалзны тор лугаа бүрхэж, бидний амьдралын хэмнэл бүхэнд хар сүүдрээ тусгаж байгаа өнөөдрийн хэлмэгдүүлэлтийн талаар цувралаар хүргэх болно.
Эх сурвалж: "Өглөөний Сонин"