logo
Цэцэрлэгүүдийн хүнсний хангамжийг зах зээлийн үнээс 6-27 хувиар илүү үнээр нийлүүлж байжээ

Цэцэрлэгүүдийн хүнсний хангамжийг зах зээлийн үнээс 6-27 хувиар илүү үнээр нийлүүлж байжээ

2012/10/18
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай нар цэцэрлэгүүдийн хүнсний хангамжийн байдалд хийсэн судалгаа, хяналт шалгалтын дүнг хэвлэл мэдээллийн ажилтнуудад танилцууллаа.
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг цэцэрлэгүүдийн хүнсний хангамжийг хариуцан нийлүүлдэг “Хүнс хангамж” төрийн өмчит үйлчилгээний газрыг зах зээлийн үнээс өндөр үнээр бараа бүтээгдэхүүн нийлүүлж байгаа эсэхийг шалгуулах хүсэлтээ Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт энэ сарын 2-ны өдөр 5/2078 тоот албан бичгээр гаргасан байна.
Энэ оны байдлаар Нийслэлийн хэмжээнд нийт 173 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаа. Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийн дунд “Багачууд хүнс”, Хан-Уул, Баянзүрх дүүргүүдийн дунд “Өсвөр үе хүнс”, Баянгол дүүрэгт “Асгат” НӨҮГ, Сонгинохайрхан дүүрэгт “Хүнс хангамж төв”  нийслэлийн өмчит үйлчилгээний газар гэсэн дөрвөн аж ахуй нэгж нийслэлийн зургаан дүүргийн цэцэрлэгүүдэд хүнсний хангамжийг нийлүүлдэг байна. Уг шалгалтаар “Хүнс хангамж төв” НӨҮГ нь хамгийн өндөр үнээр бүтээгдэхүүнээ нийлүүлж байгаа нь тогтоогджээ. Тодруулбал, Үндэсний статистикийн хорооноос долоо хоног бүр гаргадаг жижиглэнгийн үнийн дүнтэй харьцуулахад энэ компани нь мах, гурил, будаа, элсэн чихэр, ургамлын тос зэрэг зургаан нэр төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлийн үнээс даруй 6-27 хувиар илүү үнээр нийлүүлж байсан хэмээн УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг мэдэгдлээ. Тэрээр цааш үргэлжлүүлэн, цэцэрлэгийн хүүхдэд хоногт 170 гр мах бүхий хоол идэх ёстой боловч өнөөдөр хүүхдүүд хоногт 40 гр махтай хоолыг идэж байна. 2007 онд цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг 1100 төгрөгөөр тогтоосон нь 2012 оны эхний хагас хүртэл хэвээр байсан. Төсвийн тодотголоор 7,5 тэрбум төгрөгийг сургуулийн өмнөх боловсролын төсөвт суулгаж, хүүхдийн хоолны мөнгийг 1650 төгрөгөөр баталсан гэдгийг онцолж байлаа.
ШӨХТГ-ын дарга О.Магнай, Эдгээр аж ахуй нэгжүүд хүнсний материалыг нийлүүлэхдээ зах зээлийн хямд үнийг баримтлах гэрээтэй. Гэвч үүнийгээ зөрчсөн. Бүр цаашилбал “НӨҮГ-ыг байгуулах тухай” НИТХ-ын тэргүүлэгчдийн 2006 оны 6 дугаар сарын 21-ны өдрийн 154 дүгээр тоот тогтоол, мөн НИТХ-ын 2012 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 206 тоот тогтоолууд нь төрийн захиргааны байгууллагаас өрсөлдөөнийг хязгаарлахыг хориглох гэсэн Өрсөлдөөний тухай хуулийн 13.2.3, 13.2.5, 13.2.7-д заасан заалтуудыг зөрчсөн байна гэлээ. Өөрөөр хэлбэл дээрхи аж ахуй нэгжүүдэд дүүргүүдийг хуваан эрх олгосон энэхүү шийдвэр нь зах зээлийг нутаг дэвсгэрээр хуваарилахад чиглэгдсэн, аль нэг аж ахуй нэгжид давуу эрх олгосон, өрсөлдөх боломжийг хязгаарласан нөхцөлийг үүсгэжээ. Нэг аж ахуй нэгж жилд 48 тэрбум төгрөгийн нийлүүлэлт хийдэг гэсэн албан бус тоо байдаг бөгөөд хамгийн багаар 10 хувийн нэмэгдэлтэй гэж үзвэл жилд 3-4 тэрбум төгрөгийн ашиг олно гэсэн үг юм.
Тиймээс НИТХ-ын тэргүүлэгчдэд Өрсөлдөөний хуулийг хэрэгжүүлж ажиллах, нийслэлийн өмчит үйлчилгээний газрыг татан буулгах, шинээр байгуулахдаа нээлттэй тендер зарлах зэрэг арга хэмжээ авахыг саналыг ШӨХТГ-ынхан  хүргүүлжээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш