logo
Сэвжидийн Сүхбаатар наадмын нээлтийн найруулагчаар ажиллажээ

Сэвжидийн Сүхбаатар наадмын нээлтийн найруулагчаар ажиллажээ

2011/07/12
Монгол Улсын Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч, бүжиг дэглээч Сэвжидийн Сүхбаатар энэ жилийн наадмын нээлтийн ерөнхий найруулагчаар ажиллаж, 4500 хүн оролцсон өвөрмөц сайхан арга хэмжээг зохион байгуулж чадсан билээ. Нэрт найруулагч, бүжиг дэглээч маань бүтэн нэг сарын туршид хоолойгоо сөөтөл, уураа барагдтал 1000 шинэ цэрэг, 999 хүүхэд, 2500 уран бүтээлчидтэй ажилласны үр дүнг наадмын нээлтийн үеэр монголчууд маань бахархан харсан нь энэ. Эрхэм найруулагч С.Сүхбаатарын хийсэн ажлын үр дүн төв цэнгэлдэх хүрээлэнд хуран цугласан олон түмэнд гайхамшигтай сайхан харагдаж байсан бол зарим телевизийн сувгаар яг тэр хэмжээгээрээ хүрч чадаагүй сурагтай. Үүний буруутан нь мэдээж телевизүүдийн шууд дамжуулах багийн найруулагч-сэтгүүлч нар. Олон ой давхацсан энэ чухал арга хэмжээний сурвалжлагад туршлагатай хүмүүсээ ажиллуулаагүй нь телевизүүдийн удирдлагын ч бас буруу. 
Өмнөх жилүүдийн наадмын арга хэмжээнд 1000-1500 орчим хүн оролцдог байсан тул энэ жилийнх шиг ийм өргөн бүрэлдэхүүнтэй, 4500 хүн оролцсон тоглолтыг зохион байгуулж байгаагүй ажээ. Гол ажлыг нуруун дээрээ үүрсэн С.Сүхбаатар найруулагч энгийн даруу байдлаар баяр хүргэсэн хүмүүсийн үгийг хүлээн авч, талархал илэрхийлсэн бол Төрийн шагналт Д.Сосорбарам найруулагч ихэмсэг өнгө  аясаар хүмүүсийн баяр хүргэлтийг хүлээн авч байсан нь төдийлэн олон хүнд таалагдаагүй байна. Д.Сосорбарам нэгэнтээ Их Хааны дүрийг бүтээнэ хэмээн үс сахлаа ургуулж, дүрдээ итгэн хэдэн оныг элээж байсан ч сүүлийн жилүүдэд улсын баяр наадмын үеэр энэ дүрээ бүтээж мөрөөдлөө биелүүлэх болсон. 
Хоёр эрхэмийн аль аль нь урлагийн халуун тогоонд боловсорч гүйцсэн хүмүүс. Гэсэн хэдий ч С.Сүхбаатар найруулагчийн хувьд аав Ц.Сэвжид нь монгол бүжгийг тайзан дээр гаргасан анхдагч, хүү С.Амармандах нь Хар сарнай хамтлагийн дуучин гээд  гурван үеэрээ монголын урлагийн төлөө зүтгэж яваа гэр бүл билээ. Тиймдээ ч эрдэмт хүн даруу, их мөрөн дөлгөөн гэгчийн бодит жишээ болж яваа нь энэ буй за.
Ш.Оч
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш