Бидний хар багаасаа хүүхдийн парк гэж нэрлэж заншсан Үндэсний соёл амралтын хүрээлэнг тойрсон асуудал өнө уджээ. Хүн бүр л парк байхгүй боллоо, газрыг нь компаниуд хуваагаад авчихсан гэж ярьж, хэвлэлүүд бичиж байгаа. Нэг талаараа үнэний ортой. Паркийн хашаанд олон давхар зочид буудал баригдаж л байна. Энэ бүхэн түүнийг нотолж байгаа юм.
Гэхдээ нэг үеэ бодвол ганц хоёр жилийн өмнө парк дахин нээгдэж, багахан талбайд хэдэн тоглоом тавьчихсан байгаа. Түүнийгээ одоогоор өргөжүүлээд явж байна. Харамсалтай нь үнийн хувьд өндөр. Ерөнхийдөө тансаг зэрэглэл рүү орчихоод байгаа юм. Энэ мэт Үндэсний соёл амралтын хүрээлэнг тойрсон асуудлыг ил болгох, учир утгыг нь тайлах зорилгоор өчигдөр “Монголын залуучуудын холбоо” Төрийн ордны “Иргэний танхим”-д “Паркаа аваръя” хэмээн хэлэлцүүлгийг өрнүүлсэн юм.
Хэлэлцүүлэгт Монголын залуучуудын холбооны Ерөнхийлөгч А.Мөнхбат, Нийслэлийн газрын албаны дарга М.Батсайхан, “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Батнягт зэрэг албаны хүмүүс оролцсон юм. Мөн паркийн газрыг “хумсалсан” гэгдээд байгаа “MCS” группийн “MCS Пропертийс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Даваа-Очир, “Мон-Уран” ХХК-ийн ерөнхий захирал, УИХ-ын гишүүн Б.Наранхүү, “Сөүл” группийн зөвлөх А.Энхтөр нар оролцсон.
Харин тэднээс асуулт асууж, “Паркаа аваръя” хөдөлгөөнд нэгдэж, дуу хоолойгоо хүргэх хүсэлтэй залуусын төлөөлөл “байцаах” талаас хүрэлцэн ирсэн байсан юм. Хэлэлцүүлгийн эхэнд МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат үг хэлж, хүрэлцэн ирсэн хүмүүст баярласан талархсанаа илэрхийлсэн. Мөн “МАК” компани Үндэсний соёл амралтын хүрээлэнд ямар ч газар эзэмшдэггүй гэсэн албан бичиг ирүүлсэн гэдгийг ч хэлсэн юм.
Мөн энэ хэлэлцүүлгээр паркийн газрууд яагаад хувийн компаниудад очсон зэргээс эхлээд олон асуултад хариулт авахыг хүсч байгаагаа ч дуулгасан. Хэлэлцүүлэг эхлээд л Нийслэлийн газрын албаны дарга М.Батсайхан Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн тодорхой хэсэг хэзээ, хэний зөвшөөрлөөр “MCS” групп, “Мон-Уран” ХХК, “Сөүл” группийн мэдэлд очсон талаар мэдээлэл өгсөн.
Тэрбээр “Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн эзэмшлийн газрыг нийслэлийн Засаг даргын 1997 оны нэгдүгээр сарын 3-ны өдрийн 1003 тоот захирамжаар, Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт амралт зугаалгын цогцолборын зориулалтаар баталгаажуулж байжээ. Тэгвэл “Монголын үндэсний соёл амралтын хүрээлэн” ХК-ийн хугацааг сунгаж, амралт зугаалгын цогцолборын зориулалтаар 32 га газар эзэмшүүлэх эрхийг Нийслэлийн Засаг даргын 2007 оны арваннэгдүгээр сарын 19-ны өдрийн 577 тоот захирамжаар баталгаажуулж, газар ашиглах гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон байдаг аж.
“Монголын үндэсний соёл амралтын хүрээлэн” нийслэлийн өмчит үйлдвэрийн барилга байгууламж, тоглоомууд ашиглалтын хугацаанаас 10-26 жилээр хэтэрсэн, цаашид үйл ажиллагааг хэвийн явуулах боломжгүй болсон тул Нийслэлийн Засаг дарга болон “Голомт” банкнаас санаачлан Японы “Иточу” корпорацитай гэрээ байгуулсан байдаг.
Тус хүрээлэнг шинэчлэх төслийг боловсруулж, хамтарсан компани байгуулах саналыг НИТХ-ыг тэргүүлэгчдэд тавьсан. Улмаар НИТХ-ын 2005 оны есдүгээр сарын 21-ний өдрийн 188 дугаар тогтоолоор “Монголын үндэсний соёл амралтын хүрээлэн” нийслэлийн өмчит үйлдвэрийн газрыг татан буулгаж, Улаанбаатар хот Японы “Иточу” корпорацийн хамтарсан компани байгуулахыг зөвшөөрсөн байна.
Ингээд Нийслэлийн Засаг даргын 2005 оны есдүгээр сарын 26-ны өдрийн 397, 420 дугаар захирамжуудаар “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХК байгуулагдаж, үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Үүний дагуу нийслэлийн Засаг дарга даргын 2009 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн 21 дүгээр захирамжаар “Монголын үндэсний соёл амралтын хүрээлэн” ХК-д амралт зугаалгын цогцолборын зориулалтаар 32 га газар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, гэрээ байгуулж, газар эзэмших гэрчилгээ олгосон байна” хэмээн паркийн газар олголтын үүх түүхийг дэлгэрэнгүй танилцуулсан юм.
Харин паркийн газар яагаад, хэний зөвшөөрлөөр хувийн компаниудын мэдэлд очсон түүх сонирхолтой. Жишээлбэл, Нийслэлийн Засаг даргын 1998 оны тавдугаар сарын 20-ны өдрийн А125 дугаар захирамжаар “Монтана” ХК-д Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр, Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн хашааны хойд талд ажлын байрны барилга барих зориулалтаар 0.5 га газар гурван жилийн хугацаатай эрх олгосон байдаг аж.
Дараа нь Нийслэлийн засаг даргын 2002 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн 35 тоот захирамжаар газар эзэмших эрхийнх нь хугацааг дөрвөн жилээр сунгасан байна. Тодруулбал, 1998 онд газар эзэмших эрх авчихаад, хугацаа нь дуусахаар 2002 онд дахин дөрвөн жилээр сунгуулсан гэсэн үг. Харин Үндэсний соёл амралтын хүрээлэнг шинэчлэх төсөлтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2005 оны долдугаар сарын 5-ны өдрийн 263 тоот захирамжаар “Монтана” ХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон аж.
Гэвч тус компаниас Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаж, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2006 оны долдугаар сарын 4-ний өдрийн 57 дугаар тогтоолоор “Монтана” ХК-ийн газар ашиглах зөвшөөрлийг сэргээж байжээ. Улмаар “Монтана” ХК, “MCS Hotel” компанитай хамтран ажиллах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, газар эзэмшүүлэх хүсэлт гаргасныг үндэслэн, Нийслэлийн Засаг даргын 2007 оны зургадугаар захирамжаар “MCS Hotel” ХК-д 4900 ам.метр газрыг контор, үйлчилгээ, зочид буудлын зориулалтаар эзэмшүүлсэн байгаа юм.
Ингэснээр “MCS Hotel” ХК эзэмшил газартаа таван одтой зочид буудал барихаар болсон. Тэгэхдээ газрын хэмжээг нэмэгдүүлэх хүсэлтийг тухайн үед Нийслэлийн газрын алба гаргаж байжээ. Тэр хүсэлтийн дагуу Нийслэлийн Засаг дарга Ц.Батбаярын 2007 оны нэгдүгээр 11-ний 06 дугаар захирамжаар “MCS Hotel” компанийн 4900 ам.метр буюу 0.5 га газрыг нь гурван га газар болгож, хэмжээг нь нэмэгдүүлж ашиглуулахаар шийдвэрлэж байжээ.
Тухайн үед Японы “Иточу” корпорациас албан бичиг ирсний дагуу шийдвэрлэсэн гэж хэлдэг аж. Тэр албан бичигт “MCS” компанийн эзэмшиж байгаа газрын хэмжээг нэмж ашиглуулахыг манайх зөвшөөрч байна. Гэхдээ танай нийслэлийн Засаг даргын шийдэх асуудал шүү дээ” гэх маягийн зүйл бичсэн байсан аж. Энэ маягаар “MCS” групп паркийн газраас гурван га-г нь авчээ. Одоо таван одтой зочид буудал барих гээд барилгын ажил эхлээд явж байна.
Мөн Үндэсний соёл амралтын хүрээлэнд “Сөүл” ХК үйл ажиллагаагаа явуулж байгаа. Төрийн өмчийн хорооны тогтоолоор хуучнаар “Туяа” рестораныг “Сөүл” ХК хувьчилж авсан бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2001 оны арваннэгдүгээр сарын 7-ны өдрийн 510 тоот захирамжаар газраа баталгаажуулж авчээ. Улмаар “Сөүл” ХК газар эзэмших эрхээ иргэн Н.Өнөрболорт шилжүүлэх хүсэлт гаргасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2008 оны 181 дүгээр захирамжаар ёсоор болгожээ.
Харин “Мон-Уран” ХК-тай холбоотой асуудал нэлээд сонирхолтой.
Нийслэлийн Засаг даргын 1991 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдрийн А/246 тоот захирамжаар газрын теннисний талбай байгуулах зорилгоор Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн хашааны баруун хойд талд 0.9 га газар олгожээ. Энэ газар дээр “Мон-Уран” ХК зөвшөөрөлгүй барилга барьж, ашиглаж байхад Сүхбаатар дүүргийн шүүхэд “Монголын газрын теннисний холбоо” хандсан. Тэд “Мон-Уран” ХК-ийн барилгыг буулгаж, газрыг чөлөөлж өгөх нэхэмжлэл гаргасан. Гэвч шүүхээс 2004 оны аравдугаар сарын 19-ний өдрийн 1186 тоот шүүгчийн захирамж гарч, хэргийг хэрэгсэхгүй болгосон аж. Одоогийн байдлаар Үндэсний соёл амралтын хүрээлэнд дээрх аж ахуй нэгжүүд үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. Үүнээс “Мон-Уран” компанийн асуудал шүүхэд явж байгаа ажээ. Түүний дараа “Мон-Уран” компани, “Сөүл”, “MCS” группийн төлөөлөл тайлбар хийсэн. Мөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дарга Б.Батнягт, ТУЗ-ийн гишүүн Л.Эрхэмбаяр нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн юм.
Бусад нь хуулийн дагуу ажиллана гэвэл би газар чөлөөлөхөд бэлэн байна
УИХ-ын гишүүн, “Мон-Уран” компанийн ерөнхий захирал Б.Наранхүү:
-Паркийн газраас тодорхой хэмжээгээр эзэмшиж байгаа бүх компаниуд хуулийн дагуу ажиллана гэвэл би газраа чөлөөлөхөд бэлэн. Өнөөдөр “Голомт”-ын Баясгалангийн хийсэн хөрөнгө оруулалтын хийсэн хэмжээгээр бид ч бас хөрөнгө оруулалт хийж болно. Паркийн газраас тодорхой хэмжээгээр эзэмшиж байгаа газрууд хамтраад хөрөнгө оруулалт хийж болохгүй юмгүй.
Үнэхээр хүүхдүүдээ гэж байгаа бол нийлж байгаад нэг юм хийх хэрэгтэй. Улмаар 10 жилийн хугацаанд хүүхдүүдээ паркт үнэгүй тоглуулъя. Энэ хугацаанд Монголын эдийн засгийн байдал сайжирч, иргэдийн амьжиргаа ч дээшлэх байх. Одоо бол өндөр үнэтай паркт тоглох бэлтэй хүн цөөхөн байгаа. Хүүхдийн парк дээр нэг удаа тоглоход 150-200 мянган төгрөг шаардлагатай юм билээ.
Гэтэл цалингийн доод хэмжээ 140 мянган төгрөг л байна. Иргэд сарын цалингаараа нэг өдөр л хүүхдээ тоглуулна гэсэн үг. “МСS”, “Бодь” зэрэг компаниуд бүгдээрээ хамтраад үүнийг хийнэ гэвэл бидэнд татгалзаад байх зүйлгүй. “Мон-Уран” гэдэг компани ганцаараа паркийн газрыг авчихаад, өгөхгүй байгаа юм шиг зүйлийг 10 жил ярилаа. Одоо больцгооё. Хөрөнгө оруулалт хийж болно.
Ярьж байгаад хийх бүрэн боломж байна. Манай компанийн хувьд нэг га газар эзэмшиж байгаа. Бүх газар шударга байвал, бид ч гэсэн шударгын голд ороод явна. Гэтэл зөвхөн манай компанийн газрыг авна гээд байвал хүлээн зөвшөөрөхгүй. Тэртээ, тэргүй энэ компаниуд бүгд нийслэлийн Засаг даргын захирамжтайгаар паркийн газар дээр үйл ажиллагаа явуулж байгаа. Бизнесийн салбарыг дандаа буруугаар ярьдаг, буруугаар ойлгодог ийм цаг үе ирчихээд байна. Өнөөдөр бүх улсад бизнесийн салбарынхан голлох ачааг нуруун дээрээ үүрч явдаг. Паркийн ажлыг хувийн компани авч явж байгаа нь үнэхээр зөв. Гол нь тэр компани маань орчин үеийн, дэлхийн шаардлагыг хангасан парк байгуулах нь чухал. Манай компани 13 жилийн өмнө газрын зөвшөөрөл авсан. Гэхдээ газарт битгий санаа зов. Газрын цаана маш олон асуудал байна. Парк руу оруулсан мөнгийг манай компани гаргаад паркийг 10 жил үнэгүй ашиглуулж болно, газрыг ч чөлөөлж өгч болно. Асуудлын гол нь паркийг бий болгоё гэдэг. Бид огт зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулаад байгаа юм биш. Бид шүүхийг хүндэтгэнэ.
Захиргааны хэргийн шүүх “Мон-Уран” газар эзэмших зөвшөөрөлтэй гэсэн шийдвэр гаргасан. Шүүхийн шийдвэр ийм байхад хүнийг буруутгаж болохгүй.
Бид 13 га газарт парк байгуулна
“Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Батнягт:
-2005 онд манайх нийслэлийн бүх холбогдох байгууллага, албан тушаалтны зөвшөөрөлтэйгээр хамтарсан компани байгуулаад, үйл ажиллаагаагаа явуулж эхэлсэн. Гэхдээ нийслэл 24 , манайх 76 хувийг эзэмшиж байгаа. Тухайн үед манайх руу газрын эрх нь шилжээгүй байхад олон компанийн хашаа баригдаж, асуудалтай байсан. Тэр үед хөрөнгө оруулагчид Улаанбаатар хотод хүүхэд, залуусын цагийг зөв боловсон өнгөрүүлэх цогцолбор барьж, бизнес хийж болдог юм гэдгийг харуулах хүсэлтэй байсан. Тэр нийслэлд газар л байвал барилга барьдаг жишиг тогтсон байсан. Орон сууцны дундах хүүхдийн тоглоомын газрыг “булааж”, байшин барьж эхэлсэн. Ард түмний итгэл алдарсан энэ үед бид үйл ажиллагаагаа эхэлж байлаа.
Тухайн үед ИТХ-ын гаргасан шийдвэрийг хамгийн зөв шийдэл байсан гэж би боддог. Та бүхэн мэдэж байгаа. Үндэсний соёл амралын хүрээлэн ажиллахаасаа ажиллахгүй нь их байсан. Хамгийн залуу тоглоом нь ашиглалтын хугацаанаас 10 жилээр хэтэрсэн байсан. Үүнийг өөрчилье, шинэчилье гэж зүтгэсэн. Тэгэхэд газартай холбоотой маш олон маргаан гарсан.
Би энд шүүхийн гаргасан тогтоолыг зөв, буруу гэж ярих нь утгагүй. Гэхдээ Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн төслийн удирдагчаар ажиллаж байгаа хүний хувьд итгэл үнэмшилтэйгээр яримаар хоёр зүйл байдаг. Эхнийх нь “MCS” компанитай холбоотой 0.4 га газрын маргаан. Би энэ газрын асуудлыг сайн мэднэ. Тэр газрыг анх “Монтана” компанид өгөхдөө Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн хашааны зүүн хойд талд гэсэн юм.
Гэтэл манай хашаан дотор ороод ирсэн. Учир нь анхны ерөнхийлөгч П.Очирбат гуай суудлаа өгөхөд, ард түмнээс байшин барьж өгнө, газраа сонго гэсэн юм. Гэтэл “Монтана” компанийн авсан газрыг заасан юм билээ. Ингээд тус компанийн захирал “Би ерөнхийлөгч байсан хүнтэй газар булаацалдахгүй. Харин надад яг тэр хэмжээний газар өгчих” гэсэн юм билээ.
Гэтэл байрлалыг өөрчлөхгүйгээр захирамж гаргаад, манай хашаан дотор өгчихсөн. Энэ нь явсаар байгаад “MCS” компанийн мэдэлд ирчихсэн юм. Манай компанийг янз бүрээр сайн, муу хэлээд байгаа. Өнгөрсөн жил гэхэд бид 900 мянган хүнд үйлчилсэн. Үнэтэй байна гэдэг. Гэхдээ үнийн хувьд сонголт байгаа. Амьжиргааны доод төвшний хүн тоглох боломжийг ч бүрдүүлж байгаа, үнэтэй тоглоом ч байгаа.
Энд бизнес явж байгаа гэдгийг давхар хэлэх хэрэгтэй. Үнэтэй гэвэл надад ч дэлгүүрт байгаа бараа үнэтэй санагддаг. Үнэгүй юм алга. Өнөөдөр бид энэ төслийг алхам алхамаар амжилттай явж байгаа гэж бодож байгаа. Эхний ээлжинд бид найман га газар дээр тоглоом байгуулсан. Одоо нэмээд дөрвөн га газарт тоглоом байрлуулж байна. Үүний дараа бид 13 газар дээр битүү парк байгуулах гэж байгаа.
400-500 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар зочид буудал барьж байгаа
“MCS” группийн “MCS Пропертийс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Даваа-Очир:
-Их Монгол Улс байгуулагдсан 800 жилийн ойтой холбоотойгоор тухайн үеийн төр засгаас паркийн газар дээр түүхэн цогцолбор барих тендер зарласан. Ингээд паркийн хоёр талын талбайг ашиглаад цогцолбор барихаар болж төлөвлөлт нь явж байсан юм билээ. Тэр нь Их Монгол Улс байгуулагдсаны ойг тохиолдуулан барих цогцолборын хүрээнд олон улсын зочид буудал, өндөр зэрэглэлийн хурал, зөвлөлгөөн зохион байгуулах таван одтой зочид буудал барих төлөвлөгөө байсан юм билээ. Тэр тендерт манайх ялаад, таван одтой “Шангрилла” зочид буудал барих газар хүссэн өргөдлөө өгсөн.
Мөн тэр үедээ “Монтана” компанитай хамтран ажиллахаар болоод газрыг авсны дараа хотын удирдлагуудад хүсэлт тавьсан. Таван одтой зочид буудал барихад энэ газар хүрэлцэхгүй юм байна гээд хүсэлт тавьж, шийдүүлж авсан. Одоо MCS компани тус газарт 100 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байгаа. Нийт 300-400 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж зочид буудал барина.
Гэхдээ хүүхэд залуучуудын чөлөөт цагаа өнгөрөөхөд зориулж зочид буудалдаа үндэсний урлагийн театр, биеийн тамирын заал, 50 метр бассейн, найман үзвэрийн танхим кино театр төлөвлөөд явж байгаа. Дандаа хүүхэд залуучуудын амралтаа чөлөөтэй өнгөрөөх боломжийг бүрдүүлнэ. Мөн түрүүнд Батнягт захирлын дурьдсан дөрвөн улиралд ажиллах боломжтой битүү парк байгуулахад ч хамтарч ажиллана.
Нэгэнт одоо хөрөнгө оруулалт эхэлчихсэн. Барилгын ажил 50-60 хувьтай явж байна. Тиймээс буулгах боломж байхгүй. Энэ зочид буудлын 51 хувийн хөрөнгө оруулалтыг Хонгконгийн компани, 49 хувийг “MCS” групп оруулсан. Ийм л бүтээн байгуулалт өрнөж байна.
Манай компани паркийн газраас хумслаагүй
“Сөүл” группийн зөвлөх А.Энхтөр:
Сөүл компани 1994 оноос Үндэсний соёл амралтын хүрээлэнд үйл ажиллагаа явуулж байгаа. Өмнө байсан “Туяа” зоогийн газар 1966 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн юм билээ. 1990 онд Монгол Улс ардчилсан хувьсгал хийж, хувийн өмчийг дээдэлсэн нийгэм рүү шилжсэн. “Сөүл” компанийн “Туяа” зоогийн газарт ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийж, ном дүрмийнх нь дагуу авсан.
Бүх шатны зөвшөөрлийг авсан. Одоо бид хүүхэд, залуусын үйлчлүүлэх дуртай зоогийн газар болсон. Мөн төр засгийн хэмжээнд хүртэл үйлчилдэг дээд зэрэглэлийн зоогийн газар болж чадсан. Манай компани Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн газраас хумсалсан зүйл огт байхгүй. Тэгээд ч паркийн газар дээр үйл ажиллагаа явуулдаггүй. Өөрийн эзэмшлийн газар дээр үйл ажиллагаагаа явуулж байгаа.
Тэнд ашигладаг өөр зориулалттай нэг ч газар байхгүй. Харин ч бид талбайн теннисний иж бүрэн талбай байгуулсан. Тэнд Монголын теннисний тамирчид бэлтгэлээ хийж, олон улсад амжилт гаргаж байгаа.
“Бодь” групп паркийн газар дээр зочид буудал, бизнес төв барихаар төлөвлөсөн
Ерөнхийлөгчийн зөвлөх, “Үндэсний соёл амралтын хүрээлэн” компанийн ТУЗ-ийн гишүүн Л.Эрхэмбаяр:
-Би паркийн асуудлаар 2007 оноос эхлээд судалж, мэдээлж эхэлсэн. Гэвч хэвлэлүүд хаалттай, хүмүүс нэг их тоож байгаагүй. Одоо харин хэлэлцүүлэг зохион байгуулж байгаад баяртай байна. Би 2008-2012 оны хугацаанд НИХ-ын тэргүүлэгчээр сонгогдон ажиллаж байсан. Энэ хугацаандаа “Үндэсний соёл амралтын хүрээлэн” нийслэлийн өмчит газрын ТУЗ-ийн гишүүнээр ажиллая гэсэн хүсэлтээ хоёр жилийн турш Нийслэлийн Засаг даргад гаргаснаар өнгөрсөн жил гишүүн нь болсон. Өөрөөр хэлбэл, нийслэлийн өмчид байгаа 24 хувийг төлөөлөх ТУЗ-ийн гишүүнээр сонгогдсон. Би хүүхдийн паркийг байдгаар нь байлгахын төлөө гишүүнээр орж ажилласан. Ажиллах хугацаандаа асуудлыг бүгдийг нь судалсан. Тэгэхэд энэ асуудал хэмжээгүй эрхтэй, өөрсдийн гарт нь бүх эрх мэдэл байна гэж бодож явсан дарга нартай холбоотой байсан.
Тэд паркийн газрыг хэнээс ч асуулгүйгээр, бусдаас санал авахгүй “Мон-Уран”-д нэг, “MCS”-д гурван га-гаар нь өгч л байдаг. Одоо бид энэ газрыг аваад, үйл ажиллагаа явуулж байгаа “Бодь” группыг шүүмжлэе гэхээсээ илүү цаашид яах вэ гэдгээ ярих цаг болсон. Тиймээс хэмжээгүй эрхтэй дарга нар, газартай холбоотой компаниудыг АТГ-т шалгуулах цаг болсон. Түүнээс гадна Үндэсний соёл амралтын хүрээлэн, Үндэсний цэцэрлэгийн талаар тусдаа хууль гаргая. Тэгж хуульчлахгүй бол эрсдэлтэй. Жишээ нь, паркийн газрын 74 хувийг эзэмшиж байгаа “Бодь” групп залхаад, өөрийнхөө хувийг гадны компанид зарчихвал яах юм.
Тэр нь өөрийнхөө газар дээр хийх юм аа хийнэ гээд баахан хороолол барьвал яах юм бэ. Тэгэхгүй гэх газар байхгүй. Одоо “Бодь” группээс энэ газрыг авна гэж байхгүй ээ. Нэгэнт “галт тэрэг” явчихсан. Хүний хөрөнгө орчихсон. Одоо цаашид паркийн газрыг яаж бүтнээр авч үлдэж, залууст зориулсан бүтээн байгуулалт хийх вэ гэдгийг шийдэх хэрэгтэй. Би өнгөрсөн зургадугаар сард ТУЗ-ийн хуралд орсон.
Тэгэхэд нэг төлөвлөгөө өгсөн. Түүн дээр паркийн үлдсэн хэсэгт хоёр том зочид буудал, бизнес центр байгуулах зураг төсөл байсан. Тэнд ямар ч ногоон байгууламж байхгүй, дугуй, гүйлтийн зам байхгүй. Үүнийг би эсэргүүцэж байгаа. Хэрвээ “Бодь” групп зочид буудал барихгүй бол дампуурчих гээд байгаа гэвэл төрөөс мөнгө гаргаж, хөрөнгө оруулалт хийе. Нөгөө талаар паркийн газраас “хумсалсан” зургаан компани байгаа.
“MCS” гэхэд сая ам.долларын хөрөнгө оруулалт гурван га газарт оруулсан гэж байна. Тэгвэл газраа заръя л даа. Сая ам.доллараар зарах хэрэгтэй. Яагаад дуудлага худалдаагаар авдаг газрыг үнэгүй аваад байгаа юм бэ. Тиймээс нэг га газраа сая ам.доллараар зараад, тэр хөрөнгө оруулалтаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэндээ оруулъя.
Хэлэлцүүлэгт оролцож, байр сууриа илэрхийлж, мэдээлэл өгсөн хүмүүсийн ярианаас үзэхэд парк аврагдана гэдэг үнэхээр хүнд асуудал болчихож. Энэ үлгэрийн “төгсгөл” жаргалтай байна гэж дүгнэхэд хэцүү. Энэ олон компаниуд газраа чөлөөлнө гэж байхгүй. Хүүхдийн паркийн газар дээр дээдсүүдэд зориулагдсан зочид буудал, кино театр баригдах нь тодорхой байна.
Тэнд гэр хороололд амьдарч байгаа айлын хүүхэд очиж усанд сэлж, кино үзнэ гэдэг мөрөөдөл төдий л зүйл болж хувирах байх. Дээрээс нь Л.Эрхэмбаяр зөвлөхийн ярьснаар паркийн үлдсэн газарт зочид буудал, бизнес төв баригдвал бид одоо байгаа жижигхэн газартаа, үнэтэй тоглоомоороо тоглоод явахаас өөр сонголт алга. Төр энэ асуудалд оролцоод, “том толгойтой” компаниудын дээр гарч чадах уу гэдэг нь эргэлзээтэй.
Тэгэхээр паркаа аврах “үлгэр”-ийн баатрууд олон “мангас”-ыг дарж, дархан цолоо мандуулах хэрэг гарах нь. Тийм хүч байхгүй л болов уу гэж шантарч байна. Одоо байгаадаа л сэтгэл ханах нь зөв гарц ч байж мэднэ. Манай улсад төр нь компаниудаас жул хойно.
Эх сурвалж: "Монголын Мэдээ"