logo
Шилдэг тураах төв /хошин өгүүллэг/

Шилдэг тураах төв /хошин өгүүллэг/

2012/10/29
Баяр ёслолын байдалтай зассан тайзнаа гял цал хувцасласан хөтлөгч алга ташилтаар угтуулан нахилзан гарч ирлээ. 

-Баярлалаа... баярлалаа... Ингээд Монголын хамгийн шилдэг тураах төвийг тодруулах шалгаруулалт эхэлснийг мэдэгдье... Хүрэлцэн ирсэн та бүхэнд ахин баярлалаа... 3а ингээд манай өнөөдрийн шалгаруулалтад манай хамгийн алдартай тураах төвүүд болох “Хулан”, “Синди”, “Хатагтай” гэснээ хөтлөгч түгдэрч, цаасаа ойртуулан хараад,
-“Ганц худаг”… гэсэн тураах төвүүд оролцож байна хэмээн сулхан дуугарахад алга ташилт нижигнэв.

-За ингээд хэмээн хөтлөгчийн дуу ахин цангинаж,
-Одоо тураах төвүүдийн ажлын амжилтыг танилцуулъя. –“Хулан” тураах төв! гэлээ. -Манай энэ хүн... гэж уг төвийн багш хамт гарч ирсэн эмэгтэйг заан,
-Анх ирэхдээ 75 кг жинтэй байсан. Манай хөтөлбөрийн дагуу сарын турш амжилттай хичээллэсний үр дүнд 10 кг турж чадсан хэмээн дуржигнуулав.

-Гайхалтай... Үзэгчид ээ, нэг сарын дотор 10 кг тураажээ... Одоо шалгаж үзье… Та жин дээр гарна уу? хэмээгээд хөтлөгч тэрхүү эмэгтэйн гараас хөтөллөө.
-Яг 65 кг... “Хулан” төвийнхөнд баяр хүргэе. Алга ташилт намжмагц хөтлөгч:
-“Синди” тураах төв гэж зарлалаа.

-Энэ бүсгүй 77 кг байсныг бид нэг сарын дотор 13 кг турааж чадсан гэж “Синди” төвийн багш бардам өгүүлэв.
-Итгэмээргүй юм... Та энэ жин дээр гарна уу... Тийм байна! 63 кг татаж байна... “Синди” төвийнхөн энэ бүсгүйг гайхамшигтай өөрчилж чаджээ... Баяр хүргэе үзэгчид ээ! Нижигнэсэн алга ташилтыг хөтлөгч гараараа занган байж болиуллаа.

-Баярлалаа... Эдгээр төвүүд хүмүүст гоо үзэсгэлэн эрүүл мэнд бас өөртөө итгэх итгэлийг нь эргүүлэн авчирч өгдөг газрууд болж чаджээ... -Одоо... одоо... хэмээн хөтлөгч ээрэв.
-“Ганц худаг”, -“Ганц худаг”-ийг урья. Тайзнаа дүрэмт хувцастай хуяг миссүүд ч атаархам гоолиг биетэй нүдний шилтэй эртэй хамт гарч ирлээ. Ширүүн төрхтэй хуяг эргэн тойрноо харснаа албархаг өнгөөр:

-Энэ хүн бидэн дээр ирэхдээ 80 кг жинтэй байсан юм. Ингээд манайд нэг сар байхдаа 20 кг турж одоо 60 кг болсон хэмээн хэлэв. Үүнийг сонсоод үзэгчид шүүгчид бүгд ангайн гайхаж танхим нам боллоо. Эцэст нь хөтлөгч түрүүлэн сэхээ орж,
-Нээрээ юу? хэмээн арайхийн асуув. Хуягийг толгой дохиход нөгөө эр жин дээр гарсанд заалтуур 60-ийг заалаа.

-Тийм байна хэмээн хөтлөгч хөлсөө арчиж, ганц нэгээр сонсогдож байсан алга ташилт аажмаар адар нурмаар нүргэлсэнд тэрээр давж дуугарах гэж байдгаараа хашгирч гарав.
-Жинхэнэ гайхамшиг!

-“Ганц худаг”-ийнхан хамгийн их турааж дээд амжилт тогтоолоо. Шүүгчдийг шийдвэрээ гаргах хооронд өнөөдрийн сенсаацийн эздээс хэдэн зүйл асууя... “Та” хэмээн хөтлөгч өнөөх гоолиг эрийг өөр лүүгээ татан,
-Илүүдэл жинтэй үедээ танд их хэцүү байсан байхдаа гэж яриа өдлөө.

-Тийм гэж цаадах нь жингэнэсэн нарийн хоолойгоор хариулав.

-Тарган байснаа бодохоос ч аймшигтай байна. Би байнга амьсгаадаж амархан цуцаж хөлөрч, гэдэс тулаад бүр гутлаа ч үдэж чаддаггүй байлаа. Таргалалтаас үүдэлтэй элдэв өвчний шинж тэмдгүүд ч илэрч эхэлсэн. Тэгээд турах гээд янз бүрийн цай, эм бэлдмэл ууж дасгал энэ тэр хийгээд ч нэмэр болоогүй. Тэгтэл ашгүй би авилгалын хэргээр баригдаад, энэ “Ганц худаг”-ийн хамт олон дээр очсон юм. Энд л би ингэж турж чадсан даа.

-Уучлаарай та ямар ажил эрхэлдэг байсан бэ?
-Би төрийн алба хашдаг байсан юм. Энэ завшааныг ашиглаад манай зааварлагч багш нар болох хуяг харгалзагч нартаа баярласнаа илэрхийлье.

-Тийм ээ, ингэж сайхан турсан хүн баярлахаас өөр яахав гэж хөтлөгч түүнийг дэмжлээ.
-Харин одоо та өөрийн тураах төвийн онцлогоос бидэнд танилцуулна уу гэж хуягт хандлаа.

-Хм.., тэгэхээр манайх бол ямар ч төлбөр авдаггүй. Монгол хүний биеийн онцлогт тааруулан боловсруулсан тусгай хооллолт дасгалын дагуу 100% баталгаатай тураадаг. Харин манайд орохын тулд тодорхой болзол нөхцлийг хангах хэрэгтэй байдаг юм.
-Гайхамшигтай... Үзэгчдээ ямар ч төлбөр авдаггүй гэж байна шүү... 3а ингээд шүүгчдийн эцсийн ишйдвэр гарчээ гэхэд танхим ахин нам гүм болов. –“Ганц худаг” ! Монголын шилдэг тураах төвөөр “Ганц худаг” шалгарлаа хэмээн хөтлөгч сэтгэл хөдлөн ориллоо.

-Баяр хүргэе... Цом өргөмжлөлийг гардуулна уу? Ингээд турахыг хүссэн хэн боловч Монголын шилдэг тураах төв “Ганц худаг”-т хандаарай... Мөн хээл хахууль идэн таргалсан сайд дарга нар “Ганц худаг”-аар үйлчлүүлж илүүдэл жингээсээ сална уу... Баярлалаа та бүхэнд... Манай ёслол үүгээр өндөрлөлөө.

Б.Барлас 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш