logo
Төрийн төсөв данхайж, өрхийн төсөв хумигдах нь ээ

Төрийн төсөв данхайж, өрхийн төсөв хумигдах нь ээ

2012/10/29
Ирэх оны төсөв, мөнгөний бодлогыг батлахад хэдхэн хоногийн хуулийн хугацаа үлдээд байна.

Сүүлийн жилүүдэд манай улсын төсвийг бүрдүүлэгч гол “саалийн үнээ” нь ганцхан Эрдэнэт үйлдвэр байхаа больж, стратегийн орд газрууд нэмэгдсэн. Олон улсын зах зээл дээр эрдэс баялгийн үнэ хэдий чинээ өснө, бидэнд төдий чинээ ашигтайгаар тусна. Харамсалтай нь ойрын жилүүдэд олон улсад гарч буй эдийн засгийн хямрал манай хөрш орнууд руу чиглээд байгаа нь бидэнд тийм ч таатай нөлөөлөл үзүүлэхгүй гэдгийг эдийн засагчид анхааруулж байгаа билээ. Юутай ч ирэх оны төсвийг боловсруулахдаа Засгийн газар нэгдсэн төсвийн орлогын гурав ба түүнээс дээш хувийг бүрдүүлэх гол нэр төрлийн эрдэс баялгийн үнийг тэнцвэржүүлсэн үнээр тооцсоноор эрдэс баялгийн үнийн хэлбэлзлийн улмаас төсөвт үзүүлж болзошгүй эрсдэлийг бууруулах юм байна.

Улмаар гол эрдэс бүтээгдэхүүний зах зээлийн үнэ ба тэнцвэржүүлсэн үнийн зөрүүгээс орох орлогыг Тогтворжуулалтын санд төвлөрүүлэхээр болжээ. Зарим стратегийн ордуудын хөрөнгө оруулалтын гэрээг эргэн авч үзэж, гэрээнд өөрчлөлт оруулах замаар ирэх онд нийт 445.8 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлнэ гэж тооцсон байна. Ирэх онд улсын халаас хэр бэлтэй байх нь вэ гэдэг одоо хэлэлцэж байгаа төсвөөс харагдаж байна.

Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 2012 оны төсвийн тодотголоос 1,558 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн 7,088.3 тэрбум төгрөгт хүргэхээр төсөвлөжээ. 2013 оны Нэгдсэн төсвийн урсгал зарлага нийт 4,859.4 тэрбум төгрөг байхаар тооцсон байна. Ингэснээр ирэх оны нэгдсэн төсвийн урсгал зарлага 2012 оноос 253.1 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Хүний хөгжил санд 2013 онд нийт 621.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрөх, 284.2 тэрбум төгрөгийн зарлага санхүүжүүлж, 95.3 тэрбум төгрөгийн урьдчилгаа төлбөрийн өглөг, 192.1 тэрбум төгрөгийн Засгийн газрын дотоод зээлийн өглөгийг барагдуулахаар тус тус тооцож төсвийн төслийг боловсруулжээ. Ирэх оны төсөвт өмнөх жилүүдийг бодвол хөрөнгө оруулалт багассан гэж хууль боловсруулагчид ярьж байгаа. Гэхдээ Засгийн газраас ирэх оны төсвийг боловсруулахдаа оновчтой хөрөнгө оруулалт гэдэг үгийг онцлон оруулж иржээ. Энэ нь зарим хөрөнгө оруулалт жил дамнан сунжирдаг байсныг зогсоож, тухайн жилдээ гүйцэтгэж байх бодлого барьж байгаа юм байна. Тухайлбал, Барилгыг нэг жилийн дотор барьж гүйцэтгэхээр болсон байна.

Өмнө нь төсөвт өртөг нь хоёр тэрбум гэж бодоход энэ жил 500 саяыг дараа жил бас тодорхой хэмжээний мөнгийг гэдэг юм уу, төсөвтөө тааруулж, барилга барьдаг байсан бол энэ жилийн төсөвт суулгаснаар барилгыг нэг жилийн дотор гүйцэтгэх, барилга барихад бэлэн хөрөнгө оруулалтыг хийж байгаа юм. Нэг барилгыг 34 жил барьдаг байсан бол одоо нэг жил барих шаардлагын дагуу хөрөнгө оруулалтыг сайтар нягталж, судалсны үндсэн дээр хөрөнгө оруулалтаа зохицуулжээ. Зураг төсөв батлагдсан, газрын маргаангүй барихад бэлэн буюу тендер зарлагдахад бэлэн болсон барилгад хөрөнгө оруулалтыг суулгасан аж. Мөн энэ удаагийн төсвийн төслөөр Монгол Улсын Ерөнхий сайдын багц мөнгө зарцуулалт нь тодорхойгүй байна гэх шүүмжлэл гараад байгаа.

Төрийн алба өнөөдөр нийтийн алба болж байгаатай холбоотой төрийн алба нийтэд үйлчлэх обьект, орон тоо, тоног төхөөрөмж зайлшгүй шаардлагатай болж байгаа юм. Тухайлбал, 11-11 төвийг байгуулж, иргэдээ сонсч, түүнд хариулт өгдөг боллоо. Гэх мэтчилэн Засгийн газрын гишүүд мэдэж байсан учраас яаралтай ажил хийх ёстой гэдэг үүднээс багцаар нь оруулж ирсэн юм. Гэхдээ УИХ-ын чуулганы хуралдаанд Төсвийн төслийн хэлэлцүүлгийн үед задаргааг танилцуулах юм байна.

Ирэх оны төсвийн асуудлаар гишүүдийн байр суурийг сонсоход УИХ-ын гишүүн Су.Батболд, “2010 оны УИХ-ын Үндэсний аюулгүй байдлын баримтлалын Эдийн засгийн аюулгүй байдлын заалтад гадаадаас авч байгаа гадаадаас авч буй зээлийг эргэн төлөгдөх, баялаг бүтээх буюу эргэн төлөгдөх нийгмийн салбарт зарцуулна гэсэн байгаа юм. Эргэн төлөгдөхгүй нийгмийн салбарт
хөрөнгө оруулбал улс оронд өрийн дарамт үүснэ. Одоогоор үр ашигтай, ашиггүйгээр нь зааглаж байгаа зүйл нь эргээд баялаг бүтээх үр ашигтай салбар юм. Баялаг бүтээж байгаа салбарын аль нь илүү үр ашигтай гэдгийг тооцоо судалгаан дээр үндэслэж гаргах ёстой зүйл. Хэн нэг нь цээжээрээ энэ нь ашигтай гэж яриад байвал ямар нэг буруу зүйл явж байна л гэсэн үг.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Сүүлийн жилүүдэд уул уурхайн том орд газруудаа эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбоотойгоор төсөв их тэлж байгаа. Нэмэгдэж байгаа энэ төсвийг зөвхөн уул уурхайгаас хамааралтай хараат энэ төсөв их эмзэг гэдэг нь дэлхийн эдийн засаг бага зэрэг өөрчлөхөд мэдрэгдэж байна. Цаашдаа ч эдийн засаг хямрах, ялангуяа урд, хойд хоёр хөршийн эдийн засгийн өсөлт саарах, буурах төлөвтэй байгаа үед илүү мэдрэгдэж байгааг бүгд мэдэж байна. Мөн манайх шиг уул уурхайн бүтээгдэхүүнээ өртгийн татваргүйгээр шууд олборлон гаргадаг, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгож чадахгүй явж ирсэнтэй холбоотой төсөв батлагдаад байна. Уул уурхайн орлогыг тусгай санд төвлөрүүлээд улс төрийн хүчний амлалтыг биелүүлдэг энэ төсвөөс салах хэрэгтэй гэсэн байр суурьтай байдаг. Гэтэл энэ алдаа мөн 2013 оны Төсөв дээр давтагдахаар байна. Өмнө нь олонхоор хүч түрэн шийдэж, төсвийн зүйл заалт тодорхойгүй, өөрчлөлт хийж чадаагүй. Хамгийн чухал нь төсвийн зарцуулалт, гүйцэтгэл нь тодорхой байх ёстой. Энэ удаагийн төсөвт тодорхойгүй зүйлүүд олон байна.

Тухайлбал, Ерөнхий сайдын 50 тэрбум, шинэчлэлийн Засгийн газрын зардал 31 тэрбумыг хэрхэн яаж, зарцуулах нь тодорхойгүй байна. Зөвхөн Ерөнхий сайдынх бус яамдын сайд нарын багцад хэдэн тэрбумын зарцуулалт нь тодорхойгүйгээр оруулсан нь жинхэнэ үрэлгэн төсөв батлагдах нь гэж харж байна шүү. Ийн гишүүд байр сууриа илэрхийлж байсан. Гишүүд ирэх оны төсвийн төсөлд нэлээд шүүмжлэлтэй хандаж байгаа нь харагдсан. Ер нь төсвийн хөрөнгө оруулалтаас илүүтэй зарлагын задаргааг сонирхож байгаа гишүүд олон байна лээ. Зарлагын зарцуулалтыг тодорхой гаргахгүй бол үрэлгэн төсөв болно гэх гишүүд ч байлаа.
Харин шинээр байгуулагдсан парламент МАН-ын бүлгийг албан ёсоор байгуулахгүй бол ирэх оны төсөв хугацаандаа батлагдах эсэх нь эргэлзээтэй.

Юутай ч Ерөнхийлөгч энэ асуудлаар хууль санаачлан өргөн барьсан болохоор чуулган дахин гацахгүй биз ээ. Энэ удаагийн холимог системээр байгуулагдсан шинэ парламентын анхны намрын чуулганаар хэлэлцэгдэж байгаагаараа онцлогтой. Тиймээс өмнөх парламентуудын үед давтагддаг байсан тойрог тойрогтоо төсөв хуваарилах гэж хошуурдаг гишүүдийн ил улстөржилт энэ удаад саармагжсан байна лээ. Учир нь намын жагсаалтаар сонгогдсон гишүүд тойргийн төсөвт хүч нэмж байгаа тал анзаарагдсангүй. Энэ долоо хоногт төсвийн гурав дахь хэлэлцүүлгийг өрнүүлнэ. Жил бүрийн 12 дугаар сарын нэгэнд батлагддаг байсан ирэх оны төсвийг шинэчилсэн хуулиар 11 дүгээр сарын 15-нд батлахаар хууль боловсруулагчид яаравчилж байна.

Төсвийн төслөөс харахад төсөв жил бүр орлого нэмэгдэж, тэр дундаа ерөнхийлөн захирагч нарын төсөв зузаарч байгаа ч иргэдийн худалдан авах чадвар багасч, хэрэглээгээ хумьсаар байна. Учир нь жилээр бус cap, улирлын онцлогоос шалтгаалж өргөн хэрэглээний бараанаас эхлээд орон сууцны үнэ ханш тухайн жилийн төсөвт гүйцэгдэхгүйгээр нэмэгдэж байна. Ирэх онд цалин тэтгэвэр нэмэгдэхгүй, харин бараа таваарын үнэ ханш төрд захирагдахгүйгээр зах зээлийн хуулиараа нэмэгдээд талийж өгөх нь тодорхой. Ингээд л төрийн төсөв данхайж, өрхийн төсөв хумигдах цаг айсуй.

Н.Энхбат 

Улаанбаатар таймс
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш