logo
2003 онд БНХАУ-д газар өгсөн гэв үү

2003 онд БНХАУ-д газар өгсөн гэв үү

2012/11/01
2003 онд БНХАУ-тай хилийг шинэчлэн тогтоосон баримтыг олон нийтэд ил болгохыг шаардаж байна

Монгол Улсын нутаг дэвс­гэрийн хэмжээг дэлхийн түгээ­мэл нэвтэрхий толь, лавлах бич­гүүдэд 1 564 116 км2 хэмээн НҮБ-д бүртгэлтэй албан ёсны хэм­жээнээс /1566 500 км2/ 2383 км2-аар багасгаж оруулах бол­сон нь жилийн өмнөөс хэв­лэл мэдээллийн хэрэгслээр хөн­дөгдсөөр ирсэн билээ. Хэ­зээ орсон нь үл мэдэгдэх энэ өөрч­лөлтийн талаар хай­хад то­дор­хой мэдээлэл олдсон­гүй. Ямартай ч Wikipedia.org, mapsofworld.com болон бу­сад сай­тад Монголыг 1 564 116 км2 нутагтай хэмээн бич­сэн бай­на. Харамсалтай нь, ма­най Монголын сайтууд хүр­тэл дээрх мэдээллийг шууд хуулж тавьцгааж байгаа юм. Хил хамгаалах газрын хо­шууч Ц.Энхбат энэ талаар хэв­­лэлд өгсөн ярилцлагадаа “Ма­най улсыг албан ёсоор 1.566.600 км2 газар нутагтай гэж тодорхойлсон байдаг. Олон улсын сайтад янз бүрээр тэм­дэглэ­сэн байх. Тиймээс ту­хайн сайт, олон улсын хол­богдох байгууллагуудад ал­бан бичгээр тодорхой тоо ба­рим­тыг хавсарган илгээж өөрч­лүүл­дэг” хэмээн өгүүлжээ. Гэвч манай хил хамгаалах бай­гууллага мэдээлэл авсан хэр­нээ өөрчлүүлэх талаар юу ч хийсэнгүй. “1 564 116 км2” гэсэн тоо Монгол Улсын ну­таг дэвсгэрийн хэмжээг илэр­­хийлсээр байна. Албан ёс­­ны эх сурвалжийн үгэнд ит­гээд сайтууд алдаа гаргах үе байдаг гээд өнгөрье. Гэтэл хил хязгаарын зурвасыг хүр­тэл багасгаж мэдээлнэ гэж байх уу. Ц.Энхбат хурандаа дээр дурьдсан хэвлэлд өгсөн тайл­­бартаа “Манай улсын хи­лийн нийт урт 8252.658 км” гэ­­жээ. Гэтэл ихэнх мэдээлэлд Мон­гол Улсын хилийн уртыг 8158 км, үүний 3485 км нь Оросын Холбоот Улстай , 4673 км Хятад улстай залгана гэж бичсэн байна. Албан ёсны эх сур­валжийн өгсөн мэдээллээс 1000 шахам километрээр “сох ду­таж” байгаа биз. Энэ сэдэв дээр хоёр ху­вилбар дэвшүүлэх гээд үзье. Нэгдүгээрт, үнэ­хээр л сайтууд худлаа мэ­дээлсэн, Монгол Улсын хил хязгаар бүрэн бүтнээрээ бай­гаа гэж. Энэ тохиолдолд дээр дурьдсанчлан, холбогдох бай­гуул­лагууд ташаа мэдээлэл ца­цаж байгаа гадна дотны сай­туудтай харьцах ёстой ч энэ үүргээ биелүүлсэнгүй. Хоёр дахь нь батлахад их хүнд. “Монгол Улс үнэхээр га­зар нутгаа алдчихсан” гэж. Эрх баригчид үнэхээр га­зар нут­гаа БНХАУ-д тавьж туучи­хаад мэдээллийг нууцалж бай­гаа юм биш биз. Монгол Улс хамгийн сүүлд 2003 онд БНХАУ-тай хилээ шинэчилсэн. Бид өмнө нь урд хөрштэй хи­лээ шинэчлэн тогтоохдоо дан­даа ал­даж байсан. Хоёр улс 1950 онд дипломат харилцаа тог­тоос­­ноосоо хойш хил хязгаараа ши­нэчлэх талаар хэлэлцээр хийж эхэлсэн бөгөөд энэ ажил маш хүнд нөхцөлд явагддаг байж. Аж­лын хэсэг хоорондоо мар­гал­даж, зарим үед буу гаргах ч тохиолдол байсан гэж уг аж­лын хэсгийн гишүүд хожим нь дурс­сан байдаг юм билээ.

Манай улс хамгийн сүүлд 2002 онд ОХУ-тай, 2003 онд БНХАУ-тай хил хязгаараа ши­нэчилсэн. Энд БНХАУ-ын ба­­­римталж байгаа бодлого илэр­­­­сэн байж болно. Чөлөөт нэв­­­тэр­хий толь Википедиад БНХАУ-ын газар нутгийг “9,640,821 km2”,  “9,671,018 km²” гэж хоёр янзаар бичсэн бай­гаа /мэ­дээлэл хайсан хүн бүр ша­­хуу Ви­кипедиад ордог нь уг сайт дээрх ташаа мэдээллийг нэн даруй устгах, өөрчлөх шаард­лагатайг харуулж байгаа юм/. Зөрүү 30 гаруй мянган км2 нь маргаантай байгаа газар нутаг гэж ойлгогдож байна. Тус улс сүүлийн жилүүдэд маргаантай газар нутгаа буцааж авах бод­лого барьж байгаа.
Олдож байгаа мэдээллээр, хам­гийн сүүлд 2010 онд Тажи­кис­таны газар нутгаас өөртөө нэгт­гэсэн. /“Тажикистаны Пар­ламент “Хятадтай маргаантай бай­даг зүүн бүс нутгийнхаа 3 хувь, эсвэл 1000 км2 газар нут­гийг БНХАУ-д шилжүүлэн өгөх ту­хай” тогтоолыг баталжээ. Тог­тоолын дагуу газар нутгийнхаа хи­­лийг шинээр тогтоох юм бай­на. Тажикистаны Га­даад ха­­рилцааны яамны мэдээлс­нээр, БНХАУ-тай үүсгэсэн га­зар нутгийн энэ маргаан бүр XIX зууны сүүлээс үүдэлтэй юм байна. БНХАУ эхлээд Хаант Орос улс, хожим нь ЗХУ-тай заргалдсаар одоо заргаа авч байгаа нь энэ ажээ” /“Монголын мэдээ” сонин, 2011 он/”. Үүнээс өмнө ОХУ-аас хоёр арлыг мөн мэдэлдээ шилжүүлсэн юм. /“Ерөнхийлөгч асан Владимир Путин удаан хүсэн хүлээсний эцэст БНХАУ-ын дарга Ху Жинтаог 2004 оны аравдугаар сарын 14-нд “Сайн хөршийн ха­рилцааг хөгжүүлэх санамж би­чиг”-т гарын үсэг зуруулж чад­сан. Гэтэл үүний дараа болсон хоёр улсын хилийг шинэчлэн тог­тоох ажиллагааны үеэр ОХУ 337 км кв. талбайтай  Ар­гунь Читийн хязгаарын Том, Тарабаров хэмээх арлаа Хя­тадад шилжүүлж өгсөн билээ” “Мон­голын мэдээ” сонин, 2010 оны 09 дүгээр сарын 1-ний №3000-д/.
БНХАУ нь БНАСАУ, ОХУ, Мон­гол, Казахстан, Киргизс­тан, Тажикистан, Афганистан, Па­кистан, Энэтхэг, Балба, Бу­тан, Мьянма, Лаос, Вьетнам гэ­сэн 14 улстай хиллэдэг бөгөөд ихэнх­тэй нь газар нутгийн мар­гаан­тай. Хилээ шинэчлэхээр яриа хэлэлцээрийг өрнүүлж бай­­гаа. Усан хилээр л гэхэд Япон­­той ямар асуудал үүсгээд бай­гаа билээ.
Хамгийн гол нь бид мэдээлэл ямар хүчтэй зэвсэг болсныг мэдэрч, бусад улстай өөрийнхөө хэмжээнд мэдээллээрээ дайтах ёстой. Сүүлийн үед Монголын газар нутгийг БНХАУ-ын хилд оруулж зурсан, Монгол Улс нь БНХАУ-ын нэг хэсэг байсан мэт мэдээлэл ихээр цацагдах бол­лоо. Хятадын сурах бичигт иймэрхүү утгатай түүхийг гуй­вуулсан хичээл орж байна гэ­сэн гомдол ч ихээр гарах бол­сон. Бодлого нь маш нарийн олон жилийн турш явагддаг гео­по­литикийн шинжлэх ухаанд үүнийг “Дасгах үйл ажиллагаа” гэж нэрлэдэг юм байна. СГЗ Г.Жамьян гуайн нийтлэлд үүнийг “Ирээдүйн бодлогоо хувь хүнээр дамжуулан гар­гаж “дас­гах” явдал түүхэнд олон­­таа гарчээ. Ийм “дасгах” үйл ажил­лагаа сүүлдээ, хэдэн ар­ван жи­лийн дараа ч юм уу, хэдэн зуун жилийн дараа хэлэлцээний ши­рээнд суухад хүргэдэг, эсвэл хүч хэрэглэж цус урсахад хүрд­гийг түүх харуулсаар байгаа” хэ­­мээн голыг нь олж хэлсэн бай­на.
Монгол Улс хэчнээн хэмжээ­ний газар нутагтай, хил хязгаар нь хэчнээн км үргэлжилдэг зэ­рэг нь тийм ч нууц биш, хүн бүрийн мэдэж байх ёстой асуу­дал. Энэ мэдээллийг олон ний­тэд дэлгэх цаг нь бол­сон. 2003 оны газар нутгийг шинэчлэн тог­тооход яг юу болсон юм бол. Өмнө байсан чигээр нь үлдээх байсан бол шинэчлэх шаардлага юун. Гэтэл өмнө нь шинэчлэх болгонд манай газар нутгаас ха­сагдсан бай­даг. Монгол Ул­сын газар ну­таг 1 566 500 км2 уу, 1 564 116 юу. НҮБ-ын албан ёс­ны сай­таас мэдээлэл авах гэ­сэн бо­ловч засвартай гээд хаагд­чи­хаж. Нээгдсэнийх нь да­раа л орж үзэхээс. Арай “1 564 116” гэсэн тоо дурайж байх юм биш байгаа. Арай ч үгүй байл­гүй дээ…

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш