logo
Оюутнууд 70000 төгрөгөө хэрхэн зарцуулдаг вэ??

Оюутнууд 70000 төгрөгөө хэрхэн зарцуулдаг вэ??

2012/11/03

Улс орныг хөгжүүлэх хөшүүрэг болсон залуу боловсон хүчнийг бэлтгэх, тэдний орчин нөхцлийг сайжруулж, олон боломжоор хангах тухайд төрөөс багагүй анхаарч байна. Намрын намарт толгойны өвчин болсон сургалтын төлбөрийг төрийн сангаас буцалтгүй тусламжаар өгөх, “Хүний хөгжил сан”-гаас сургалтын төлбөрт нь 500 мянгыг зориулах, бас дээрээс нь нийтийн тээврийн хэрэгслээр үнэгүй зорчих эрх гээд чамлахааргүй тусламж, дэмжлэгийг өгч байна. 

Cap бүр олгодог 70000 төгрөг ч бас үдийн цай, өдрийн хуушуур, ном сурах бичгийн үнэ, хураамж хандивын мөнгө, хүнс хоолны мөнгө гээд байнгын халаасны мөнгө эцэг эхээсээ нэхэж шаналгаж байсан тэдэнд тус дөхөм болсон нь мэдээж. Гэхдээ оюутнууд сүүлийн 20 жилийг амаргүй амьдралаар үдсэн. Сурах хүсэл байвч үнэ төлбөрийг дийлэхгүйгээс сургуулиа орхих, сурахын хажуугаар эрчүүд нь энд тэндхийн зах бараадаж, аар саар ажилд нухлагдаж, эмэгтэйчүүд зөөгч бармен гэхчлэн хөдөлмөр хийж, сэтгэл санаа, бие махбодио мөлжүүлж, хулхидуулсан нь цөөнгүй. 

Харин монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар монголын их дээд сургуульд сурч байгаа оюутнуудад cap бүр 70200 төгрөгийн дэмжлэгийг үзүүлээд нэг жил болж байна. Манай аймгийн хэмжээнд хоёр дээд сургууль, гурван Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд 3400 орчим мэргэжилтэн бэлтгэгдэж байна МУБИС- ийн харъяа Багшийн сургууль  гэхэд 1700 орчим, Гурвантамир дээд сургууль 250 орчим оюутан суралцаж байгаа бол Архангай МСҮТ-д 691, Булган МСҮТ-д 485, Гурвантамир МСҮТ-д 60, “Уранхангай” дэд бүтэц МСҮТ-д 253 суралцагсад байна. 

Зөвхөн Багшийн сургууль, Гурвантамир дээд сургуульд суралцагсад улсаас жилдээ дор хаяж 1 тэрбум 630 гаруй сая төгрөгийг өгч байгаа бол аймгийн төвийн нийт МСҮТ-д сурч байгаа залууст жилдээ доод тал нь 7 орчим тэрбум төгрөгийг дэмжлэг болгон өгч байна.Харин эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах ирээдүйн боловсон хүчнүүд маань дээрх тусламж дэмжлэгийг сурч боловсрох их үйлсэд бус зугаа цэнгэлд зарцуулаад байна уу даа гэх хар төрөх боллоо.Учир нь сарын эцэс болохоор барнуудын ачаалал ихэсдэг тухай зарим рөсторан, барнуудын ачаалалдаа дарагдсан барменууд хэлж байсан юм. 

Ялангуяа Баасан гаригт залуус хэсэг бүлгээрээ нийлж, архидан согтуурах нь элбэг болсон гэнэ. Гэхдээ сүүлийн үед оюутнууд шөнө оройн цагаар хэсүүчлэх нь багассан гэж Цагдаагийн газрын олон нийттэй харилцах ахлах байцаагч, цагдаагийн хошууч Э.Цэрэндолгор ярьж байна. Тэтгэлгээрээ    “шоудсан” нэгнээсээ болж, ном худалдан авсан заримынх нь нэр хүнд давхар унаж буйг ч үгүйсгэх аргагүй юм. 

Багшийн сургуулийн байранд амьдардаг хэсэг оюутнууд үүнийг баталж байна. №328 тоот тасгийн дөрвөн оюутан далан мянгаасаа нийлүүлж байгаад зах дээрээс хонь авч иджээ. Тус тасгийнбас нэг оюутан сарын далан мянгаа цуглуулж байгаад хувцас, хичээлийн хэрэгсэл авсан байна. Сургуулийн номын санд сууж байсан бас хоёр оюутан сарын цалингаараа ломбарданд тавьсан ээмгээ авснаа ч нуусангүй. 

Нэгэнт зарцуулах эрх нь байгаа юм чинь юу хийх нь тэдний хэрэг. Гэхдээ элдэв шоу цэнгээнд үрэлгүй сурч боловсрохдоо, амьдрал ахуйдаа хэрэг болохуйц зүйлд нэмэрлэвэл төрөөс хишиг хүртээсний, түүнийг авсны хэрэг зорилго биелэх учиртай. Нэг талаар тухайн оюутны ухамсрын асуудал гэж ойлгожболох ч нөгөө талаар аймагт залууст цөлөөт цагаа өнгөрүүлэх орчин нөхцөл байхгүйгээс ч үүдэлтэй гэж үзэх үндэстэй юм. 

Уг нь хил залгаа бусад аймгуудад хүүхэд, залуучуудад зориулсан ордонг байгуулж, тэднийг төрөл бүрийн спорт, урлагаар хөгжүүлэх боломжийг нь бүрдүүлсэн харагддаг. Магадгүй манай аймаг ч бас бусдын жишгээр тэдэнд чөлөөт цагаа өнгөрүүлэх орчныг бүрдүүлчихвэл оюутны архидалт багасч, бас гэмт хэрэгт холбогдох залуусын тоо ч эрс цөөрөх нь дамжиггүй.


Г.Жавар
Эх сурвалж: “Архангайн амьдрал" сонин

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш