logo
Хүүхдийн тархи “хогийн сав” биш

Хүүхдийн тархи “хогийн сав” биш

2012/11/08
Нэгэн хос Оросын нэрт сурган хүмүүжүүлэгч Сухомлинский дээр очоод дөнгөж төрсөн хүүхдээ төгс төгөлдөр, бүх талын авьяастай хүн болгомоор байгаагаа хэлсэн гэдэг.

Харин мань хүн өөдөөс нь “Та нар оройтсон байна. Гэдсэнд байх цагаас нь эхлэх хэрэгтэй” гэж хэлсэн талаар домог мэт яриа байдаг. Яг тэр жишгээр манайхан хүүхдээ бүх талын авьяастай хүн болгох гэж тархийг нь “хогийн сав” болгож байна.

Өнөөдөр дөнгөж зургаан настай хүүхэд англи хэлний сургалттай сургуульд явж, хажуугаар нь элдэв дугуйланд сурч байгаа. Бүжиг, дуу, хөгжим, зураг мэтээр үргэлжилнэ. Спортын элдэв дугуйлан ч тэр дунд багтаж байгаа юм. Дээрээс нь хими, физик, математик зэрэг байгалийн шинжлэх ухаанаас авхуулаад олон төрлийн хэлний дугуйланд явна. Үндсэндээ хүүхэд нь урлаг, спортын бүх талын авьяастай байхаас гадна Англи, Орос, Хятад гээд олон хэл сурч, бүх хичээлдээ онц сурч, олимпиадад түрүүлэх ёстой гэж үздэг эцэг, эх олширсон. Дээрээс нь компьютерийн элдэв программаар даруулна. Ингэж л хүүхдийн тархийг “хогийн сав” болгож байгаа юм даа. Ер нь бол бодит байдал дээр бүх төрлийн урлагийн авьяастай, спортод амжилт гаргадаг, хажуугаар элдэв шинжлэх ухаанаар эрдэмтний зэрэг хамгаалсан, таван хэлээр ярьдаг хүн гэж байхгүй шүү дээ.

Английн алдарт хөлбөмбөгчин Стевен Жерард алаг бөмбөгний хойноос бүхнийг мартан гүйдэг жаал байсан тухайгаа номдоо бичсэн байдаг. Хичээлээ таслаад ч хамаагүй гудамжинд хөлбөмбөг тоглодог байсан гэнэ билээ. Одоо тэр “Ливерпүүл” клуб болон Английн шигшээ багийн ахлагч. Түүнийг энэ дэлхий дээр хэн ч муу хөлбөмбөгчин гэж хэлэхгүй байх. Тэр хүссэндээ хүрч “од” болсон. Холливудад нэрд гарсан Хятадын жүжигчин Жет Ли гэхэд хар багаасаа л тулааны урлагаар хичээллэж байсан гэдэг. Түүний багш нь Жетлийг гэртээ байлгаж, хооллож, тулааны урлагаар хичээллүүлж байсан тухай намтартаа өгүүлсэн байдаг. Тэр бусдаас илүү их хичээж, хоёр дахин их бэлтгэл хийснийхээ ачаар Хятадын ушугийн аваргаар таван удаа тодорч байж.

Улмаар дэлхийд нэрд гарсан жүжигчин болж чадсан. Ийм хэмжээний алдарт хүрэхийн тулд түүнд ганц сурсан тулааны урлаг нь л тус болсон гэдэг. Энэ мэтээр жишээ аваад байвал дуусахгүй. Дэлхийн олон алдартан зөвхөн нэг л зүйлийн төлөө зүтгэж, түүнийгээ өөрийн болгосноор нэрд гарч чадсан. Гэхдээ тэд огт сургуульд сураагүй гэж байгаа юм биш. Зүгээр л хүн нэг л зүйлийн төлөө тууштай тэмцэж, сурч, хичээллэж чадвал түүгээрээ өндөрлөгт хүрч чаддаг жишээг энэ алдартнууд харуулдаг юм. Гэтэл манайхан бүхнийг чаддаг, компьютер шиг хүн болгох гээд, хүүхдийнхээ тархи руу элдэв “хог” чихээд байгаа нь харамсалтай. Яах вэ, хэл сурч болно.

Хүнд хэзээд хэрэг болно. Гэхдээ тухайн хүүхэд юунд илүү авьяастайг харж, тэр талаас нь хөгжүүлэх нь зөв болохоос гайхалтай хөгжим тоглож, дуулдаг, бүжиглэдэг, хажуугаар нь Олимпийн наадамд оролцох хэмжээнд аль нэг спортоор хичээллэдэг, олон хэлээр ярьдаг, шинжлэх ухааны доктор төрүүлнэ гэвэл түүн шиг худлаа зүйл байхгүй.

Харин ч эх хэлний дархлаа сууж, өөрсдийн үзэл баримтлалтай болоогүй байхад нь янз бүрийн гадаад хэл сургаж, элдэв шинжлэх ухаанаар булах нь гог хэлтэн, хагас дутуу мэдлэгтэй хүмүүс гарч ирэх нөхцөл үүсгээд байна. Хагас дутуу мэдэх нь огт мэдэхгүй байхаас ч аюултай гэдэг шүү дээ.

Н.Пунцагболд

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш