Бид хуучин Зөвлөлт Холбоот улс (ЗХУ)-ын Гадаад хэргийн сайд, мөн ЗХУ-аас АНУ-д суух Элчин сайдаар бараг нэгэн жарны турш ажиллаж байсан Оросын нэрт дипломатч Андрей Андреевич Громыкогийн дурсамжаас дэлхийд алдартай улстөрчдийн түүхээс цувралаар сонирхуулж байгаа билээ.
Ж.Даллес гэж хэн байв?
Энэ нэр дэлхийн нэг, хоёрдугаар дайны үед болон дайны дараахь Америкийн түүхтэй салшгүй холбоотой юм. Америкчууд “Хэрэв Даллес байгаагүй бол америкчууд түүнийг бүтээх л байсан” хэмээн ёжолдог нь ёстой мэргэн илэрхийлэл гэлтэй. Шашны үзлийг түгээн дэлгэрүүлэгчийн гэрт төрсөн Жон Фостер Даллес хуулийн боловсрол эзэмшсэн нэгэн байв.
Ээжийнх нь өвөө Жон Уотсон Даллес 1892- 1989 онд АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байв. Харин Ж. Фостер Даллесийн хувьд 19-тэйдөө 1907 оны Гаагийн Энхтайвны хуралд Америкийн төлөөлөгчдийн нарийн бичгээр, 1919 оны Версалийн гэрээнд мөн АНУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд зөвлөхөөр оролцож түүний дипломат үйл ажиллагаа эхэлж байв.
Версалийн гэрээний үеэр хэдий залуу ч гэсэн тэрээр нэлээд үүрэг рольтой оролцож, хожмоо “Дауэсийн төлөвлөгөө” гэгчийн гол зохиогч болсон бөгөөд чухам тэр үеэс барууныхны зүгээс Германы хүнд үйлдвэрийг сэргээх ажил эхэлж, аравхан хэдэн жилийн дараа тэрхүү аж үйлдвэрийг Гитлер дэлхийн дайн үүсгэхэд хэрэглэсэн түүхтэй билээ.
Нэг талаар хуульч, шашны зүтгэлтэн, нөгөө талаас улстөрч, дипломатч Даллес үнэн хэрэгтэй бас хажуугаар нь Америкийн томоохон саятан бизнесч байв. Тэрээр “Нью-Йорк сити банк” зэрэг АНУ-ын томоохон үйлдвэр, банкны зөвлөлийн гишүүн, тэрбумтнуудыг нэгтгэдэг “Салливен энд Кромвелл" хэмээх өмгөөллийн томоохон фирмийг толгойлж байв.
АНУ-ын харгис үзэлт Чарлз Линдбергийн байгуулсан “Юуны өмнө Америк!” гэсэн хагас фашист байгууллага энэ фирмийн гишүүн байсан бөгөөд Даллес хожим эхнэрийн хамт уг байгууллагад их хэмжээний хандив өргөж байсан гэдэг. Өөрөө баян, мөнгө хийгч байсны хувьд тэрээр төрийн шат ахих алхам бүртээ Америкийн мөнгө санхүүгийн томоохон бүлэглэлийн эрх ашгийг тууштай хамгаалагч нэгэн байв.
1941 онд Даллес АНУ-ын Христийн сүм хийдийн Олон улсын нийгэмлэгийн Үндэсний зөвлөлийн даргаар сонгогдож, 1944 онд Нью-Йоркийн хуульчдийн нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч, энэ байгууллагын олон улсын эрхийн дарга болж байв. Энэ мэтээр Ерөнхийлөгч Д.Эйзенхауэрын засаглалын үед АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан энэ хүний намтар Америкийн олон жилийн гадаад бодлого, дипломат үйл ажиллагаатай салшгүй холбоотой байдаг учраас хэн хүний сонирхол, анхаарлын гадна байдаггүй юм.
Сонжсон нь
... 1959 оны зун ЗХУ, АНУ, Англи, Франц гэсэн дөрвөн орны Гадаад хэргийн сайд нар Женевт уулзсан юм. Германы асуудпаар цугларсан нь тэр. Гэтэл гэнэт хар мэдээ ирж, Жон Фостер Даллас нас барсныг дуулгалаа. Женевийн уулзалтад оролцогсод бараг бүгд тэндээсээ Америкийн Төрийн нарийн бичгийн даргыг оршуулах ажиллагаанд оролцохоор Вашигтон руу шууд нисцгээсэн юм.
Америкчуудтай хамт нэг нисэх онгоцонд суусан миний өмнөх суудалд Даллесын оронд хэдхэн цагийн дараа АНУ- ын Төрийн нарийн бичгийн дарга болох Кристиан Гертер сууж явлаа. Атлантын далайн дунд хэрд нисч явах үед над руу АНУ-ын тэр үеийн Батлан хамгаалах яамны сайд Нэйль Макэлрой хандан: -Ноён Громыко, тантай зэрэгцэн сууж болох уу, ганц хоёр ярилцах зүйл байна гэсээр дөхөж ирэв.
Би ч, Америкийн Батлан хамгаалахын сайдад мэдээж энгийн яриа гэж байхгүй дээ хэмээн дотроо бодож суулаа. Тэгээд ч онгоцон дотор Америкийн дээд хэмжээний албаныхан байхад сайд өөрийн сайн дураар над дээр ирээгүй нь ойлгомжтой хэмээн бодон:
-Тэгэлгүй яахав, би бэлэн гэв. Тэрээр ихэд гавшгай байдлаар яриа өдөөн “Та шар аюулын талаар ямар бодолтой байна вэ? хэмээн асуунгаа (тухайн үед Хятадыг баруунд ингэж нэрлэж байв) яриагаа угсруулан үргэлжлүүлж: -“Шар аюул” бидний хаяанд ирээд байна, ноён Громыко! Энэ аюул одоо тоохгүй байхын аргагүй улам томорсоор байна.
Үүнийг бид тооцож, Хятадын эсрэг хамтдаа тэмцэх цаг болсон биш үү хэмээн нэлээд махрангуй байдлаар учирлахыг хичээж байв. Би ч дотроо “Энэ одоо хаашаа хэнийг шахаад байгаа юм бэ” хэмээн бодон түүний үгийг сонсон дуугүй суув. Макэлрой сая нэг яриагаа зогсоон, түүний хэлсэн үг ямар реакц дагуулж буйг мэдэхийг хичээв бололтой.
Үнэндээ тухайн үед Хятад, Оросын харилцаа хэцүү байсан. Олон зүйл дээр бидний харилцаа тэг болоод байсан үе юм. Макэлройг сонссоны эцэст би “Та бидэнд, Америк, Орос хоёрт Европ тивд аюулгүй байдлыг сахин хамгаалах тал дээр хоёр орны харилцааг сайжруулах гэсэн нэг л том зорилт байгаа шүү дээ. Түүнээс өөр юм одоогоор алга” гэсэн хариу барьж билээ.
Макэлройд миний хариулт учир дутагдалтай санагдсан учир тэрээр бууж өгөлгүй “Гэсэн хэдий ч бидэнд энэ чиглэлд хэн хэнд бодох хэрэгтэй болж. Энэ бол том асуудал шүү” гэснээр бидний яриа өндөрлөж билээ. Вашигтоны удирдлагын дагуу надтай яриа өдөөсөн Макэлройгын сонжсон үгийг би тэр даруй Москва руу Хрущев руу мэдээлсэн юм. Тэрээр “Америкийн Батлан хамгаалын сайдад өгсөн Таны хариу зөв. Энэ асуудал руу эргэн ороод хэрэггүй” гэж билээ.
Нууц уулзалт
1949 оны аравдугаар сарын 1-нд БНХАУ байгуулагдсны дараахан Хятадын тал ЗХУ, БНХАУ-ын хооронд байгуулах хамтын ажиллагааны гэрээг ёсчлон гарын үсэг зурахыг хичээж байлаа. Уг хэлэлцээрээр Хятадын баруун хойд муж Синьжяньд “Совкитнефть”, “Совкитметалл” гэсэн хоёр талаас хувь нийлүүлсэн хамтарсан нийгэмлэг байгуулахаар тохиролцоод байсан юм.
Дээрх хэлэлцээрийг эцэслэн дуусгахаар миний бие ЗХУ-ын төлөөлөгчдийг ахлан Бээжинд очсон юм. Хятадын талаас Синьжянийн удирдагч Сайфуддин толгойлж байв. Хэд хэдэн уулзалтын дараа Хятадын тал гэнэт байр сууриа өөрчилж билээ. Энэ талаар би Москвад мэдэгдэхэд Сталин дорнодын их хөрш бидэнтэй хамтран ажиллах сонирхолгүй юм байна гэдгийг ойлгож, энэ талаар шулуухан хэлж байв.
Хятадын талын энэ эрс тэс байр суурийг харгалзан Зөвлөлтийн тал ч гэрээндээ засвар оруулан, тэр үеэс хоёр орны харилцаанд сэв сууж эхэлсэн гэхэд болно.
Үүний дараахан Мао Зедун 1957 онд Москвад айлчилсан. Энэ үеэр ч харилцаа хөндий байсан бөгөөд хоёр орны хамтын ажиллагаа гэхээсээ илүү зөвхөн БНХАУ-ыг НҮБ-д элсэх эрх олгоход туслах тухай л хөндөж, уулзалт, айлчлал энэ ярианаас хэтрээгүй юм.
Харин дараа жил буюу 1958 онд миний бие Хятадын их удирдагчтай Бээжинд уулзах завшаан тохиолдсон бөгөөд Зөвлөлтийн тал дэлхийн улс төрийн байдал, ялангуяа Америкийн талаархи Мао Зедуны байр суурийг сонсох үүднээс намайг тийш илгээж, Хятадын тал ч энэ урилгыг ихэд тааламжтай хүлээн авч билээ. Ингээд ямар ч хэвлэлийн мэдээ гаргалгүй Бээжинг зорьсон юм.
Тэгэхэд Вьетнам, Солонгосын хойгийн асуудал зэргээр Алс Дорнодод байдал хурцдах шинжтэй, АНУ- ын тал “өөрийн аюулгүй байдлыг хангах” гэдэг нэрийдлээр Тайвань дахь байр сууриа илэрхийлж байсан үе юм. Тиймээс хятадууд мөн өөрийн эрх ашгийн үүднээс хойд хөршийнхөө урилгыг хүлээн авахаас өөргүй байлаа. Мао Зедун бид хоёрын уулзалтын сэдэв ч энэ талаар голлон өрнөж, тэрээр Америкийн байр суурийн эсрэг буулт хийхээсээ илүү хурц хандах ёстой гэсэн саналаа илэрхийлж байлаа...
Орчуулсан Б.Болд
Эх сурвалж: “Бизнес Таймс”