Интернет дээр "байлдаж" тоглож байтал ах гаднаас орж ирлээ. Надаас хэдэн жилийн өмнө дээд сургууль төгссөн юм. Надаас илүү гарах юм байхгүй, бас "ажилгүйчүүдийн" эгнээнийх. Хийдэг ажил нь "агаарын наймаа" хийж "үлээнэ". "Хотын төвд байрлалтай барилга барих зориулалтын газар байна" гэж зална. Уул нь тэр газар байх нь байгаа. Мопед ч байхгүй манай ахад газар байтугай жууцай тарих ам дөрвөлжин талбай ойр хавийн уулын аманд ч байхгүй.
Мань хүн амаараа л наймаа хийнэ. Үүнийг нь л "агаарын" гэж нэрлээд байгаа хэрэг. Эртээдхэн нэг "уурхай" зарна гээд тууж явсан. Зарсан эсэхий нь мэдэхгүй л дээ. Тэгэхдээ бас хоосонгүй, "амаараа" л ямар ч байсан "хоолоо" олж идээд байгаа зайтай гар даа. Хоосон цээж гэж бодож явсан чинь үгүй юм билээ, сүүлийн үед "агаарын наймаа " нь онож буудаад овоо дориун орлоготой байгаа. Нэг цэцэрлэгийн хашаан доторхи тоглоомын талбайн газрыг зарж орхисоныг би сайн мэднэ.
Тэр газрын эзэн нь цэцэрлэгийн эрхлэгчийг "хахуульдаж". Нөгөө эрхлэгч нь газрын албаныг авилгадаж. Газрын алба нь хотын даргын эхнэрийг панаалдаж. Хотын даргын эхнэр боловсрол хариуцсан дэд сайдыг "уярааж"... Нэг ёсондоо газрын мафийн дунд ах хүү жаалсан байгаа юм. Газраа зарахын тулд эзэн олох хэрэгтэй биз дээ. Газрыг зарах эзэнд "хуурамч нэг эзэн"-ий хэрэг болж. Тэр нь түүний найз. Найз нь дүүдээ хэлж. Дүү нь ахад хэлж. Төдөн хувийг шагналд авна гэж хоорондоо тохирчээ. Үнэндээ бол иймээ тиймээ асуудал гарвал ах дээр л "унаж" мэдэхээр. Яагаад гэвэл улаан нүүрээрээ "наймаа" хийсэн хүн шүү дээ. Цагдаад бол цаад хүн нь ахыг л гэрчилж, барьж өгөхөөр юм. Манай хүн тэрийг нь мэддэг ч хэдэн төгрөгний төлөө яахаас ч буцахгүй шинжтэй.
Түрээсний машин унасан ах өгсөн зарынхаа дагуу утасдсан хүн бүртээ ярьж, хоолны газар уригдана. Энэ чинь "хоол"-оо олж идэж байгаа хэрэг биз дээ. Би гэртээ лавшаагаа идээд ах болохоор "шпагетти" идээд... Бурхан ингэж төрсөн ах дүү хоёрын идэх хоолыг дугаарлаж болохгүй биз дээ. Адилхан нэг эхээс төрчихөөд нэг гэрт толгой хоргодож байж, хоёр өөр төрлийн үнэртэй, хоёр өөр төрлийн амттай, хоёр өөр төрлийн үнэтэй хоол идээд байж болно гэж үү? Энэ чинь шударга уу? Нөгөө ардчилсан төр, тэгш эрх чинь хаана байна?...
Ахтайгаа "барьцалдаад" ч яах билээ. Хэдэн төгрөг олбол над руу бас гайгүй юм шидчихдэг их эд ээ манай ах. Наян сараар зарах газрыг зуун мянгад туучихжээ. Ах таван сая, нөгөө найз нь таван сая. Найзынх нь ах арван сая. Эзэн нь хүний гараар цэвэрхэн гэгч нь газраа зарчихлаа. Тэр газрыг дөчин саяар аваад нугалаад арилжчихав аа хөөрхий...
Болж л байгаа биз дээ. Тэгэхэд би дээд мэргэжлийн диплом өвөртөлчихөөд жил гаруй хугацаанд гэртээ компьютерээр "байлдаж" хэвтлээ. Ахтай ярьж "агаарын наймаа" хийдэг ч юм билүү дээ... Ашгүй ах гаднаас орж ирлээ. Машины зогсоол зарчихаад орж ирж байгаа нь тэр л дээ.
-Наймаа давгүй юү. Шар айраг үнэртүүлчихэж. Охидуудтай уугаа юу?
-Овоо шүү. Тавин саяар зарах газрыг далан таван саяд өгчихлөө.
- Мундаг аа миний ах. Надад хэдэн саяыг өгөх гэж байна?
-Чи гэрээс гарч бай л даа. Хамраа гадагш цухуйлгахгүй байсаар хамрын чинь үзүүр үнэр орчихсон байна шүү дээ.
-Ах дандаа хүн явуулж байх юм. Харшилтайг мэдсээр байж... Та надад нэг "газар" олж өг л дөө.
-Болж байна шүү. Зүгээр суухаар зүлгэж суу гэж. Маргааш би чамайг нэг хүн рүү явуулъя. Олигтойхон хувцаслаад, сэргэлэн шиг байж үзээрэй.
-"Том хүн" үү?
-Том том. Засгийн газрын ордонд суудаг юм.
-Та надад тэгээд хоёрхон саяыг өгч байгаа юмуу? Яах гэж ингэж татганаж байдаг юм бэ дээ, ганц дүүдээ...
-Хөөе. Болно. Чи өөрөө маргаашнаас "ажилдаа" ор.
...Ахын зааж өгсөн хүнтэй уулзах гэж хэд хэдэн харуул хамгаалалт давж, арайхийн нүүр тулав. Яг ч жинхэнэ "аварга" нь биш бололтой юм. Бас л наагуур нь ажилладаг "тул" аж. Би дэргэд нь өөшний "чийгийн хорхой " л хавьцаа.... Зарах газар нь юу гэнээ?... Буруу дуулав уу? Манай амьдардаг нийтийн хоёр давхар байшин байх юм. Энэ ч дэндэнээ. Ёстой бусдаараа бууз хуушуур шиг явъя гэж хэлэх минь. Өсөж төрсөн байрыг минь яалаа гэж газрыг нь зарж байгаа юм бэ? Ах үүнийг мэдээд намайг явуулж л дээ... Би гэж час улаан чинжүү шиг юм ах дээр "түймэр" шиг давхиж очлоо.
-Арай ч дээ, ах аа та байрныхаа газрыг зарахыг мэдэж байсан уу? Аав ээж минь энд гучин жил амьдарсан биз дээ. Арай ч дээ, ах аа...
-Тэгээд яагаав? Газарт орж байхгүй юү.
-Юу гэсэн үг ий?...
-Манай байрны ашиглалтын хугацаа нь дууссан. Нэг ёсондоо цоорсон пүүз гэсэн үг. Энэ газрыг нь худалдаад шинэ барилга бариулна. Хоёулаа дундаас нь хэдэн төгрөг унагааж чадвал шинэ байр худалдаж авна. Ах нь хэдэн цаас банкинд хийчихсэн байгаа...
-Тэгэхдээ аав ээж юу гэх юм бол? Ах аа, ноднин жил засвар хийсэн шүү дээ... Би танд нэг л итгэхгүй байна. Та газар зардаг л юм байгаа биз. Өөрийнхөө амьдардаг орон байраа арай ч дээ, ингэж болох уу?
Ах юу ч хэлсэнгүй. Тэгэхдээ түүний харцанд "Битгий тэнэгтээрэй дүү минь. Эх орноо зарсан биш" гэх шиг дээрэнгүй өнгө харагдав.
Даваажавын Эрдэнэмөнх