logo
“Уолл Стрийт”: Монгол улс дахин Путины хиймэл дагуул болох нь

“Уолл Стрийт”: Монгол улс дахин Путины хиймэл дагуул болох нь

2012/11/26
-Оросуудын Монголын уран дахь ашиг сонирхолд АНУ гүнээ зовниж байна-

Монголд атомын цахилгаан станц байгуулахын эхний алхмууд хийгдэж эхэлсэн энэ үед дэлхийн ураны хэрэглээний 32 хувийг дангаараа үйлдвэрлэхээ Намиби улс зарлаж байна.

“Бид бүрэн хүчин чадлаараа үйлдвэрлэвэл 2020 оноос энэ эрдэсээс олох орлогыг 2,6 тэрбумаас 5,3 тэрбум ам.долларт хүргэнэ” хэмээн тэд мэдэгдэв. Өнгөрсөн оны байдлаар тэдний үйлдвэрлэсэн ДНБ 13,7 тэрбум ам.долларт хүрч, нэг хүнд ногдох дүнгээрээ 6,6 мянган “ногоон” байлаа. Хүн амынхаа тоогоор 2,1 сая буюу бидний бүлээс 600 мянгаар цөөн. Харин бид уранаа бүрэн ухаж гаргахад 4,4 их наяд төгрөг шаардлагатай.

“Денисон Майнз”, “Арева” компаниудтай хамтрах ордуудын ашиглалт бараг бэлэн болсон.

“ДЕНИСОН МАЙНЗ”- ЫН ХУВЬЦААНЫ ХАНШ 14 ХУВИАР ӨСЧЭЭ

“Денисон Майнз”-ын хувьцааны ханш Торонтогийн хөрөнгийн биржид өчигдөр 1,8 ам.доллартай тэнцэж байлаа. Өнгөрсөн 52 долоо хоногийн хугацаанд энэ үнэт цаасны ханш 1,15- 1,98-д хэлбэлзсэн юм. Харин “Арева”-гийн хувьцааны ханш Парист 316,15 еврогийн ханштай байв. Өнгөрсөн долдугаар сард ханш нь 347 ам.доллар хүрсэн юм.

“Хан ресурс”- ын үнэт цаас Торонтогийн биржид 0,38 долларын ханштай байлаа. Өнөөдрийг хүртэл 52 долоо хоногийн хугацаанд энэ ханш хамгийн дээд тал нь 1,98-д хүрч байв.

“TradeTech”-ээс мэдээлснээр ураны биетээр хүргэх үнэ өнгөрсөн долоо хоногт нэг паунд нь 46,50 ам.доллар болсон нь өмнөх долоо хоногийнхоос 1,50 “ногоон”-оор буурсан аж. Ийнхүү ханш унаж байгааг эдийн засагчид шинээр нийлүүлэлт нэмэгдсэнтэй холбон тайлбарлаж байна.

Гурван сарын өмнө энэ үнэ 40,75-д тогтож байсан юм. Шинжээчдийн тааварласнаар үнэ 45-50 ам.долларт хэлбэлзэх аж. 2007 онд энэ ашигт малтмалын ханш 136 ам.долларт хүрч дээд амжилт тогтоосон. “2008 онд нэг паунд уран 150 ам.долларт ч хүрч мэднэ” хэмээн эдийн засагчид “Ройтерс” агентлагт ярьсан ч биеллээ олоогүй. Казахстаны ураны орд ашиглалтад орохоор дэлхий дахинд шуугиан тарьснаар үнэ энэ онд 50 “ногоон”-оос хэтрэхгүй бололтой.

КАНАД, ОРОСЫН АЛЬ НЬ ВЭ

Намибийн ураны ордуудад голлон хөрөнгө оруулагчид нь Канадууд. Канадууд дэлхийн ураны олборлолтын 22 хувийг дангаараа гүйцэтгэдэг, энэ зах зээлийн хамгийн том тоглогч байсан ч өнгөрсөн онд казахстануудад байр сууриа алдсан юм. Өнөөдрийн байдлаар манай улсад бүртгэгдээд байгаа ураны ордууд дахь томоохон хөрөнгө оруулалтыг тэд хийж байна. “Манай улсын 43,9 мянган тонн ураны нөөц нь 10-15 жилийн дотор олборлож дуусах нөхцөл бүрэн бий” гэж “Соломон Ресорсез Монгол” компанийн захирал Э.Батмөнх бичжээ.

Харин Оросуудын хувьд энэ салбарт бидэнтэй хамтарсан арвин туршлагатай. Иймдээ ч говь дахь шар нунтгийн баян булгуудад тэд ширүүхэн тэмцэл өрнүүлээд байгаа билээ. Харин манай ураны томоохон нөөцийг олборлох “Хан Ресурс”-т амаргүй нөхцөл үүсчихсэн нь өнөөх атомын цахилгаан станц барьж, У-308- аар хөлжих Монгол мөрөөдлийн олон улс дахь нүүр царайг сэвтүүлж мэднэ гэсэн болгоомжлол бий.

“Орос түншүүд маань дарамт гэхээр арай хатуу болох байх, “Канадыг шахаад гаргачихъя, Орос Монгол 51:49-өөр хамтраад авъя” гэсэн санал тавьж байгаа” хэмээн Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар ярьсан. “Цаашлаад Монгол Улсад ер нь хөрөнгө оруулах хэрэг байгаа юм уу, үгүй юм уу гэсэн ноцтой байдал үүснэ” гэж тэрээр хэлсэн нь манай ураны салбарт үүссэн гацааг нэг мөр гэрчилсэн. Зөвхөн уранаар биш шатахуун, төмөр зам бусад салбараар Монголтой харилцах “хавтас”-аа улам зузааруулсан Оросуудыг “чимхсэн” нийтлэлүүдийг Америкууд ч бичиж амжжээ, энэ зуур. Тэр бүрийг хойд хөршийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд алдаагүй нэвтрүүлж байсан юм.

“Монгол Улс эргээд Путины Оросын эдийн засгийн хиймэл дагуул болох нь гэж ”Уолл Стрийт” тэмдэглэжээ” хэмээн “Правда” сонины Сергей Балмасов бичиж байв. Үүгээрээ тэрээр Вашингтоны байр суурь Оросуудад дэгээ тавьж мэднэ гэдгийг баталгаажуулсан удаатай. Эцэс сүүлдээ энэ бүхэн “Хан ресурс” дахь Канадын орон зайг түлхэн гаргаж, Орос-Монгол 49:51 хувийн оролцоотой байх тухай тулгаж байна.

Өөрөөр хэлбэл, “Эрдэнэт”- ийн жишээ дахин давтагдах нь. Хоёр хөршийнх өө нэгийг сонгочихоод гуравдагчийг нь “жийх” хувилбар бидэнд юу авчрах бол. Тэр үед намибуудын хүрэхээр зорьсон орлогын ядаж дөрөвний нэгтэй тэнцэх мөнгийг бид халааслаж чадах болов уу. Өнөөгийн “Эрдэнэт”-ийг харвал сум эсрэг зүгт зааж байна.

ОРОСУУД ХААШАА ХӨДӨЛЖ БАЙНА ВЭ?
Украин, Орос ураны баяжуулалтад хамтарна

Москва, Киев ураны баяжуулалтад хамтарч, “РосАтом”-тай нэгдэн ажиллана хэмээн “Риалновости” энэ сарын 8-нд мэдээлэв. “Бид ийн хамтарснаар Орос, Украины цөмийн нэгдлийг бий болгоно” гэж Сергей Кириенко хэллээ.
 
Энэ онд хойд хөрш ураны үйлдвэрлэлээ 13 хувиар өсгөнө

“РосАтом”-ийн мэдээлснээр энэ онд тус улсын ураны олборлолт, боловсруулалт 13 хувиар өсөх нь. Ингэхдээ Канадын “Uranium One” компанитай хамтрах юм.

Шар нунтгийн нөөцөө 70 Мянган тонноор нэмэгдүүлжээ
ОХУ-ын Байгалийн нөөцийн нэгдсэн агентлагаас мэдээлснээр тус улс өнгөрсөн онд ураны нөөцөө 70 мянган тонноор нэмжээ.

Ж.Цогзолмаа

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш