logo
УИХ-ын гишүүн Ж.Батзандан албан бус бүлэг байгуулж буйгаа мэдэгдлээ

УИХ-ын гишүүн Ж.Батзандан албан бус бүлэг байгуулж буйгаа мэдэгдлээ

2012/12/08
УИХ-ын гишүүүн Ж.Батзандан /2012.12.7/  сэтгүүлчдэд хандаж, Цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул хийх болон ураны олборлолтын үйл ажиллагааны эсрэг УИХ-ын албан бус бүлэг байгуулж байгаагаа мэдэгдлээ. Одоогоор уг албан бус бүлэгт УИХ-ын гишүүн А.Бакей, Х.Болорчулуун, С.Бямбацогт, С.Ганбаатар нар нэгдээд бол УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл дэмжиж ажиллахаа илэрхийлсэн байна. Тэд цөмийн энергитэй холбоотой бүхий л хууль бус ажиллагааг таслан зогсооход анхаарал хандуулж,  Монгол хүнийг эрүүл аюулгүй орчинд амьдруулахын төлөө ажиллах аж. 
Ураны хайгуул олборлолтод тавих хяналтыг сайжруулах, хууль бус лиценз эзэмшигчдийн үйл ажиллагааг зогсоох, гадны аж ахуй нэгжүүдээс байгаль орчныг нөхөн сэргээхэд зарцуулах урьдчилгаа төлбөрийг авдаг байх, 84 лицензийг хэн хэзээ, ямар үндсэлэлээр өгсөн болохыг тогтоох, цаашдаа УИХ-ын зөвшөөрөлгүйгээр стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмал болох ураныг хайх, олборлох лиценз олгохгүй байх  зэрэг найман зүйл бүхий шаардлагыг хэвлэлийн хурлын үеэр Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаярт гардуулж өглөө.  Мөн албан бус бүлгийн зүгээс эхний ээлжинд  Монгол улсад хар тугалга олборлох нэрээр уран олборлож байгаа Хятадын  Хунбоу, Шин Шин  хэмээх хоёр компанийн үйл ажиллаааг зогсоох үүргийг Цөмийн энергийн газрын даргад өгч байгаагаа ч дуулгасан юм.
Манай улсад Франц, Голланд, Орос, Хятад, Их Британи зэрэг гадны 16 аж ахуй нэгж ураны 84 лиценз эзэмшдэг байна. Нэг компани л гэхэд 24-27 тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа аж.
Монгол  улс 75,000 тонн ураны нөөцтэй.   Манайхааас бага нөөцтэй Казакстан улс уранаа ашиглаж, дэлхийд голлох тоглогч болж чадлаа. ОХУ ч ураны лицензүүдээ төрийн мэдэлдээ авч, асуудлаа шийдлээ. Манайх ингэж хав дарж, зугатах хэрэг юу байна гэсэн сэтгүүлчийн асуултанд УИХ-ын гишүүн Ж.Батзандан, “ Энэ салбарынхан байгалийн нөхөн сэргээлтэндээ нийт ашгийнхаа 70-80 хувийг зарцуулдаг. Олон Улсын зах зээл дээрх нэг тонн уран ойролцоогоор 1000 ам доллар байгаа.  Тиймээс гадны өндөр хөгжилтэй орнууд ураныг олборлох  бус харин гадаадаас татах нь ашигтай гэж үздэг юм. Өөрөөр хэлбэл ашигласан ураны хаягдлыг олборлосон оронд булдаг бөгөөд энэ нь хүн, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлдэг юм. Үүгээр ч зогсохгүй хүхрийн хүчлийг газрын хэвлийд шахах журмаар уран олборлоно гэдгийг уран олборлогчид мэдэгдсэн байна.  Энэ нь манай улсын байгаль орчинд сөргөөр нөлөөлөх юм.   Хонгор сумаас доор явдал тохиолдох эрсдэлтэй юм. Бид нүүрс, зэсээ хянаж чадахгүй байж ураныг хянана гэдэгт итгэхгүй байна” хэмээн хариулт өгсөн юм.
 Харин Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр, Манай байгууллага иргэдийг эрүүл аюулгүй орчинд амьдруулахыг зорилгоо болгон ажилладаг. Албан бус бүлгийн шаардлагыг анхаарч ажиллана гэдгэ эхэлмээр байна. Ирэх оноос Цацраг идэвхит ашигт малтмалын тухай хууль, эрх зүйн орчныг шинэчлэн боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байгаа. УИХ-ын албан бус бүлгийн ажлын хэсэг, төрийн бус байгууллага, иргэдтэй энэ талаар хамтарч ажиллахад бэлэн байгаагаа хэлье” хэмээн мэдэгдлээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш