Франц улсад ирэх жилээс нэг сая еврогоос дээш орлоготой иргэдэд ногдуулах татварыг 75 хувь болгох юм. Тиймээс зарим хүн Засгийн газрынхаа уг бодлогыг эрс шүүмжилж байгаа аж. Тэдний нэг болох Францын алдарт жүжигчин Ж.Депардье тансаг хэрэглээний татвар төлөхийг эсэргүүцэн иргэншлээсээ татгалзан Бельги улсад амьдрахаа мэдэгджээ. Түүний уг үйлдлийг Францын Ерөнхий сайд Ж.Эйро эх оронч биш “бүдүүлэг” хэмээсэн байна. Харин нэрт жүжигчин түүнд хандан “Journal du Dimanch” сонинд захидлаа нийтлүүлжээ. Захидалдаа “Эх орноо орхисон хүмүүсээс над шиг ингэж доромжлуулсан хүн үгүй. Би татвараа цагт нь үнэнчээр төлж ирсэн. Энэ хугацаанд 154 сая еврогийн татвар төлсөн. Францын нийгмийн халамжийг хэзээ ч авч байгаагүй. Намайг та шүүх ёстой юу? гэсэн асуултыг түүнд тавьжээ. Тэрээр цааш нь “Бидэнд нийтлэг улс орон одоо байхгүй. Би бол европ хүн, дэлхийн хүн бөгөөд эцэг маань ч бас ингэж сургаж байсан” хэмээжээ. Эцэст нь тэрээр франц паспорт болон нийгмийн даатгалаасаа татгалзаж буйгаа мэдэгдсэн байна.
Ж.Депардьег Бельгийн Нешен хотод байр худалдан авсан, тус улсын иргэн болох сонирхолтой байна гэсэн мэдээлэл энэ сарын эхээр гарах болсон юм. Францын алдарт жүжигчин тэрээр Парис дахь шилтгээнээ худалдаж байгаа аж. Ж.Депардье үүнээс гадна гурван зоогийн газартай аж. Мөн дарсны бизнес эрхэлдэг гэнэ. Жүжигчний нэг удаа кинонд тоглох орлого нь хоёр сая евро ажээ. Дашрамд дурдахад, жүжигчдээс гадна Францын хамгийн баянд тооцогдох Бернер Арно ч өөр улсад гарч амьдрахаа мэдэгдсэн байна. Бельги улсад нэг саяас дээш орлоготой иргэдээс 50 хувийн татвар авдаг юм байна.
Д.ЦЭРЭНДОЛГОР