logo
  Таны зүтгэлийг Монгол түмэн мартахгүй

Таны зүтгэлийг Монгол түмэн мартахгүй

2013/01/10
Бидний хэсэг нөхөд “Таны зүтгэлийн төлөө” гэж нэртэй Төрийн бус Байгууллага 2011 онд үүсгэн байгуулсан юм. Зорилго нь төр, улсын байгууллагад олон жил хөдөлмөрлөж, залуу насныхаа эрч хүч, оюун мэдлэгээ зориулсан ахмадуудад сэтгэлийн дэм өгч, хүндэтгэл үзүүлэх чин санаа өвөрлөсөн хэрэг. Жил гаруй хугацаанд янз бүрээр бодож төсөөлөн, санал солилцсоны эцэст төр, улсын байгууллагад хориос дээш жил хөдөлмөрлөсөн ахмадуудад ямар нэг ялгаварлал, шалгуур тавилгүй хүндэтгэл үзүүлдэг байх хувилбарыг сонгосон юм. Тэр хүндэтгэл нь “Монгол Улсын бүрэн эрхт байдал, цог хийморийг илтгэсэн алтан соёмбо” \ Монгол Улсын Үндсэн Хуулийн нэгдүгээр бүлэг, 12 дугаар зүйлийн гуравт ингэж тодорхойлсон\ бүхий байвал зохистой хэмээн үзсэн болой. Харин “алтан соёмбо”-ын суурь болох бадам цэцгийн дунд өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийг билэгдсэн гурван ширхэг эрдэнийн чулуу шигтгээ суулгасан бөгөөд тухайн хүний улс орондоо хөдөлмөрлөсөн жилээс хамааран өөр өөр өнгөтэйгээр зохиомжлогдсон. Үүний учир нь хориос дээш жил хөдөлмөрлөсөн бол гурван ширхэг ногоон бадмаараг, 25-аас дээш хөдөлмөрлөсөн бол гурван ширхэг сафир, 30-аас дээш жил хөдөлмөрлөсөн ахмад гурван ширхэг маргад шигтгээтэйгээрээ ялгаатай. Тэмдэг нь “Төрийн соёмбо” хүндэт тэмдэг гэсэн нэртэй, тэргүүн, дэд, гутгаар зэрэг бүхий өргөмжлөл дагалдана. Хүндэтгэл авсан хүн өдөр бүр зүүж болохоор хэмжээтэй хийгдсэн бөгөөд эдгээр ахмадуудтай тааралдсан иргэд толгой дохин мэндчилэх, цэргийн хүмүүс бол ёсолж хүндэтгэл үзүүлж байхаар төсөөлсөн билээ. Төр, улсдаа үр бүтээлтэй хөдөлмөрлөсөн иргэдэд Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн одон, медаль шагнадаг ч хүн бүрт олдохгүй, нөгөө талаар шалгуур, оноолт нь оновчтой болсонгүй гэх шүүмжлэл байнга дагуулдаг. Тэгсэн атлаа шагнал урамшуулал хүртэхийг хүсдэггүй хүн бараг үгүй. Ялангуяа хөдөө орон нутгийн иргэд үндсэндээ тэр шагнал, урамшлын гадна үлдэх нь ердийн үзэгдэл. Энэ бүгдийг бодолцон “Төрийн соёмбо” хүндэт тэмдэг санаачилсан бөгөөд шагнал гэхээсээ илүүтэй хүндэтгэл гэвэл зохилтой юм. Басхүү ийм хүндэтгэл бий болгосон нь Монгол төрийн хувьд цоо шинэ зүйл биш агаад бүр Хүннү, Кидан улсын үеэс улбаатай тухай түүхчид бичсэн нь буй. Анхны хэлбэр нь тамга тэмдэг байснаа пайз буюу гэрэгэ болж өөрчлөгдсөн байна. Гэрэгэ нь голдуу Монгол гүрнээс харь оронд очих албаны хүмүүсийн баримт бичиг, одоогийнхоор бол гадаад паспорт гэж ойлгож болно. Гэрэгэ Чингис хаан болон түүний залгамжлагчид ялангуяа Өгөөдэй, Гүег, Хувилай хаадын үед улам боловсронгуй болсон гэдэг. Марко Пологийн тэмдэглэлд бичсэнээр бол Хувилай хааны үед дөрвөн төрлийн гэрэгэ хэрэглэгдэж байж. Тэдгээр нь “Гавьяа зүтгэл, хэргэм зэрэгтний гэрэгэтэн”, “Их цэрэг даасан чухал цэргийн гэрэгэтэн”, “Газар орныг захирах онц эрхийн гэрэгэтэн”, “Хаант төрийн хэргээр зорчигчдын гэрэгэтэн” гэнэ. Тэдгээрээс гадна модон, чулуун, эрдэнийн чулуун, алтан, мөнгөн гэрэгүүд ч хэрэглэгдэж байсан тухай тэмдэглэгдэн үлдсэн нь бий. 1845 оны орчим ОХУ-ын нутаг Днепр мөрөн хавьд хийсэн археологийн судалгааны үед Монгол төрийн алтан гэрэгэ олдсон нь анхны ховор баримтад тооцогддог. Өөр нэг алтан гэрэгэ өдгөө НҮБ-ын төв байрны үзмэрт тавиастай байдаг нь дээрхээс арай өмнөх үеийнх гэж үздэг юм байна. Петрбург хотын төв музейд хадгалагдан буй гэрэгийн нүүрэн талд “Мөнх тэнгэрийн хүчин дор, их суу залийн ивээл дор” хэмээгээд ар талд нь “Аугаа хааны зарлиг хэн үл бишрэх хүмүүн алдах, ахах” гэж бичигдсэн байдаг. Ийнхүү Монгол төр улсынхаа төлөө зүтгэгсдээ хүндэтгэн дээдэлдэг уламжлалтай байсан гэсэн үг. Харин манжийн ноёрхлын үед гэрэгэ өөрчлөгдөж, отго, жинс, цалин пүнлүүг Манжийн хааны зарлигаар олгодог болжээ. 1911 онд үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн ялж, манжийг түлхэн унагаад Богд хаант засаг тогтсноос хойш зөвхөн хаад, ноёд төдийгүй улс орныхоо тусгаар тогтнолын төлөө чинхүү сэтгэлээр зүтгэсэн цэрэг, ардад ч хэд хэдэн зэрэг бүхий отго жинс, мөн гурван зэрэг бүхий “Эрдэнийн очир” одон шагнадаг болсон баримтууд улсын архивт хадгалагдан үлдсэнээс гадна Түүхийн музей, төрийн ордны Баганат танхимд ч тавиастай байдаг. 1921 оны ардын хувьсгалын дараа шагнал урамшууллын хэлбэр, агуулга өөрчлөгдөж, үнэн хэрэгтээ ЗХУ \хуучин нэрээр\-ынхтай төсөөтэй болж, өдгөөг хүртэл хэрэглэгдсээр иржээ. 1931 онд Цэргийн яамны дэргэд Партизаны комисс гэж байгуулагдан 21 оны хувьсгалд оролцсон цэрэг эрсэд халамж, тэтгэмж өгөх, партизаны тэмдэг үнэмлэх олгох ажлыг зохион байгуулж байв. Энэ комисс 1941 онд Улсын Бага Хурлын дэргэд шилжин ажиллаж байгаад 1968 онд Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн Газрын дэргэд “Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтний Хороо” болон өөрчлөгдсөн нь партизанууд бурхны орондоо заларсантай холбоотой биз ээ. Хоёр жилийн дараа буюу 1970 онд уг хороо НАХЯ-ны дэргэд шилжин УАХЕГ \Улсыг аюулаас хамгаалах Ерөнхий Газар\-ын Зөвлөл болж, зөвхөн НАХЯ-ны харьяа байгууллагад ажиллаж байсан ахмад чекист, тагнуулч, түүнтэй төстэй байгууллагад удирдах албан тушаал хашиж асан ахмадуудын асуудлыг хариуцах болж. Партизаны тэмдэг авах хүн байхгүй болсон учир “Хувьсгал тэмцлийн ахмад зүтгэлтэн” тэмдэг олгогдож эхэлсэн нь 1968-1988 он хүртэл хорин жил үргэлжилсэн гэсэн үг. Дээрх хүндэтгэлүүд нийт ахмадуудыг хамарч чадахгүй цөөн тооны тусгай албан хаагчдад зориулагдаж байна хэмээн үзэж 1988 онд зөвлөлийг татан буулгаж, Монголын Ахмадын Холбоо” болгон ажиллуулсан түүхтэй. Ахмадын Холбоо нь тухайн үед төр засгийн эрхийг барьж байсан нэг нам \МАХН \-ын бодлого шийдвэрийг баримталж, тухайн намдаа үйлчилж байна гэх шүүмжлэл 1990 оноос хойш байнга гардаг ч албан ёсоор үйл ажиллагаа явуулж, төрөөс санхүүжилт авдаг, аймаг, дүүрэг, сум, хороо, яам байгууллага бүрт салбар нэгжтэй албан ёсны байгууллага мөн. Үүний зэрэгцээ Монголын чөлөөт ахмадын Холбоо гэж байгуулагдсан ч төдийлөн дэмжлэг авч чадаагүй ч цөөнгүй ахмадуудын эрх ашгийг хамгаалан ажилласаар байдаг. Харин улс төрийн нам бүрийн дэргэд байх ахмадын хороодын ажил тийм сайн биш ч сонгуулийн үеэр идэвхжиж хэсэг хугацаанд ахмадуудаа санагалздаг нь тогтмол санхүүжилтгүйтэй холбоотой буй заа. Ахмадуудын амьдрал ахуйтай холбоотой түүхэн дараалал товчдоо иймэрхүү. “Таны зүтгэлийн төлөө” ТББ түүхэн уламжлалыг сэргээж, өнөөдрийн Монголоо цогцлоосон ахмад үедээ хүндэтгэл үзүүлэх нэгэн эхлэл тавьсан юм. Өөрөөр хэлбэл ахас, ихсээ хүндэтгэн дээдэлдэг Монгол заншлаа хойч үедээ өвлүүлэх ёс суртахууны жишиг тогтоохыг зорьсон нь нэгэн зүйл. Үүний учир “Төрийн соёмбо” хүндэт тэмдэгээ энгэртээ гялалзуулсан ахмадуудтай таарсан хэн боловч толгой дохин мэндчилэх, цэргийн албан хаагчид ёсолж хүндэтгэл үзүүлдэг жишиг тогтоохыг нийт иргэддээ уриалан буй. Хэнээс ч болов хөрөнгө мөнгө, түвэг чирэгдэл шаардаад байхгүй энэ сайн үйл нь ахмад настнуудын хувьд асар их урам, сэтгэлийн тэнхээ хайрласан, агуу хүндэтгэл болох учиртай. Хэвлэл мэдээллийн байгууллагууд, багш сурган хүмүүжүүлэгч бүхэн энэ сайн үйлсийг дэмжин дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт эргэлзэх юун. Бид энэхүү саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн толилуулсан болно. Хэрхэхийг тэнд мэдсүгэй. Ямар боловч ахмадуудынхаа гавьяа, шагнал горьдоогүй, нэгэн үзүүрт сэтгэлээр, олон жил хичээнгүйлсэн хөдөлмөр зүтгэлийг Монгол түмэн мартахгүй.
Олхонууд ШААБАР

         
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш