Эрүүл мэндийн сайдын зөвлөлийн өнөөдрийн /2013.01.11/ хурлаар осол гэмтэл, хүчирхийллээс сэргийлэх үндэсний хөтөлбөрийн явц, хэрэгжилт, үр дүн, Сайдын зөвлөлийн гишүүдийн ГССҮТ-д үйлчлүүлж буй мргэд болон хэвтэн эмчлүүлэгчидтэй уулзсан уулзалт, осол гэмтлийн талаарх сүүлийн үеийн статистик мэдээлэл, ГССҮТ-д хэрэгжиж буй Эрүүл мэндийн сайдын 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 375 тоот тушаалын хэрэгжилтийг тус тус хэлэлцсэн байна.
Осол гэмтэл, хүчирхийллээс сэргийлэх үндэсний хөтөлбөр нь осол гэмтлийн үед үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулан олон улсын жишигт ойртуулах замаар осол гэмтэл, хүчирхийллийн сөрөг үр дагаврыг багасгах зорилготойгоор хоёрдугаар үе шатаа энэ оноос эхлүүлжээ. Уг хөтөлбөр хэрэгжсэнээр зам, тээврийн ослын улмаас нас барсан тохиолдол, хүүхдийн осол гэмтэл, түлэгдэл тодорхой хэмжээгээр буурсан ба гэмтэл согог, судлалын кабинетын тоо, орны тоо, эмчийн тоо тус тус ахисан үзүүлэлттэй гарсан аж.
Улсын хэмжээнд сүүлийн 10 хоногийн байдлаар осол гэмтлийн өвчлөлийн 5386 тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс хугарал гэмтлийн 1847 тохиолдол бүртгэгдэж нийт тохиолдлын 34.3 хувийг эзэлж байна. Өвчлөлийг шалтгаанаар авч үзэхэд: осголт, хөлдөлт- 92, түлэгдэлт- 177, хугарал- 1847, хоолны хордлого-71, архины хордлого- 386 байна.
Бүртгэгдсэн осол гэмтлийн өвчлөлийн дийлэнх буюу 40.1 хувь нь ГССҮТ-өөс, 44.1 хувь нь нийслэлийн дүүргүүдийн эмнэлгээс, 15.8 хувь нь хөдөө орон нутаг, аймгуудаас ирсэн байна. Энэ хугацаанд осол гэмтлийн улмаас нас баралтын 26 тохиолдол бүртгэгдлээ. Үүнээс зам тээврийн ослоор- 3, хөлдөлт осголтоор - 7, архины хордлогын улмаас-3, бусад эм, бодисын хордлогоор- 5, бусад ослын шалтгаанаар- 8 хүн тус тус нас барсан байна.
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний өндөржүүлсэн бэлэн байдалтай холбоотой 2013 оны 1 дүгээр сарын 04-09-ний өдрүүдэд осол гэмтлийн өвчлөлийн 3327 тохиолдол бүртгэгджээ. Үүнээс хугарал гэмтлийн 786 тохиолдол бүртгэгдсэний дийлэнх 486 тохиолдол буюу 61.8 хувь нь халтирч унаснаас шалтгаалсан гэмтэл байна. Нийслэлийн дүүргүүдийн эмнэлэгт хугарал гэмтлийн 254 тохиолдол бүртгэгдсний 82.3 хувь нь хальтирч унаснаас үүссэн гэмтэл байна. Энэ хугацаанд түлэгдэлтийн 138 тохиолдол бүртгэгдэж, нийт осол гэмтлийн өвчлөлийн 4.0 хувийг эзэлж байна. Архины хордлогын 153 тохиолдол гарснаас 118 буюу 77.1 хувь нь нийслэлийн дүүргүүдийн эмнэлэгт бүртгэгдэж эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна.
ЭМЯ-ны дэргэдэх Эрүүл мэндийн хөгжлийн төв халтиргаанаас үүдсэн хугарлын үед гарах эдийн засгийн алдагдлыг тооцоог гаргасан байна. Ингэхэд 6 хоногийн хугацаанд халтиргаанаас шалтгаалсан хугарлын үед улсын хэмжээнд нийт 29 910 355 төгрөгийн алдагдал хүлээх тооцоо гарчээ. Гэхдээ энд амбулаторын тусламж, үйлчилгээ, байгууллагын ашиглалтын зардал, эмч эмнэлгийн ажилчдын цалин хөлс, өрх хувь хүнээс гарах зардлуудыг оруулаагүй аж.
ГССҮТ-ийн эмч, ажилчид уулзалтын үеэр салбарын Сайддаа хандан Сайдын зөвлөлийн хурлаа өөрийн эмнэлэг дээр нээлттэй хийсэнд талархаж байгаагаа илэрхийлээд өөрсдийн саналаа хэлсэн байна. Тухайлбал, иргэдийн дунд бухимдал үүсч, салбарын үйл ажиллагаанд сэтгэл ханамжгүй байгааг засахын тулд тасгийг 24 цагийн үйлчилгээтэй яаралтай тусламж үзүүлж, шаардлагатай тохиолдолд 24 цагийн дотор хагалгааг хийхээр зохион байгуулалт хийх. Ингэснээр тасагт хэвтэн эмчлүүлэх шаардлагагүй болох аж.
Түүнчлэн энэ өдөр “Зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх” сэдэвт мэдээлэл сургалт сурталчилгааны 3 дахь кампанит ажил 1 дүгээр сарын 11-ний өдрөөс 3 дугаар сарын 11-ний өдөр хүртэл зохион байгуулагдахаар болсныг салбарын удирдлагууд зарласан байна.
Хуралд Эрүүл мэндийн сайдын зөвлөлийн гишүүд, Нийслэлийн дүүргүүдийн эмнэлгийн дарга нар, иргэний байгууллагын төлөөлөл, ГССҮТ-ийн удирдлагын зөвлөл, ГССҮТ-ийн эмч, резидент эмч нар, ГССҮТ-д үйлчлүүлж буй иргэдийн төлөөлөл оролцов.