Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2013.01.16/ хуралдаанаар Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төслийг Байнгын хорооны хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн ахлагч О.Баасанхүү ажлын хэсгийн хуралдааны талаар танилцуулга хийн, гаргасан саналын томьёоллоо танилцуулсан юм. Ажлын хэсгээс оруулж ирсэн 47 санал тус бүрээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжлээ. Түүнчлэн найруулгын шинжтэй 12 санал ч олонхийн дэмжлэг авсан юм.
Үүний дараа Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэхээр төлөвлөсөн байлаа. Уг төслийг өнгөрсөн удаад тус байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн боловч чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх эсэхийг шийдэх үед нэг саналын зөрүүгээр дэмжигдээгүйгээс хэлэлцэх боломжгүй болсон юм. Гэвч хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд дахин хэлэлцүүлэхээр УИХ-ын даргад өргөн барьсан хэмээн ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг Байнгын хорооны гишүүдэд танилцуулсан юм. Хуулийн төслийн хувьд өөрчлөгдөөгүй хэвээрээ юм байна.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, хуулийн төслийг УИХ-аар нэгэнт хэлэлцэх боломжгүй гээд буцаасан байхад нэг саналын зөрүүтэй унасан гэж оруулж ирж байгаа нь ямар учиртай юм бэ гэж лавласан. Мөн тэрбээр хуулийн төсөл, холбогдох материалыг тарааж өгөөгүй учир танилцаж амжаагүй гэсэн байр сууриа ч илэрхийлж байлаа.
ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэгийн тайлбарласнаар, дээрх хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үеэр Г.Баярсайхан гишүүнээс өөр хүн асуулт асууж байр сууриа илэрхийлээгүй. Хуралдааны үеэр хуулийн төслийн концепцийн талаар санал зөрөлдсөн зүйл гараагүй. Харин зарим гишүүд санал хураалт явагдах үеэр суудалдаа очиж амжаагүй, эзэнгүй кноп дарагдсан гэх мэт зохион байгуулалтын болоод техникийн асуудлаас болоод асуудал нэг саналын зөрүүгээр унасан гэсэн юм. Асуудлыг чуулганы хуралдаанаар хэлэлцэх үеэр бүх гишүүдэд тараагдсан гээд төсөл санаачлагч Засгийн газрын зүгээс энэ асуудлыг улстөржүүлсэн зүйл байхгүй гэж тэрбээр нэмж хэлсэн.
Хэлэлцүүлгийн үеэр иргэдийн бүртгэлтэй холбоотой мэдээллийг, 1:100.000 масштабтай газрын зургийг нууцын жагсаалтаас гаргах нь зөв эсэх талаар гишүүд нэлээд ярилцсан. Ажлын хэсгийн гишүүдийн хэлснээр, Батлан хамгаалахын зориулалтаар хийгдсэн зургууд нууцын жагсаалтдаа хэвээр үлдэх бөгөөд нийтийн хэрэгцээнд ашиглах зориулалтаар гаргах зурагнуудад батлан хамгаалахтай холбоотой тэмдэглэгээг зурахгүй аж. Зөвхөн иргэний зориулалтаар ашиглаж болох зургийг л нууцын жагсаалтаас гаргахаар төсөлд тусгасан гэлээ.
Харин Иргэний бүртгэлийн сангаас иргэдийн хурууны хээ, гадаадын харьяатын асуудалтай холбоотой гэх мэт хэд хэдэн мэдээллээс бусад төрсөн он, сар, өдөр, гэрлэлтийн байдал, гэрийн хаяг гэх зэрэг мэдээллийг нууцын жагсаалтаас гаргах бөгөөд энэ мэдээлэл нийтэд ил болно гэсэн үг биш, зөвхөн зөвшөөрөгдсөн төрийн байгууллагууд ажлын шугамаар ашиглах учиртай гэж ажлын хэсгийнхэн мөн мэдээлсэн. Ажил хөөцөлдөн иргэн аливаа төрийн байгууллага дээр очиход цагдаагийн болоод оршин суугаа газрын тодорхойлолт гэх зэрэг бичиг баримтыг нэхдэг бол сангийн мэдээллийг төрийн байгууллагууд авч ашигласнаар дээр дурдсан мэдээллүүдийг нэг сангаас авч, иргэд тодорхойлолт авах гэж олон газраар орж цаг үрэхгүй ач холбогдолтой болох ажээ.
УИХ-ын гишүүн Л.Цог асуудлыг хаалттай горимоор хэлэлцье гэсэн санал гаргасан бол УИХ-ын гишүүн Р.Амаржаргал дээр яриад байгаа асуудлуудыг заавал төрийн нууцын жагсаалттай зууралдахгүйгээр, эрхзүйн орчныг нь өөрчлөх замаар шийдэх бололцоотой гэж байлаа.
Харин УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр улсын нууцын жагсаалттай холбоотой асуудал хэлэлцэж байгаа болохоор сайн судалгаа, шинжилгээ хийж, нарийн хэлэлцэх ёстой учир МАН-ын бүлгийн зүгээс завсарлага авч байна гэж мэдэгдсэнээр Байнгын хорооны хуралдааныг хойшлууллаа.
Г.Бүрэнжаргал