Үзэл бодол нэгт журмын нөхөд өө!
Он цаг өртөөчлөн эргэсээр “Тийн ялгуусан” хэмээгч усан могой жилтэйгээ монголчууд учран золгох гэж байна. Сар шинийн өдрүүдэд та бид хөөрөг юугаа зөрүүлж, үгийн сайныг хэлэлцэн, ирэх цагийн дүн нурууг өөр зуураа шинжин хэлэлцдэг сайхан уламжлалтай. Мөн энэ зуур улс оронд өрнөж байгаа үйл явдлуудын ололт амжилт, алдаа оноог дэнслэн өнгөрсөн болоод ирээдүйг тунгааж цэгнэхдээ улстөрийн сэдвийг хөндөх нь ч бий билээ.
Өнгөрч байгаа луу жил нь ар араасаа цуварсан сонгуулиудаар дүүрэн жил байлаа. Улсын Их Хурал болон гүйцэтгэх засаглал сонгуулийн үр дүнгээр солигдлоо. Монгол Ардын Нам урьд нь санаачилга гаргаж, сайныг санаж Ардчилсан намыг урьж “ивээл”-дээ багтааснаар хамтарсан засгийг байгуулсан билээ. Луу жилийн сүүлчээр Ардчилсан нам хамтран зүтгэсэн нөхрөө “жийж” зам салсан. АН УИХ-д олонхийн суудлыг бүрдүүлж чадаагүй болохоор “Шударга ёс” эвсэл буюу МАХН-МҮАН-тай хүч хамтран шинэчлэлийн засгийн газрыг байгуулав.
Ийнхүү зүүний баримжаатай МАН, МАХН хэмээх намууд ээлж дараалан засаг барилцаж байгаа мэт харагдаж буй боловч хэрэг дээрээ өнөөх л хуучны МАХН хоёр хэсэг болоод хүчээ тарамдаж, улстөрийн тоглоом болж байгааг өнөөдөр ухаантай хүн бүр шүүмжлэн ярьж байна.
УИХ-ын 2012 оны сонгуулиар юу болов? Та бидэнд ямар сургамж үлдээв?
МАН-ынхан аатай, омогтой, ихэмсэг бардам байлаа. Ардчилсан намыг хүнийх гэлгүй, МАХН-ыг өөрийх гэлгүй адилхан басаж, өрөөсөн гутлаа гээснээ мэдрэх чадваргүй давхисан даа. Үр дүн нь бидний нүдэнд өнөөдөр ил харагдаж байна. Энэ яахав, ялагджээ гэж бодъё. Ер нь бол жаахан юм боддог, ухаардаг хүн бүгдэд урьдаас ойлгомжтой байсан үр дүн. Харамсалтай нь МАН-ын удирдлага дахь олигарх бүлэглэл үүнийг харж, зохих арга хэмжээ авч ажиллаж чадсангүй, цаашдаа ч чадахгүй юм байна. Бяр тэнхээ нь багтаж ядан байсан МАН ээлжит сонгуулиар УИХ-д бүлэг ч үгүй болж хувирахад хүрсэн. Хуулийг үл хүндэтгэж, өрсөлдөгчөө басамжилвал юунд хүрдгийг харав, харуулав.
Орон нутгийн сонгуулиар юу болов? Одоо бид нар яах ёстой вэ?
МАН-ын ааг, омог нь яльгүй дарагдаж багассан боловч ихэмсэг бардам зан хэвээр, сонгуульд ялна гэсэн горьдлогоор дүүрэн байв. Ер нь бол хөдөө орон нутагт АН хөл муутай гэдэг утгаараа ч, мөн ард түмэн хүч тэнцүүлж УИХ-ын сонгуулиар ялагдсан талыг нь орон нутгийн сонгуульд зөрүүлж сонгодог гэдэг утгаараа ч ийм “горьдлого” шинэ бөгөөд хуучин МАХН-ынханд аль алинд нь байсан. Гэтэл “өрөөсөн гуталтай” МАН-ыг ч, өмссөн “гуталгүй” МАХН-ыг ч сонгогч ард түмэн огтхон ч өрөвдсөнгүй. Энэ нь иргэд сонгогчид хоёр намаас нүүрээ буруулсных биш, харин ард түмний урам хугарч, сэтгэл хуваагдсаны шинж.
Энэ хоёр нам салж сарниагүй бол ард түмний олонхи нь тэдэнтэй хамт байх байсан гэж бодож байна. УИХ-ын сонгуульд намын нэрээр МАН 31 хувь, “Шударга ёс” эвсэл 22,5 хувийн санал авсныг нийлүүлэн тооцвол МАХН /хагарч бутраагүй бол, бас сонгогчдын саналыг хагалан бутаргаагүй бол/ монголын парламентад дийлэнх олонхи болох бодит боломжтой байсан нь харагдаж байна.
Хүчээ үрж тарамдуулна гэхэд ингэнэ гэж байх уу, хүний тоглоом болно гэхэд ингэж хүний тоглоом болж болох уу, та минь ээ! Үүнээс цааш ингэж явж болохгүй гэдгийг хэлэх гэж энэхүү захидлыг Та бүхэндээ хүргэж, бодит байдлыг үнэн үгээр хэлж байна.
Нэгэнт хуучны хүчирхэг МАХН хүчээ алдсан болохоор улстөрийн хүчтэний данснаас хасагдах дээрээ тулж ирээд байна. Тухайлбал, эрх баригчид аливаа шийдвэр, үйл ажиллагааг хүч түрэн явуулж, төрийн бодлогын чанартай олон чухал шийдвэрүүдийг дангаараа гаргасны дараа УИХ–д МАН-ын бүлгийг нь “байгуулж өгөв”. Парламентат ёсны амин сүнс, ардчиллын гол үзүүлэлт болсон улстөрийн зөвшилцөл Монголын парламентад үгүй болж, ихэнх тохиолдолд тооцоо бодох, хонзогнох байр сууринаас АН ажиллах боллоо. Энэ нь зөвхөн МАН-д биш нийт монголын нийгэм, монгол төрийн төлөвшилд ихээхэн сөрөг үр дагаврыг авчирч болзошгүй байна.
Төрийн бодлогын залгамж халаа , хууль, шүүхийн байгууллагуудын шударга, хараат бус байдал, төрийн алба, түүний дотор боловсон хүчний бодлого, хүний эрх, хувийн өмч, бизнесийн салбар гээд үүнд хамрахгүй зүйл үгүй болж байна.
Хоорондоо хагаран эвдрэлцсэн МАХН-ын (хуучин нэрээр) удирдлагаас сүүлийн жилүүдэд гаргасан ноцтой алдаанууд намыг хүчгүйдүүлж, хоёр хуваагдахад хүргэв. Тухайлбал, удирдлагын биеэ тоосон, эв түнжингүй байдал, хувийн явцуу эрх ашиг, баяжих хөлжих дон шүгэлж, шунал нь хэрээс хэтэрч нэгэн тугийн дор жагсдаг зохион байгуулалт үгүй болж, намын хүчийг бэхжүүлэх бодит ажил хийхийн оронд хийсвэр шийдвэр гаргаж нэрээ сольсон зэрэг нь үүний үндсийг тавьж, улстөрийн “тэмцэх чадваргүй” болгожээ.
МАН-ын тухайн үеийн удирдлагад улстөрийн мэдрэмж алдагдсаны хамгийн тод жишээ гэвэл тасарч гарсан МАХН-ыг дэмжих том давалгаа ард түмний дотор үүсчихээд байхад УИХ-ын сонгуульд “өөрийнхөө тал”-тай өрсөлдөж оролцсон явдал юм. Энэ дутагдлаа улам лавшруулж УИХ-ын сонгуулиар амжилттай дүн үзүүлж бүлэгтэй болсноор барахгүй, засгийн эрхийг барилцах болсон МАХН буюу “өрөөсөн гутал”-тайгаа орон нутгийн сонгуулиар улам хүчтэй үзэлцсэн. Энэ бүгд нь сүүдрээ хөөсөн хүн хэзээ ч гүйцдэггүй гэдгийн үлгэр болов. Мөн АН-аас гадна МАХН гэдэг 2 дахь том өрсөлдөгчтэй зэрэг тулалдах гэсэн МАН-ын “зүрх, зориг”-той үйл ажиллагаа нь хоёр туулай хөөсөн анчин хоосон хоцроно гэдгийг бас харуулав.
Тодруулж хэлбэл МАН 2012 оны УИХ-ын болон орон нутгийн сонгуулиар гол өрсөлдөгч АН-тай биш, харин угшил нэгтэй МАХН-тайгаа үзэлцсээр байгаад өөрийнхөө мэхэнд өвдөг шороодов.
Намын удирдагын түвшинд гарсан хагарал хуваагдал ийнхүү нийт гишүүд, дэмжигчдийн итгэл үнэмшлийг хоёрдуулж, үзэл бодлоор нь талцуулан, улмаар намыг салан тусгаарлах, тогтворгүй байдалд түлхсэн гэж үзэж байна. Энэ бол нийт намын гишүүд, дэмжигчдийн буруу биш, урагшгүй удирдлагын буруу, унхиагүй үйл ажиллагааных нь гор юм. Үнэн үг хэлсэн, алдаа дутагдлыг нь анхааруулсан гишүүдийнхээ үгийг сонсоогүйн харгай юм. Эл доголдол өнөөдөр ч амь бөхтэй үргэлжилсээр байна. Сөрөг хүчинтэйгээ болохоор “явган хэрүүл”-ийн ядарсан хэлбэрээр тэмцдэг атлаа дотоод хүчинтэйгээ болохоор “ясаа цайтал” үзэлцдэг хэвээрээ байна. Энэ байдлаас хожсон зүйл ер алга, харин алдсан нь асар их байна.
Ганцхан жилийн дотор болж өнгөрсөн хоёр удаагийн сонгуульд ялагдсаныхаа горыг хангалттай амсаж байгаадаа олигтой дүгнэлт огтхон ч хийж чадахгүй байсаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн, нэн хариуцлагатай сонгуультай золгож болзошгүйд хүрээд байна. Энэ сонгуульд та бид ялагдах эрх байхгүй. Ингэж бодож байгаа учраас байдлыг ажигласан болж , чимээгүй байж чадсангүй , хоёр намын цаашдын хувь заяанд хэрэг болох юу магад хэмээн хатуу боловч үнэнийг өгүүлсэн хэдэн үгийг хүргэж байгаа минь энэ ээ .
Нэг угшилтай, нийтлэг чиг баримжаатай энэ хоёр нам хамтарч ажиллах учиртайг, өөр гарц үгүйг улстөрийн намын үндэс болсон гишүүд, дэмжигчид нь ойлгож мэдрээд энд тэндгүй ил тод ярьж, хэлж байна. Энэ нь өнөөгийн хагарал, доройтол, хүчгүйдэлд хүргэсэн зарим нэг хувь хүн, хэсэг бүлэг этгээд, бүлэглэлийн ашиг сонирхол, хүсэл зорилгод нийцэхгүй байж болох ч намын нийтлэг эрх ашигт бүрнээ нийцнэ. Тэр ч байтугай тусгаар тогтносон Монгол Улсын үндэсний эрх ашиг, монголчуудын хүсэл эрмэлзэлд шууд хамаатай асуудал.
Намуудын нэгдэх асуудалд нухацтай хандах хэрэгтэй ч хамтарч ажиллахад харшлах зүйл огт байхгүй. Угшил нэгтэй намуудынхаа хамтын ажиллагааны төлөө гишүүд, дэмжигчид зохион байгуулалтад орж, идэвхтэй үйл ажиллагаа эхлүүлэх цаг нь нэгэнт болсныг Та бүхэндээ сонордуулж, бас уриалж байна.
Нийт гишүүд, дэмжигчдийн хүсэл эрмэлзлэлийн илэрхийлэл болсон хамтын ажиллагааны тухай санал санаачилгыг МАН, МАХН-ын өнөөгийн удирдлагууд дэмжиж, бие биедээ хүндэтгэлтэй, хүлээц тэвчээртэй хандана гэдэгт гүнээ итгэж байна
Эвдрэл , хагаралыг эцэс болгож , эв эеийг эрхэмлэцгээе!
Эрхэм хүндэт гишүүд, дэмжигчид, нийт монголчууд Та бүхэндээ ялгуусан хэмээгч Усан могой жилдээ хотлоороо эв найртай байж, өнөд мандахын ерөөл учралыг өргөн дэвшүүлье.
Монгол Улсын гавъяат хуульч, Монгол Улсын
Их Хурлын гишүүн асан ЦЭРЭНХҮҮГИЙН ШАРАВДОРЖ
Улаанбаатар, 2013 оны 2 дугаар сарын 6