logo
Монгол Улс ардчиллаас ухарсныг анхны чуулган харууллаа

Монгол Улс ардчиллаас ухарсныг анхны чуулган харууллаа

2013/02/14

УИХ-ын байнгын хороодод гишүүдийг хуваарилахдаа намуудын суудлын харьцаа, парламентын ардчиллыг үл тоомсорлож аливаад хүч түрэмгийлж ирсэн олонхийн бүлэгт энэ удаагийн чуулган хатуухан сургамж өглөө гэж МАН-ын бүлэг тодорхойллоо. Хэрвээ асуудалд ингэж ханддаггүй байсан бол УИХ-ын нэгдсэн чуулган дээр дэмжлэг авалгүй унаж байгаа зарим хуулийн төслийг газар авахуулалгүй цаг тухай бүрт нь буцаах боломжтой байсан гэж УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд мэдэгдсэн юм. Учир нь МАН-аас дээд тал нь найм, доод тал нь зургаан гишүүн нэг байнгын хороонд хуваарилагдах ёстой ч одоогийн байдлаар нэг байнгын хороонд 1-3 гишүүнтэй байна.

Үүний нэг жишээ нь УИХ-ын намрын анхны чуулган завсарлахын өмнө хэлэлцсэн Төрийн нууцын тухай хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл дэмжигдээгүй явдал юм. Уг нь эл хуулийн төслийг хэлэлцүүлгийн шатанд нэг удаа унагасан ч олонхи хүч түрэн дахин оруулж ирсэн юм. Нөгөө талаар байнгын хороон дээр намуудын харьцаа хууль журмын дагуу зөв байсан бол амьдралд хэрэгжих боломжгүй нэг төсөлд ингэж цаг заваа зарцуулахгүй байх боломжтой байжээ. Юутай ч  сөрөг хүчнээс удаа дараа байр сууриа илэрхийлж, санал бодлоо хэлэлцүүлсний үр дүнд Газар албадан чөлөөлөх тухай, Хэвлэлийн эрх чөлөөний тухай, Төрийн нууцын  тухай  хуулийн төслийг санаачлагчид нь татан авсан.

Гэтэл төслөө татан авсныгаа замын дунд гэнэт ухаарсан мэтээр эрх баригчид хэвлэл мэдээллээр сурталчлах юм хэмээн МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд хэллээ. Эдгээр хуулийн төсөлд хүний хувийн өмчид халдсан, хэвлэлийн байгууллагын үйл ажиллагааг тодорхой хугацаагаар хязгаарлах зэрэг ардчиллын үнэт зүйлсээс ухарсан заалтууд тусгасан байсныг сөрөг хүчин хүчтэй эсэргүүцэж, улмаар олон нийтийн эрх ашигт харшилсан төслүүдээ эрх баригчид татахаас өөр аргагүйд хүрсэн байна. МАН олонхи байхдаа хэзээ ч хэвлэл мэдээллийн хэрэгслийн эрх чөлөөнд халдах заалт бүхий ийм хуулийн төсөл хэлэлцүүлж байгаагүй аж. Энэ мэтчилэн шинэ парламент байгуулагдсанаас хойш улс төрийн амаргүй нөхцөлд бүлгээ байгуулсан Ардын намын хувьд 45 удаа хуралдаж, цаг үеийн асуудал, хэлэлцэж буй хууль тогтоомжийн төсөлтэй холбогдуулан байнгын хороод, нэгдсэн хуралдаан дээр байр сууриа илэрхийлжээ.

Энэ удаагийн чуулган парламентын үнэт зүйлүүдээс ухарсан, парламентын ардчилал хумигдсан, энэ талаас нь аваад үзвэл Монгол Улс ардчиллын зарчмуудаас нэг алхам ухарсан чуулган болж өнгөрлөө хэмээн МАН-ын бүлэг дүгнэж байна. Ард түмний 40 хувийн сонголтоор байгуулагдсан МАН-ын бүлгийг байгуулахгүй байх хугацаанд олонхи өөрсдийн эрх ашигт нийцсэн олон хууль дүрэм баталж, улс төрийн шийдвэрүүд гаргасан. Төрийн албаны хууль зөрчсөн томилгоонууд хийж, төсвөө зөвхөн өөрсдөдөө ашигтайгаар баталсан,  түүнчлэн Хүний хөгжил сангийн тухай, орон нутгийн сонгуулийн тухай хууль, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, таван тэрбумын бондыг ч энд нэрлэхэд хангалттай гэж цөөнхийн бүлэг мэдэгдлээ .Харин бүлгийг албажуулснаас хойш нэг талыг барьсан шийдвэрийг засч залруулах талд тодорхой ахиц гарч байгаа ч олонхиор хүч түрэх явдал тасрахгүй байна.

Цаашдаа УИХ ийм байдлаар ажиллаад байвал ард иргэдээ хагалж хуваасан, улстөржүүлсэн шийдвэр гарсаар байх болно. Тиймээс парламентаас гарч буй бүхий л шийдвэр, хуулийн төслийг УИХ-ын гишүүд, улс төрийн намуудын тэгш оролцоотой гаргадаг болгоход анхаарч ажиллана гэж тэрбээр мөн мэдэгдлээ. УИХ-ын зохион байгуулалттай холбоотой зарим хуулийн төслийг ирэх хаврын чуулганаар үргэлжлүүлэн хэлэлцүүлнэ. Эрх баригчдын хүсэлтээр хэлэлцэхгүй хойш тавьсан 3-4 хуулийн төсөл бий. Энэ нь намрын ээлжит чуулганы үйл ажиллагаанд тавих сөрөг дүн болж байна гэв. УИХ хуульд хяналт тавих үүргээ биелүүлж чадахгүй байгаагийн нэг жишээ нь орон нутгийн сонгуулийн үр дүн одоо болтол баталгаажаагүй явдал юм. Мөн Засгийн газрын 19 гишүүний 17 нь УИХ-ын гишүүн. Тийм болохоор Засгийн газар УИХ-аар бодлогоо батлуулж, хэрэгжүүлэхдээ бараг өөрөө хянах боломж бүрдэж байна.

Ирэх дөрөвдүгээр сард Монгол Улс одоо даргалж байгаа Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн орнуудын хурал Улаанбаатар хотод болно. Энэ хурлын үеэр МАН-аас 2012 оны сонгуулиас хойш манай улсад ардчиллын байдал ямар байгаа талаар тусгайлан байр сууриа илэрхийлэх аж. Монгол Улсын сайн сайхны төлөө ардчиллыг төлөвшүүлэхэд УИХ яаж ажиллах байгааг дотоод, гадаадад ойлгуулахгүй бол олонхийн хүч түрдэг байдал газар авч, ардчиллын үлгэр жишээ орон гэгддэг манай улсын нэр хүндэд халтай төдийгүй улстөр, нийгэм, бусад салбарт ч нөлөөлөх аюултай хэмээн МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд хэлсэн юм.

“Оюутолгой” ХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурал, хэлэлцээрийн бэлтгэл ажил, явцын талаар мэдээлэл өгөхийг МАН-ын бүлгийнхэн Ерөнхий сайдаас  хүссэн. Энэ дагуу Ерөнхий сайд УИХ-ын нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийж, Ерөнхийлөгч оролцож байр сууриа илэрхийлсэн. Оюутолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой асуудлаар олон нийтэд дэлгэрэнгүй мэдээлэл өгүүлж чадсан, бүх төвшинд нэгдмэл ойлголттой болсон нь бүлгээс зохион байгуулсан ажлын үр дүн. Бүтээн байгуулалтын төслүүд үргэлжлэх ёстой. Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд аль аль талын эрх ашгийг тэнцвэртэй хангах зарчмаар явах ёстой. Хэлэлцээрийн үр дүнд төсөл яаж өөрчлөгдөх вэ, ямар дүнд хүрэх вэ гэдэг нь Засгийн газар үнэхээр улс орны нийтлэг эрх ашгийн төлөө ажиллаж чадаж байна уу гэдэгт дүн тавих томоохон үзүүлэлт болно. Энэ байр сууринаас бид хэлэлцээрийн явцыг ажиглаж байна гэж МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд хэлэв.

Мөн МАН-ын бүлгийн чуулганы завсарлагын хугацаанд нэлээд идэвхтэй үйл ажиллагаа явуулах аж. МАН-ын Удирдах зөвлөл, УИХ дахь МАН-ын бүлгийн хамтарсан хуралдаанаас УИХ-ын дараа дараагийн чуулганаар хэлэлцэх бодлогын шинжтэй асуудлын жагсаалт гаргасан. Энэ хүрээнд завсарлагын хугацаанд асуудлуудаа багцалж ярилцахаар болжээ. МАН-ын бүлгийн дэд дарга С.Бямбацогтын хэлснээр төрийн албанаас халагдсан хүмүүсийн тоо 7000-д хүрчээ. Яамдын төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга нарын сонгон шалгаруулалт зарлаж эхэлсэн нь Засгийн газар эдгээр албан тушаалд үүрэг гүйцэтгэгч томилж хууль зөрчсөнөө нотолсон явдал болж байна. 2012 оны төсвийг энэ оныхтой харьцуулахад нэг их наяд 100 тэрбумаар нэмэгдсэн байна.

Үүний 300 тэрбум нь хөрөнгө оруулалтын, бусад нь урсгал зардал. Өөрөөр хэлбэл, төрийн албанд зарцуулдаг зардлын хэмжээ 800 тэрбумаар нэмэгдсэн гэсэн үг. Ингээд үзвэл төрийн алба улам л нүсэр данхар бүтэцтэй болж байна, тэр хэмжээгээр ард иргэддээ өгч буй өгөөж алга гэв. Бараа бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах зорилгоор Засгийн газар 720 тэрбум төгрөгийг аж ахуйн нэгжүүдэд олгосон ч үр дүн харагдахгүй байна, харин ч эсрэгээ үнэ өсч иргэдийн амьдралд дарамт учруулсаар байна гэлээ. Ганцхан жишээ хэлэхэд, махны үнэ сүүлийн нэг сарын дотор 13-15 хувиар өсчихөөд байгааг ҮСГ-аас мэдээлжээ. Тиймээс  МАН-ын бүлэг өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой холбогдуулан төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх чиглэлээр цаашид ч аардлага тавьж ажиллах юм байна.

МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол засаглалын эрх мэдэлтэй холбоотой асуудлаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, парламентын зөвшилцдөг улс төрийн соёлыг бий болгох талаар бүлэг санаачлагатай ажиллана гэв. 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш