logo
Олимпийн аварга алтан медалиасаа татгалзав

Олимпийн аварга алтан медалиасаа татгалзав

2013/03/05
Өдгөө спортын ертөнцөд анхаарлын төвд буй чөлөөт бөхийн спортыг олимпийн хөтөлбөрөөс хасах тухай дуулиант мэдээлэлтэй холбогдуулан ОХУ-ын бөх Сагид Муртазалиев олимпийн аваргын алтан медалиасаа татгалзжээ. 2020 оны зуны олимпийн наадмаас эхлэн чөлөөт бөхийн спортыг олимпийн хөтөлбөрөөс хасах тухай ОУОХ-ны шийдвэрийг эсэргүүцсэн тэрбээр 2000 оны Сиднейн олимпиос хүртсэн алтан медалиа ОУОХ-нд илгээсэн тухай “R-Sport” мэдээлжээ. Тэрбээр ОУОХ-ны ерөнхийлөгч Жак Роггед хаягласан захидалдаа “Хөлс хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж, олимпийн наадмаас хүртсэн алтан медалиасаа татгалзах нь миний хувьд амаргүй шийдвэр байлаа. Гэхдээ сайтар бодож, эргэцүүлсний эцэст Болгарын домогт бөх Валентин Йордановын жишээг дагах нь зүйтэй гэж шийдлээ” хэмээн бичжээ.

Болгарын домогт бөх, тив, дэлхийн аварга Йорданов 1996 оны Атлантын олимпиос хүртсэн алтан медалиа өнгөрсөн долоо хоногт буцаан өгсөн билээ.

Сануулахад, ОУОХ-ны Удирдах зөвлөл ирэх есдүгээр сард хуралдаж, чөлөөт бөхийн спортыг 2020 оны олимпийн хөтөлбөрөөс хасах эсэх талаарх эцсийн шийдвэрээ гаргах юм.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш