logo
Монголд хэн ажил хийдэг вэ?

Монголд хэн ажил хийдэг вэ?

2013/03/27
“Монголд ажил хийдэг хүн байхгүй” гэж нэг гадаад ноён миний шарыг хөдөлгөв. Ингээд би тэр гадаад хүнд ажил хийж буй монгол хүн үзүүлэхээр гарлаа.

Бид хоёртой эхлээд барилдаж буй хоёр таарав. Би нөгөө гадаад эрд,

-За та харав уу? Энэ хоёр бөхийг та зүгээр сууж байна гэх үү? гэж амыг нь асуувал, тэр новш,
-Та нар энийг ажил гэдэг юм уу? гэж өөдөөс тэнэгтэв.

-Ажил гэхгүй юу гэх юм бэ? Энэ хоёр бөх чинь учиргүй их ядарч, хар хөлс нь асгарч байна шүү дээ.
Нөгөө гадаад чинь надтай маргасангүй. Бодвол, надад мад тавиулахаас ичсэн биз. Бид хоёр цааш явлаа. Нэг том танхимд орвол, монголчууд шүлэг уншиж байна. Гэтэл нөгөөх чинь надаас,

-Энд ажил хийж байгаа хүн хаана байна? гэнэ.
Үгүй таминь, яруу найраг цээжээр уншиж байгаа хүнийг харсан хэрнээ “Ажил хийж буй хүн хаана байна?” гэж байгаа хүнтэй чинь яаж харьцах болж байна?.. Өөр нэг танхимын үүдийг татвал, тэнд семинар блож байна.
-За та, улс орноо хэрхэн түргэн хөгжүүлэх вэ? гэж семинардаж буй энэ олон сэхээтнийг ажил хийгээгүй гэж арай доромжлох юм биш биз? гэвэл, тэр цөхрөнгүйгээр толгой сэгсэрлээ.
“Яадаг шааран бэ?” гэж би дотроо дургүйцсэн авч, гаднаа өндөр хөгжилтэй орны боловсон иргэний дүрийг урнаар эсгээд,

-Тэгвэл, нөгөө талын зааланд олон улсын симпозиум болж байна. Түүнийг та даанч ажил гэнэ биз дэ? гэвэл, нөгөөх чинь бухимдмаар царайлж,
-Үгүй ээ эрхэм минь, би хоёр гараараа ажил хийж, юм бүтээж буй монгол хүнийг сонирхож байна гэнэ.
Би түүнд одон гардуулж буй Ерөнхийлөгчөө үзүүлээд,

-За та манай Ерөнхийлөгчийг ажил хийгээгүй зүгээр байна гэх үү? Шагнагдаж буй хүний энгэрт одон зүүж байгаа Ерөнхийлөгчийг та хоёр гараа хөдөлгөөгүй гэх үү? Энгэртээ одон зүүлгэж байгаа хүн чинь хөдөлмөрийн баатар мэдэв үү? Танай хөрөнгөтөн ертөнцөд хөдөлмөрийн баатар байдаг уу?.. Мэдээж байхгүй. Тэгвэл, Монгол улс хөдөлмөрийнхөө баатрын тоогоор дэлхийд Оросын дараа хоёрт ордог гүрэн. Тэгэхэд та Монголд хөдөлмөр хийдэг хүн байна уу? гээд байдаг та мөн ч улс төрийн боловсролгүй яа гэж үхтэл нь ёжлов.

Надтай их адаар гадаад учирсан бололтой. Одон гардуулж буй ёслолыг шоолох янзтай. Миний зэвүү хүрч, УИХ-ын эрхэм гишүүдийн алдарт хурдан хүлгүүдийн уралдаан үзүүлээд,
-Энэ таныхаар ажил бас биш үү? гэвэл, тэрбээр шууд “Биш” гэв.
Гуйлга гуйж суугаа хүн үзүүллээ, аргаа бараад өвгөнтийн архичдыг танилцуулав. Түүнийхээр бүгд ажил биш гэнэ. Сонгуульд санал өгч буй хүн үзүүлэв. Нэр дэвшиж буй босстой гар бариуллаа. Дуу дуулж буй баян тансаг одуудыг танилцуулав. Бүгд биш гэнэ.

Арга нь барагдсан гадаад эцэст нь надаас,

-Ажил хийж буй хүн та бид хоёр олохгүй бололтой. Тэгэхээр та надад монгол хүний хийсэн юмыг үзүүл гэнэ.
Сонгуулийн гоё хайрцаг үзүүлэв. Тэгсэн нь Солонгос улсын бэлэглэсэн хайрцаг болж таарав. Шал угаадаг модоо үзүүлэв. Тэр нь Японд хийсэн эд гэнэ. Гудамжинд байгаа боловсон жорлонгоо үзүүлтэл, бас Солонгосын бүтээгдэхүүн аж. Туул голын хогийг түүж яваа залуусыг танилцуултал, дандаа японы оюутнууд байна. Эцэст нь барилга барьж байгаа хүмүүс дээр нөгөө муу гадаадыг чирээд очсон нь тэнд дандаа хятад барилгачид ажиллаж байв.
Тэгтэл бид хоёрын нүдэнд сарзгар муу модон хашаагаа гаднаас нь будаж буй хэсэг хүн өртлөө.
-За эрхэм минь, энэ ажил биш үү? гэвэл, тэрбээр арга буюу “Ажил мөн” гэж эцсийн эцэст зөвшөөрөв.

Гэтэл хашаа будаж буй хүмүүс маань Солонгосын нэг дээд сургуулийн багш, доктор профессорууд болж таарлаа.
-Хашааны эзэн монгол энэ үед юу бүтээж байна? гэж нөгөө гадаад чинь шургуутаж, хоёр банзны завсраар дотогш шагайвал, хашааны эзэн согтуу монгол өөдөөс нь хамаг байдгаа гаргачихсан хашаа руугаа шээж зогслоо.
Нөгөө гадаад ноён баяртайгаар инээж,

-Эцсийн эцэст ажил хийж буй монгол хүн нэгийг харлаа. Энэ хүн өөрийнхөө өмнөөс бусдаар шээлгээгүй хойно ажил хийж буй хэрэг мөн. Өөрөөр хэлбэл, энэ хүн өөрөө өөртөө үйлчилж байна гээд хашаа руугаа саригчийн зургийг авлаа.

Ёох, арай гэж нэг юм ажил хийж буй монголтой таарчээ.

Ц.Доржготов
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш