logo
 З.Энхболд:-Бид олон улсын стандарт, хууль, эрх зүйн хүрээнд  ажиллах нэгхэн шаардлагыг л та бүгдэд тавина

З.Энхболд:-Бид олон улсын стандарт, хууль, эрх зүйн хүрээнд ажиллах нэгхэн шаардлагыг л та бүгдэд тавина

2013/03/28
Канадын экспортын хөгжлийн агентлагийн ажилтай танилцсаны дараагаар УИХ-ын дарга З.Энхболд Канадын бизнесийн төлөөллийнхөнтэй уулзсан юм. Энэ уулзалтад Канадын томоохон хөрөнгө оруулагч компаниудын төлөөлөл, тухайлбал “Изинес” компанийн нислэгтээ ашиглаж буй нисэх онгоцыг нийлүүлсэн “Bombardier“ болон манайхны сайн мэдэх “Centerra gold” компаниудын удирдлагууд хүрэлцэн иржээ. Мөн манай улсад шинээр манай улсад хөрөнгө оруулалт хийх сонирхолтой байгаа компаниуд оролцож үйл ажиллагааныхаа талаар танилцуулсан байна.


   Энэ үеэр УИХ-ын дарга З,Энхболд “Монгол Улсын зүгээс олон улсын стандарт, хууль, эрх зүйн хүрээнд ажиллах нэгхэн шаардлагыг л та бүгдэд тавина. Үнэндээ манай улсын Өвөрхангайн Уянга, Архангайн Цэнхэр, Заамар гээд гадны хөрөнгө оруулагчдын хийсэн сөрөг жишээ олон байна. Тэд Монголоос алтыг нь аваад авдрыг нь сэндийлж хаяад гараад явчихдаг. Бас гадныхан өндөр цалин аваад, монголчууд бага цалин авдаг. Ийм хөрөнгө оруулалтыг монголчууд хүсэхгүй. Бид ч гэсэн хууль эрх зүйн орчноо тодорхой, цэгцтэй, бодлоготой болгоё. Та бүхэн ч гэсэн яг хуулийн хүрээнд ажилла” гэлээ.

  Уулзалт дээр Bombardier” компанийн захирал Тед Алли Монголын агаарын тээврийг хөгжүүлэхэд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн бол “Centerra gold” компанийн хуулийн ерөнхий зөвлөх Фрэнк Херберт “Манай компани Монголд үйл ажиллагаа явуулаад олон жил болж байна. Одоо манай үндсэн ордын нөөц дуусч байгаа. Иймд өөрийн ордыг ашиглахад хөрөнгө оруулалт хийх сонирхолтой байна. Ашиглалтын хоёр лиценз авсан. Харамсалтай нь “Урт нэртэй” хуулийн нөлөөллөөс болоод энэ хоёр зөвшөөрлөө ашиглах боломжгүй болсон. Хэрвээ Монгол Улс стратегийн ач холбогдол бүхий орд газрууддаа тусгайлан зориулсан хууль батлавал “Гацуурт” компанитай хамтран авсан хоёр ордоо ашиглах боломжтой болно. Тиймээс бидний зүгээс хууль эрх зүйн тодорхой орчинг хүсч байна” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

  УИХ-ын дарга З.Энхболд “Бидэнд дотооддоо шийдэх маш их асуудал бий. Гадны хөрөнгө оруулалт, технологигүйгээр манай газар доорх баялаг байсан чигээрээ л үлдэнэ. Бид хүмүүсээ цалинтай, ажиллах таатай орчинд ажиллуулахыг эрмэлзэнэ. Энэ бол татварын орлогоос гадна Монголын Засгийн газрын харж байдаг зүйл. Би энэ асуудлыг “Петро чайна” компани дээр очихдоо хэлсэн. Одоо Рио Тинтод хандаж хэлж байна. Энэ нь Монголд хөрөнгө оруулж байгаа бусад компаниудад ч хамаатай юм” гэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш